Япон улсад зорчих нөхцлийг эрс хөнгөвчлөхийг хүслээ

Twitter Print
2015 оны 02-р сар 24-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.24-ний өдөр 10 цаг 10 минутад/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура УИХ-ын дарга З.Энхболдтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр уулзах завшаан олдсонд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр хоёр орны Ерөнхий сайд нарын зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь хоёр орны хоорондын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглэв. Энэ жилийн хувьд Япон, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тун сайхан эхэлж байна.

Учир нь Монгол Улсын 21 аймгийн Засаг дарга нар Япон Улсад ирж туршлага солилцсон. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлал хийсний зэрэгцээ хоёр орны хооронд диломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр та манай улсад албан ёсны айлчлал хийж буй нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж буйн илрэл юм. Өндөр дээд хэмжээний айлчлалуудаас гадна манай хоёр орны ард иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд шинэ шатанд гарч чадсан. Цаашдаа ч Япон Монголын харилцаа бүх шатанд илүү өндөр түвшинд хөгжих боломж их байна. Манай парламентын зүгээс хоёр орны харилцаанд хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ эрхэм таны Япон Улсад хийж буй айлчлалын үеэр онцлон тэмдэглэе хэмээн Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура хэллээ. 

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын парламент улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэлээ. Монгол, Японы харилцааны хөгжилд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим, түүний гишүүд, парламент дахь Либерал Ардчилсан намын М.Хаяаши гишүүн тэргүүтэй Япон, Монголын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж ирсэн. Хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Японы харилцаанд  итгэлцэл бэхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа УИХ-ын дарга уулзалтын үеэр хэлж байв. Монгол Улс аж үйлдвэр, дэд бүтэц, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын үйлдвэрлэлд японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Япон Улсын дэмжлэг туслалцаа нэн чухал бөгөөд энэ чиглэлд та дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэж байна.   Саяхан Монгол Япон хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээр нь технологи шилжүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааны үндсийг тавихад чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын дарга онцлов.

Хоёр орны харилцаанд иргэд хоорондын харилцаа, солилцоо чухал үүрэг гүйцэтгэж буй бөгөөд монгол иргэдийн Япон Улсад зорчих нөхцлийг эрс хөнгөвчлөх, улмаар иргэдийг визээс чөлөөлөх чиглэлд японы тал тодорхой арга хэмжээ авна гэдэгт найдаж байна. Энэ асуудал  хоёр орны Ерөнхий сайд нарын хэлэлцээ болон парламент дахь ЛАН-ын Япон, Монголын бүлгийн гишүүдийн манай Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр хөндөгдөж, хоёр тал эхний алхам болох арга хэмжээнүүдийг авч эхэлж буйд баяртай байна.  Монголын тал нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Япон Улсаас дэмжлэг авах, Японы Засгийн газрын тэтгэлэгээр Японы их дээд сургуульд инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог улам нэмэгдүүлэх  хүсэлтэй байна. Монгол, Японы харилцаа олон улсын тавцанд ч хөгжиж, харилцан бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж буй Япон Улсын хувь нэмрийг манай улс үнэлж, НҮБ-ын шинэчлэлийн асуудал болон Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх Япон Улсын хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжинэ гэдгийг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Н.Мачимураг Монгол Улсад айлчлан ирэхийг урилаа.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцлаа. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.