Р.Анхням: “Чонон сүлд” Оскарын 2016 оны хамгийн их хүлээлттэй киноны нэг болоод байна

Twitter Print
2015 оны 02-р сар 24-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

2004 онд хэвлэгдэж, 2005 ондоо хятадын шилдэг зохиолоор шалгарсан БНХАУ-ын зохиолч Жан Руны “Чонон сүлд” Монголыг оролцуулаад дэлхийн 32 хэл дээр хэвлэгджээ. Энэ номоор Францын найруулагч Жан Жак Анно кино бүтээн дэлхий нийтэд нээлтээ хийгээд удаагүй байна. Оскарын шагналт найруулагч Жан Жак Анног монголчууд “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” киногоор нь сайн мэдэх билээ. “Чонон сүлд” киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Р.Анхням, Бэсин Зябу нар тоглосон юм. Ингээд жүжигчин СТА Р.Анхнямыг GoGo.Cafe буландаа урьсан юм.

МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХҮН ЁС ЗАНШИЛ, ЗАН ҮЙЛЭЭ ХЭНЭЭР Ч ЗААЛГАЛГҮЙ ХИЙДГЭЭРЭЭ ДАВУУ ТАЛТАЙ

-Хятад болон Өвөрмонголын олон алдартай жүжигчин бүсгүйчүүд шалгаруулалтад орсон гэнэ лээ. Гэтэл Галсмаагийн дүрд тэр олон хүнээс Таныг сонгосны учир нь юу юм бол оо?
-Би монгол хүн гэдгээрээ давуу байсан. Монгол эмэгтэй хүн гэдэг морь унана, үнээгээ саачихна. Ёс заншил бүхнээ хэнээр ч хэлүүлэлтгүй бас заавал судлаад байх шаардлагагүйгээр мэднэ. Найруулагчийн хувьд Галсмаа гэдэг хүний дүрийг дотроо төсөөлчихсөн байгаа. Тэр төсөөлөлд нь илүү дөхсөн байх.

-“Чонон сүлд” романыг дүрийн шалгаруулалтад орохоосоо өмнө мэдээж уншсан байсан байх. Гэхдээ миний сонссоноор их олон хүн энэ романыг дуусгаж чадалгүй дундаас нь орхисон талаараа ярьж байсан?
-Зохиол нь дунд хэсэгтээ орохоор бүр ч их унших сэдэл төрүүлсэн, сонирхолтой. Би бол нэг бариад л гурван өдрийн дотор уншиж дууссан. Номынхоо өмнөтгөл дээр “энэ зохиолоор Францын нэрт найруулагч Жан Жак Анно кино хийх гэж байгаа” гэж бичсэн байсан. Мэдээж би жүжигчин хүн учраас “Галсмаа гэх гол дүрийн эмэгтэйнх нь дүрд тоглодог сон бол” гэж бодож, төсөөлж Галсмаагийн дүр дээр илүү анхаарал өгч уншсан. Гэхдээ зохиол дээрээ Галсмаагийн дүр цөөхөн гардаг юм.

-Трэйлерийг нь хараад их олон чоно тоглуулж дээ гэж бодсон. Зохиол нь ч угаасаа энэ талаар. Таны бодлоор чоно, хүн хоёр хэр зохицмоор, юугаараа адилхан санагдсан бэ?
-Чоно бол тэмцэгч. Байгалийн хүчин зүйлстэй, хүмүүстэй тэмцэнэ. Чоныг зүв зүгээр давхиад явж байхад нь л хүн таарахаараа ална гээд дайраад байдаг. Яагаад тэгдэг юм бэ. Тэр бидэнд ямар буруу зүйл хийв. Тэгэхээр бүх насаараа тэмцэж амьдардаг энэ амьтныг бодохоор бас их өрөвдмөөр. Нүүдэлчин ард түмэн ч гэсэн бас л тэмцэгчид. Байгалийн хүчин зүйлстэй тэмцэнэ. Амьдралаа тэмцэж бий болгодог. Үүгээрээ төстэй юм. Номон дээрээ ч нүүдэлчид болон чононууд бие биеэсээ суралцаж амьдардаг гэж гардаг.

-Зөндөө олон чоно, тэгээд баахан эрчүүд дунд ганц эмэгтэй байгаа энэ харьцаа их сонин. Таны бодлоор тэр эмэгтэйгээр юуг илэрхийлэхийг зорьсон юм бол?
-Хайр энэрэл, гэрэл гэгээ юм болов уу. “Жинхэнэ монгол эмэгтэй ямар байдаг вэ гэдгийг л гаргаж ирээч” гэж найруулагч маань надаас хүссэн. Би чадлынхаа хэрээр л тоглосон. Дэлхий даяараа нээлтээ хийж, олон оронд гарах энэ киног үзсэн хүн монгол эмэгтэйн дотоод мөн чанарыг энэ дүрээр харах нь. Үүнийг яаж харуулах вэ гэж нэлээд их толгойгоо гашилгасан. Миний жил хагасын хөдөлмөр юм уу даа.

-Галсмаа гэж ямар хүн бэ?
-Энгийн л нэг малчин, монгол эмэгтэй.

-Трэйлерүүдийг нь харж байхад Галсмаа тэгж их яриад байдаггүй юм билээ. Жүжигчин хүний хувьд үг хэлэхгүйгээр дүрийнхээ мөн чанарыг илэрхийлж гаргана гэдэг тун хэцүү байх?
-Хүн ер нь юу ч ярихгүй атлаа цай ууя, хоол идье гээд наад захын хүслээ илэрхийлэхэд төвөгтэй. Тэгэхээр жүжигчний хувьд бүхэл бүтэн дүрээ гаргахын тулд ярихгүй байх тусмаа л хэцүү.

МОНГОЛЧУУДАД ЭНЭ КИНО ТААЛАГДАНА ГЭЖ БОДОЖ БАЙНА

-Олон улсын кино шүүмжлэгчид “Чонон сүлд” кинонд хэр хандаж байна. Тэр талаар сонирхсон уу?
-Яг үнэнийг хэлэхэд би их завгүй байгаа болохоор ойрд мэдээлэл олж уншаагүй л байна. Гэхдээ хүмүүсийн хандлага, сонирхол "Чонон сүлд" рүү хандчихсан байгаа. 2016 оны Оскарын хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонд орчихсон яваа гэж Жан Жак найруулагч ярилцлага өгөхдөө хэлсэн байсан.

-Энэ жилийнх үү?
-Үгүй ээ, ирэх жилийн.

-Энэ кино монголчуудад таалагдах болов уу, Та юу гэж бодож байна?
-Таалагдана гэж бодож байна.

-Яагаад?
-Энэ кинон дээр монгол хүн, чоно, тэнгэр гурав салшгүй холбоотой. Монголчууд бол тэнгэрийн хүмүүс гэдэг утгыг гаргасан. Чоныг ингэж гайхамшигтай тоглуулсан киног би лав өмнө нь үзэж байгаагүй. Өвөрмонголчууд ч үүнд их сэтгэл дүүрэн байна лээ.

"Чонон сүлд" киноны нээлтийн үеэр Өвөрмонголын жүжигчин Баасангийн хамт

-Хятад хүн монголчуудын, тэр дундаа бүр Монгол ёс заншлын талаар бичсэн гэхээр сонин санагдаад байсан. Эндээс зөрчилдөөн харагдсан болов уу?
-Надад бол хятад хүн биднийг аль өнцгөөс нь харж, юу гэж бичсэн байна гэдэг нь сонирхолтой санагдсан.

-Тэгэхээр франц, хятад гэх хоёр өөр улсын уран бүтээлчид монголчуудыг яаж харсан байна?
-Манай найруулагчийн хувьд “би монгол ёс заншил, монголын ард түмнийг чин сэтгэлээсээ биширдэг. Би энэ киног хийхийн тулд маш их судалгаа хийсэн” гэж хэлдэг. Гэхдээ чи бид хоёр францад очоод француудын тухай кино хийлээ гэхэд яаж ч судалсан заавал алдаа гаргаж л таарна. Бид хэчнээн судалсан ч франц хүн болчихгүй, тухайн үндэстний мөн чанарыг угт нь тултал мэдэж чадахгүй. Тоглосон хүнийхээ хувьд монгол хүн учир “гэрээ тэгж барьдаггүй, малаа ингэж хотлуулдаггүй, үнээгээ ингэж саадаггүй” юм гэж санаагаа хэлэх үе гарч байсан. Гэхдээ найруулагч маань хэлэхдээ ''энэ бол үндэстний тухай биш ээ, чоно болоод хүн байгалийн тэнцвэрт байдлийн тухай кино юм аа''гэж хэлсэн. Гэхдээ бүр  нэг их болохгүй, монгол хүнийг гутаан доромжилсон хэсэг бол огт байхгүй л дээ.

-Зассан хэсгүүдээсээ нэгийг нь сонирхуулаач. Хоёрдугаар сарын 27-нд нээлтээ хийх энэ киног үзэгчид “Анхням энэ хэсгийг зассан гэсэн шүү. Яаж зассан юм бол” гээд л тэсэн ядан хүлээж үзэх байх.

-Галсмаа чонын бэлтрэгийг тэнгэрт өргөдөг хэсэг байдаг. Эмэгтэй хүн амьтны зулзагыг үгүй хийнэ гэдэг аюултай хэрэг шүү дээ. Ялангуяа эх хүн бол тэжээхийг л бодно уу гэхээс алж устгахыг бодохгүй. Энэ дээр би найруулагчтайгаа зөрчилдөж “найруулагч аа, энэ хэсэг надад их харгис санагдаад байна” гэсэн чинь “наад хэсгийг чинь оруулснаараа харин би энэ байгалийн тэнцвэрт байдлыг нүүдэлчин ард түмэн ингэж хадгалдаг юм аа гэдгийг үзүүлэх гээд байгаа хамгийн гол хэсэг” гэлээ. Яах вэ, гэж маш их бодож, шаналж бараг долоо хоногийг өнгөрүүлсэн. Тэр хугацаандаа өдөр бүр л найруулагчаасаа “та энэ хэсгийг сольё гэж бодож байна уу, засъя гэж бодож байна уу” гээд л асуугаад байлаа. Тэр бүрт л “no” гэдэг л хариу авна. Тэгээд Г.Аким гуай руу мэйл бичсэн. “Аким гуай би Анхням байна аа. Монгол эмэгтэй хүн чонын бэлтрэгийг тэнгэрт өргөж байсан ийм түүх, тохиолдол бий юу” гэж асуусан. Г.Аким гуай “хэзээ ч монгол эмэгтэй хүн амьтны зулзагыг алах ёс байдаггүй. Би чамд нэг зальтай арга зааж өгье” гээд өмнө нь хэлэх үг хэлж өгсөн.

Тэгээд найруулагчдаа “Би их судаллаа. Тэгсэн өмнө нь нэг ийм үг байдаг гэнэ. Ийм үг хэлье” гэж байж арай зөөллөсөн. Сүүлд нь киногоо үзтэл харин логикийнхоо хувьд хүний сэтгэлийг өвтгөсөн тийм айхтар зүйл байхгүй л юм билээ.

-Кинонд тоглох чонын бэлтрэгийг авч тэжээснээс эхлээд нийтдээ долоон жилийн хугацааг зарцуулсан гэдэг. Үнэхээр ч цөөнгүй чоно харагдана лээ. Таны хувьд чононуудтай хэр ойр байв?

-Надад чонотой зодолддог хэсгийн зураг бий. Чонын бэлтрэгтэй хамт байгаа зураг ч бий. Гэхдээ жүжигчин бүр тэр чононуудтай ойрхон байж, харьцаж болдоггүй юм билээ. Яг л сургасан хүнээрээ дамжуулна. Их нарийн, амьтдаа яг л хүүхэд шиг хайрладаг.

-Зураг авалтын ядахдаа ганц хоёр хэсгийг нь ч гэсэн Монголд авч болоогүй юм байх даа гэж бодож байлаа?
-Зураг авалтуудыг Бээжин, Шилийн хот, Улгай гэдэг газруудад авсан. Нэг нууц дэлгэхэд, тэнд зээр орж ирэхгүй байсан. Тийм болохоор монголд ирж Сүхбаатар аймагт хэсэг зээрний зураг авсан.

-Зураг авалтын хувьд олон улсын баг, манай Монголын уран бүтээлчид гээд өөр л байгаа байх. Гэхдээ заавал мөнгө зарцуулахгүйгээр тэднээс суралцах юм юу байна?
-Цагийг л чанд баримталдаг юм билээ. Тэдний өдөр тийм зураг авна, тэр өдөр цаг агаар нь тэд байна, зураг авалтад төчнөөн цаг зарцуулна гэдгээ нарийн зааж, яг тэр дагуу л зургаа авдаг.

БИД ХОЙЧ ҮЕДЭЭ УУХ Ч УС ҮЛДЭЭХГҮЙ ЮМ ГЭЖ ҮҮ?

-Кинон дээр өөрөө Өвөрмонгол аялгаар яриад байх шиг байсан?
-Аялга гэдэг чинь их төвөгтэй юм билээ. Би яаж ч өвөрмонгол аялгаар ярьсан яагаад ч болдоггүй. Миний хятадаар ярьж байгааг хятад хүн сонсохоор солонгос хүн хятадаар ярьж байгаа юм шиг сонсогддог юм гэсэн. Өвөрмонгол аялгыг бодвол минийх арай хатуу сонсогддог гэх юм уу. Кинон дээрээ би хятадаар ярьж тоглосон. Киног хийсний дараа их олон шалгуураар орж "Үзэмчин эмэгтэй юм чинь үзэмчинээрээ л ярьсан нь дээр" гээд өвөрмонголоор ярьдаг хэсгийг өвөрмонгол эмэгтэйгээр ам бариулсан.

-Жүжигчин найруулагчидтайгаа ойлголцоход хэцүү байсан уу?
-Харин ч их дөхөмтэй байсан. Найруулагч маань өөрөө нээлттэй хүн болохоор ярилцаж ойлголцоход их амархан.

-Найруулагч гэж хүнийг бодохдоо жүжигчдээсээ үг сонсдоггүй загнаад л байдаг хүн юм болов уу гэж бодсон юм

Киноны нээлтийн үеэр найруулагч Жан Жак Анно болон жүжигчдийн хамт

 

-Манай найруулагч бол харилцан ажиллахад их сайхан. Жүжигчний хувьд энэ хэсэгт тоглоход их хэцүү юм байна гээд л санал бодлоо хуваалцаж, зөвлөлдөнө. Тэгэхээр өөрийнхөө үүднээс зөвлөгөө өгч, жүжигчнээ чиглүүлээд өгчихдөг. Тэгэхээр тоглоход ч их амар.

-Гаднын уран бүтээлчидтэй ажиллах, монголчуудтайгаа ажиллах ялгаа бий юу?
-Хэлний л ялгаа гарна. Бусдаар бол адилхан. Аль ч газрын уран бүтээлчид ер нь нээлттэй их сайхан хүмүүс шүү дээ. Харьцахад амар байдаг.

-Хятад хэлийг кинондоо зориулж сурсан уу, эсвэл мэддэг байв уу?
-Би 2008 оноос хойш ихэнхдээ Хятадын кинонд тоглож байна. Суурь мэдлэгтэй.

-Морь унаж, үнээ сааж бол чадна?
-Чадна.

-Хөдөө өссөн үү?
-Уг нь бол хотын хүүхэд л дээ. Гэхдээ багадаа амралтаараа өвөө, эмээгийндээ очдог байсан. Манай өвөө хуучнаар бол Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд төрсөн хүн. Одоогийн Төв аймгийн Баянжаргалан сум. Эмээ маань надад их үлгэр ярьж өгдөг, зүйр цэцэн үгээр хүүхдүүдээ загнадаг тийм ухаантай хүн байж. Өвөө маань өөрөө маш  хөдөлмөрч хүн байсан. "Хүний амьдралд нэг ч бай сурсан юм заавал хэрэгтэй" гээд л хүүхдүүдээ дагуулж ажилд их сургана. “Үнээ саагаад үзчих, одоо гүү саагаад үзчих, сүү хөөрүүлээд өрөм гаргаад аваад сурчих, аарц гаргаад ааруул тавиад үзчих” гээд л бага багаар сургана. Морь унахыг хүртэл өвөө маань зааж өгч байсан. Одоо энэ бүхэн кинонд тоглох бүрийд л дандаа хэрэг болж байдаг.

-Одоо тэгэхээр Анхням ааруул ч хийж чадна гэсэн үг үү?
-Чадна аа. Би ер нь ахуйн ажилд сайн шүү.

-Кино найруулагчийнх нь талаар "Ройтерс" агентлагт гарсан мэдээллээр Өвөрмонголд байгаа олон уурхайнаас болж үүссэн байгалийн тэнцвэрт байдлын алдагдлыг харуулахыг зорьсон гэж байсан. Үнэндээ манай Монгол Улсад ч гэсэн уурхайгүй аймаг гэж бараг алга. Хөдөө нутгаар явахад сайхан байсан бол одоо хэдэн км яваад л жижиг том элдэв уурхай таардаг. Тэгэхээр байгалиа хамгаалах утга бүхий кинонд тоглосон хүний хувьд энэ талаар юу гэж боддог вэ?
-Хүн бүхэн л сэтгэл дотроо эмзэглэдэг байх. Ямар бодлого явуулж байж Монгол Улс хөгжих ёстой юм бол. Мэдээж уул уурхайгаа ашиглах ёстой л байх. Гэхдээ яавал зөв зохистойгоор ашиглаж, байгалиа авч үлдэх ёстой юм бэ гэдгээ бодмоор. Одоо бид байгалиа сүйтгэж, орвонгоор нь эргүүлчихлээ гэхэд хойч үедээ юу үлдээх юм бэ. Уух ч усгүй болгох гэж үү. Их л эмгэнэлтэй юм шүү дээ. Өнөөдрийн энэ их байшин барилга, хөгжил өөд тэмүүлж байгаа бүхний сөрөг талыг бодолцож үзэхэд ч гэмгүй. Мэдээж нүүдэлчнээрээ байя гэсэн үг биш хэдий ч байгаль орчиндоо ээлтэй хөгжлийн талаар ярилцах цаг болсон байх. Сонгууль болохоор бүх зүйлд ээлтэй, бусад үед нь ээлгүй байгаад байж болохгүй биз дээ. Өвөөгийнхөө нутагт очлоо гэхэд бас л уурхайтай. Ан амьтан нь цөөрчихсөн. Багадаа орж тоглодог байсан гол горхи нь ч ширгэж эсвэл улаан, ногоон өнгөтэй болчихсон. Миний хувьд энэ бүхэн маш эмзэг тусдаг. Бид ч яахав, одоо өнгөрсөн. Хойч үеэ яах вэ?

“ТУРШЛАГА” ГЭДЭГ ҮГЭНД БИ ТИЙМ ДУРТАЙ БИШ

-Гаднын жүжигчид их өндөр боловсролтой байдаг. Харин манай жүжигчид?
-Манайхан ч гэсэн ганц СУИС-аар зогсохгүй шүү дээ. Хэд хэдэн хэлтэй хүмүүс ч цөөнгүй.

-Өөрийн чинь хувьд?
-Миний хувьд урлагийн магистр, хоёр хэлийг чадан ядан сурч байгаа. Уран бүтээл хийгээд явж байгаа үедээ бол өөрийгөө давхар хөгжүүлэхээр цаг зарцуулна гэхэд хэцүү. Зориуд зав гаргах л хэрэгтэй болно.

-Гэхдээ жүжигчин хүн ямар нэгэн дүрд тоглох бүртээ л суралцдаг байх?
-Тэгэлгүй яахав. Судална, тэр хүний амьдралаар амьдарна. Амьдралд суралцана гэдэг  том зүйл шиг санагддаг. Ер нь жүжигчний мэргэжил чинь оюуны хөдөлмөр юм шүү дээ. Энэ мэргэжлээр удаан ажиллах тусмаа илүү их мэдэж, илүү их сэтгэлээ зовоодог юм байна. Хэцүү мэргэжил.

-Зүв зүгээр Анхням байж байснаа зураглаач, найруулагч гээд өчнөөн хүний өмнө хоромхон зуурт хувилаад л өөр хүн болж жүжиглэнэ гэхээр их сонин санагдаад байдаг юм. Яаж тэрхэн хооронд шал өөр хүн болж чаддаг юм бол?
-Хүний эзэмшсэн мэргэжил, мэргэшинэ гэдэг чинь л тэр. Тэрний л төлөө сургууль соёлыг нь төгсөж, хэдэн арван жилийг өнгөрөөж байна.

-Туршлага хуримтлуулж байна.
-Туршлага гэдэг үгэнд гэхдээ би нэг их дуртай биш ээ.

-Яагаад?
-Туршлага гэхээрээ зогсчих гээд байгаа юм шиг санагддаг юм. Өмнөх юман дээрээ л суурилаад байна гэсэн үг биз дээ. "Туршлагатай юм чинь яадын" гэдэг болчих гээд байна аа даа /инээв/.

-Хамгийн их хайрлаж хүндэлдэг жүжигчин?
-Өөрийнхөө өмнөх ахмад үеэ бүгдийг нь хүндэтгэдэг. “Тэр таалагддаг, энэ таалагддаг, тэр сайн, энэ муу” гэсэн ялгаа гаргахад дуртай биш. Хайрлаж хүндэлдэг жүжигчин гээд нэрлэнэ гэхээр явцуу болчихоод байгаа юм. Ер нь бид ахмадуудаа өөрөөсөө ч илүү хайрлах ёстой. Яагаад гэвэл тэдний гаргасан жимээр бид явж байна. Өмнө зам гаргасан хүнээ өшиглөж хаячихаад гүйгээд явчихаж болохгүй. Тухайн хүнд хийж бүтээсэн зүйл зохих хэмжээгээр бий. Тэрийг нь л олж харж хүндэтгэх ёстой.

-Хүний муу талыг харах ер нь их амархан байх. Одоо хүмүүсийг их шүүмжлэмтгий болжээ гэж ярьдаг. Ялангуяа урлагийнхныг их шүүмжилдэг байх.
-Олон жил шүүмжлүүлж байна даа. Гэхдээ тухайн хүний нүдэнд тэгж харагдаж байж болно. Шүүмжлэл, доромжлол хоёр гэвч өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Урлагийн, театрын, киноны шүүмжлэгчид жүжигчин, уран бүтээлчдийг хөгжүүлэхийн тулд шүүмжилдэг. Алдаа гарсан хэсгийг нь хэлж, ингэвэл засч залруулж болно гэдэг зөв зам руу хөтөлдөг. Харин доромжлол гэдэг бол засах гээгүй, зөв замд оруулах ямар ч зорилгогүй. Гэвч бас л доромжилж таашаал авдаг хүмүүсийг яалтай.

-Монголд мэргэжлийн шүүмжлэгчид байдаг гэж үү?
-Байлгүй яахав.

-Хаагуур шүүмжээ бичдэг вэ. Жишээ нь би хэвлэлийн хуудаснаас хараагүй.
-Тэр харин жаахан хэцүү болчихоод байгаа юм. Манай СУИС-д энэ анги нээгдсэн.

-Гэхдээ шүүмж гэдэг сургууль төгссөн нэг шавилхан эрийн хийчих ажил биш байх аа?
-Маш хэцүү мэргэжил. Бүх зүйлийг уншиж судлана, шинээр гарах урсгалыг бүгдийг нь судалж байж, “ийм урсгалаас ингэж чиглэсэн, ийм урсгалын бүтээл юм. Энэ урсгалаар ингэж тоглох ёстой, сайн тал нь энэ муу тал нь энэ” гээд харьцуулан шүүмжилнэ гэдэг маш хэцүү. Тэгээд бас юу юугүй бүгдийг нь шүүмжилчихээр хүлээж авах ч хүн байна, авахгүй ч хүн байна. Юм нарийн болж байна шүү дээ. Ер нь бол сайн судлаач шүүмжлэгчид бол байгаа шүү дээ.

-Тэгэхээр шүүмжлэгчид, уран бүтээлчид бие биенийгээ л зорьдог гэсэн үг үү?
-Би жишээ нь Найдангийн Ганхуяг гээд багшийнхаа үгийг их сонсдог. Уран бүтээлийнхээ талаар асуухад манай багш яг л голоор нь хэлдэг. Чаминчулуун багш байна. Яг л чин шудрагаар хэлдэг. Хүн бүрт л тэгж хэлж өгдөг хүн байгаа байх. Судлаачаас дутахааргүй кино судлаач болсон манай ээж, миний нөхөр байна. Эргэн тойрныхноосоо л үнэн үг сонсдог.

ХҮНИЙГ ХАЙРЛАВАЛ ЭРГЭЭД ХАЙР ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ

-Танай гэр бүлийн үнэт зүйл юу вэ?
-Итгэл, халамж, хайр. Бие биенээ хайрлана гэдэг чинь хүний амьдралын хамгийн үнэт зүйл юм.

-Анхням гэдэг хүний өөрийн үнэлэмж ямар вэ. Ямар хүн гэж өөрийгөө боддог вэ л гэсэн үг юм.
-Хүн шиг хүн байх юмсан гэж хичээдэг.

-Хүн шиг хүн гэж яг ямар хүн гэсэн үг вэ?
-Юу гэмээр юм бэ дээ. Жишээ нь хэн нэгэнтэй найз байлаа гэхэд би тэр найздаа хоёргүй сэтгэлээр л хандах ёстой. зовж байсан ч, жаргасан ч хамтдаа л байдаг. Магадгүй найзаа болилоо гэхэд нэгэн цагт найз байсан тэр хүнийг муулаад явах хэрэггүй. Ер нь хүнийг хайрлаж л байх ёстой гэж боддог. Ялих шалихгүй юман дээр үзэн ядах, атаархаж хорсдог тийм зан минийх их бага. Хүн надад муу юм хийсэн байсан ч би их хурдан мартчихдаг. Буцаад надад хандсан ч “энэ намайг ингэсэн” гэж боддоггүй. Хүнийг хайрлавал эргээд хайр ирнэ гэдэгт итгэдэг. Намайг багад ч манай гэр бүлийнхэн алган дээрээ бөмбөрүүлж л өсгөсөн. Бид хоёр ч бас хүүхдүүдээ тэгж хайранд умбуулж өсгөнө л гэж боддог.

-Жүжигчдийг ч нэлээн завгүй эхнэрүүд байдаг болов уу гэж боддог?
-Ажилтай үедээ бол би завгүй эхнэр. Өглөө гараад л шөнө ордог. Хүүхдээ унтаж байхад нь ороод, унтаж байхад нь гараад л явна. Зав л гарвал гэртээ сууж байх дуртай. Гэртээ хоол хийгээд л, суваг сольж, хүүхдүүдтэйгээ тоглоод л, дуртай үедээ унтаад л тийм амралт үнэхээр сайхан. Үргэлж л яарч сандарсан, давчидсан нийгэмд ажилладаг болохоор ийм амралтанд л дуртай. Даанч ийм амралт тийм ч олон олдоод байхгүй ээ.

-Ер нь өөрийг чинь харахад л их тайван дөлгөөн хүн шүү. Амьдрал дээр ч бас ийм үү?
-Тийм. Ер нь л тайван. Үсчээд байдаг хүн бол биш.

-Арванхоёрдугаар сард ярилцлага авъя гэтэл саяхан төрсөн гэж байсан. Кино зураг авалтын үеэр жирэмсэн байсан юм уу?
-Зураг авалт дуусч байхад жирэмсэн байсан. Зураг авалт хоёрдугаар сард дууссан. Би ирээд зургаадугаар сард төрсөн.

-Бас л том гэдэстэй болсон байжээ?
-Харин тийм ээ. Цас орохыг нэлээд хүлээсэн. Тэгээд хоног нэлээн сунжирсан болохоор цастай газраас ачааны машинаар цас авчирч, талыг хучиж дуусгасан.

-Жирэмсний хамгийн хүндрэлтэй үеүдээ л зургийн талбайд өнгөрүүлжээ?
-Тэгсэн. Чонотой ноцолддог зураг авалтан дээр ч бас жирэмсэн байсан. “Би жирэмсэн болохоор энэ зургийг авахуулж чадахгүй” гэлтэй нь биш. Ямар ч байсан зураг авалтаа дуусгасан даа.

-Цагаан сараар гэртээ байх уу. Эсвэл зураг авалттай гээд яваад өгөх үү?
-Зураг авалтаар явж байсан тохиолдол зөндөө. Гэхдээ гэр бүлтэй болсноос хойш цагаан сараар заавал гэртээ байдаг болсон.

-Сар шинийн зан үйлийг эхнэр хүний хувьд дагаж мөрддөг үү?
-Дагаж мөрдөлгүй яахав, монгол хүн юм чинь. Бэлгэ дэмбэрэл шүү дээ. Өглөө босоод цайгаа чанаж, цай сүүнийхээ дээжийг тэнгэр бурхандаа өргөх гээд бүх зан үйлийг дагана. Настай хүмүүстэй өссөн болохоор ёс төрөө хүндэтгэнэ.

-Энэ сар шинээр хөдөө явах уу?
-Нөхрийн маань аав Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн байсан. Нөхөр маань бас тэнд томилолтоор ажиллаж байгаа. Сүхбаатарт төрөөгүй ч ах дүү шиг болсон хүмүүс зөндөө байгаа болохоор очиж золгоно. Мэдээж эндээ хоёр ээжийндээ цагаан сараа өнгөрөөнө. Ах дүү хамаатан саднаараа золгож, шинэ хүнээ танилцуулна. Олон ажил бий.

-Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа. 

Сэтгүүлч О.Ариунбилэг, www.gogo.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • эмэгтэй

      (182.160.33.87) 2015-08-29 00:36
      • 0
      • 0

      энэ монгол хүн гэгч ямар адгийн бүдүүлэг амьтан бэ. Анхнямын амжилтанд баяр хүргэе. Анхнямыг хараах биш, харин Монголчууд бидэнд маш их сургамж авах,юм бодогдуулах кино байна лээ шүү.Залхуу, тэнэг, шуналдаа хөтлөгдсөн ийм арчаагүй байдалтай байгаад байвал ингэж өмхий хужаа нарын боол болохыг байг гэх газаргүй гэдгийг мөнгөнөөс өөр юм бодохоо байсан малнууд минь харин сайн бодож, тунгааж, ухаарах хэрэгтэй шүү. Үр хүүхдээ ийм байдалд оруулахгүйн төлөө ухаантай байж, идэж уухын донгоосоо жаахан ангижирч, эх орондоо шударгаар хийж бүтээж, хөгжиж хүчирхэгжмээр байна. Боломж байна.

      Хариулах

    • mongol hun

      (202.72.246.147) 2015-04-16 13:14
      • 1
      • 1

      hogiin kinond togloson muu hujaagiin dewsger umhii hujaa nar mongolchuudiig yaj uusgaj duusgaj huuhniig ni edelj gazar shoroo an amitaniig ni ustgaj bga tuhai kini bid owormongoliig ingesen daraaani ta nar gj ar mongolchuudad hamdsan zsahialagt kino teriig ni manaihan shn kino mundag gadaad hun nairuulsan mundag goy geed uzeed bgaani undesnii emgenelshuu 50 ond soyliin huwisgaliin daraa owormongol ail burd tuslah malchin nertei hujaagiin tagnuul hyanagch nar amidarj olon Mongolchuudiig ami nas eruul mendeer ni togloj bsaniig zoololj tuuhiig guiwuulsan oroldlogtoi kino tuuniig ni uuch medehgui hongon hiiswer malnuud uzeed baysaad baidag

      Хариулах

    • Зочин

      (82.224.11.244) 2015-02-24 18:16
      • 0
      • 2

      Franciin aldart kino nairyylagchiin Jean Jacques Arnaudiin xiisen kinond amjilttai togloson jyjigchin Anxhyamdaa yran byteeliin ender amjilt xysie Ene kino Franciin kini teatryydiin delgetsnee 2 sariin 25nd garax gej baigaa

      Хариулах