Бестселлер болж буй шилдэг 10 ном

Twitter Print
2015 оны 02-р сар 23-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Номонд дурлагсдад зориулан "Интерном" дэлгүүрийн бестселлерт орж буй 10 номыг уншигч та бүхэндээ танилцуулж байна. 

1. Эвтэй дөрвөн амьтан

Эрт урьдын цагт хараа булаам үзэсгэлэнт ойд тагтаа, туулай, сармагчин, заан дөрвөн амьтан олон жил хөрш зэргэлдээ амьдран сууж иржээ. Тэд нэгэн өдөр саглагар том модны доор цугларан элдвийг ярилцан суутал тэр модны орой дээр амтат улаан жимс ургасан харагдаж гэнэ. Тэд жимсийг авч идэхээр элдвээр оролдож гарчээ. Сармагчин мод руу дүүлэн очсон боловч арай л жимсэнд хүрсэнгүй. Гэтэл туулайны хувьд тэрхүү жимсийг авна гэдэг санасны ч гарз байлаа...

2. Судасны чимээ, Г.Аюурзана

Нэгэн эр домогт алтан бурхнаар өвчилжээ. Шунал эдгэрдэг үү? Нэгэн зохиолч хаа ч байхгүй зохиомол түүхээр өвчилжээ. Этгээд гаж санаа эдгэрдэг үү? Бүсгүй багынхаа дурлал руу буцан ирэхийн тулд хорь гаруй жил шаналжээ. Хайр сэтгэл эдгэрдэг үү?

"Судасны чимээ" романд Монгол үндэстний соёлын онцгой өв болсон уламжлалт бариа засал, эм эмнэлгийн сэдвийг орчин цагийн амьдралтай уялдуулж, хувь тавилан, учир шалтгаан, эрт эдүгээгийн сэтгэлгээний харилцан шүтэлцээ зэрэг ойлголт өнөөгийн хүний сэтгэлзүйд хэрхэн тусч буйг харуулжээ.

3. Чонон сүлд, З.Рун

Энэ номонд эгэл жирийн амьдралын өгүүлэмж, хүн байгалийн хүйн холбоо, амьтан хайрлах ухаан, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах монгол ухаан, малчин хүн чоно хэмээх араатныг агнаж авлахын зэрэгцээ, хэрхэн найзалж нөхөрлөж чаддаг тухай, энэ амьтныг бишрэн шүтэж сүлдлэн дээдэлж, зэрэгцэн оршиж амьдардаг тал нутгийнхны өдөр тутмын хэмнэлт амьдрал, амьдрах арга ухааныг дүрслэн гаргажээ. Эл ном нь Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан бөгөөд "Чонон тотем" нэрээрээ ихэд алдаршжээ.

4. Нойрсож буй гүнж

Урьд нэгэн цагт хаан хатан хоёр амьдарч байжээ. Тэд үр хүүхэдгүй байсан бөгөөд хамаг итгэл найдвар нь алдагдаад байх үед нь нэгэн охин мэндэлжээ. Баярлаж хөөрсөн хаан, хатан хоёр охиндоо зориулан өргөн найр хийв. Энэ найранд хаант улсын хамаг л хэргэм зэрэгтэй хүмүүс, түүнчлэн шидэт дагинас хүртэл уригджээ. Уригдсан зочид ширээнд суух мөчид ордны хаалга хүчтэй онгойж хөгшин шидтэн орж ирэв...

5. Өрнийн зурлага - 2015

Гараг эрхэсийн хөдөлгөөн, орчлон ертөнцийн таталцал, нар сарны нөлөөллөөс шалтгаалан хүн төрөлхтөн өдөр, цаг, минут тутамд өөрчлөлт, хувьсал дунд амьдардаг. Бодит гэхээсээ илүүтэй бидний далд мэдрэхүйтэй харьцдаг тэдгээр өөрчлөлт, хувьсалыг олж мэдсэнээр амьдралд гарах олон саад бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлж, бас аз жаргалыг илүү ихээр мэдрэх боломжтой. Хүний өдөр тутмын амьдралд тохиолддог эрүүл мэнд, ажил үйлс, мөнгө санхүү, хайр дурлалын олон ээдрээт асуудлуудаас урьдчилан сэргийлэх, түүнийг хялбар аргаар даван туулах арга зам, зөвлөгөөг энэхүү өрнийн зурлага та бүхэнд олгоно.

6. Сорхугтани, Б.Сарантуяа

Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Найман зууны тэртээ Сорхугтани хатны эгэл хүмүүний амьдралаар амьдарч, зовлон жаргалын дундуур явсан бахдам түүх, найман зууны дараа уран зохиолын хэлнээ буун уншигч авхай танаа хүрч байгаа нь магад тэрбээр мөнх тэнгэрээс өөрийн зөвшөөрлөө илгээсэн хэрэг биз ээ.

7. Монголчууд, II: XVII-XX зууны эхэн үе, С.Чулуун

Монголчууд бид өөрийн өнгөрсөн түүхээ танин мэдэх, баримт хэрэглэгдэхүүн, эд өлгийн зүйлсийн учир зүйг ухаарч ойлгох, эх түүхийн мэдлэгээрээ бие биенээсээ дутахгүй байхыг хичээдэг билээ. Тэгвэл эрхэм уншигч та бүхэнд XVII-XX зууны эхэн үе хүртэлх бүтэн гурван зууны түүхийг тодорхой хэмжээнд багтаасан энэ үед хамаарах баримт, гэрэл зураг, өв соёлын дурсгалуудын зурагт бүтээл очиж байна. Энэ 300 жилийн түүх зөвхөн бидний Монголчуудын дээдсийн түүх бус Оросын эзэнт улс, Манж Чин гүрний гэсэн гурвалсан харилцаанд оршиж байсныг та эндээс мэдэх боломжтой юм. Мөн манжийн үед Монголчуудын дотоод болон гадаад ертөнц юу болж хувирсан, хэрхэн бусдад эзлэгдсэн, Монголчууд энэ хугацаанд бодит байдал дээр хэрхэн оршин амьдарч байсныг уг номын хуудсууд харуулах болно.

8. Тасдаж үл болох сарнай, Б.Эрхэмбаяр

Хүний амьдрал хайраас эхтэй шиг уншигч таны гар дээр хүргэж буй “Тасдаж үл болох сарнай” ном хайрын олон өнгийг танд хүргэх болно.

Хүн чанар, нандин эрхэм сэтгэл юунаас ч илүү үнэтэй болсон энэ цаг үе дор ариун хайр сэтгэл, журамт гэр бүл аз жаргалтай амьдралын эх гэдгийг би энэхүү номоороо уншигч түмэндээ хүргэхийг зорьсон билээ. Номын баатруудын амьдралын дэнс дээрх алдаа оноо, эрхэм нандин сэтгэл, гэгээн хүсэл мөрөөдөл, Уншигч таны сэтгэлд ухаарал, урам зориг, эрч хүч хайрлаж, таны зүрх сэтгэлдээ ургуулсан хайр “тасдаж үл болох сарнай” мэт дэлгэрэх болтугай.

Тэрээр эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, банк санхүү, эдийн засгийн чиглэлээр голлон нийтлэлүүдээ бичдэг. Эмэгтэйчүүд, залуу бүсгүйчүүдийн хувь хүний хөгжилд зөвлөмж болох "Сайхан төрөх санааных" номоо 2014 онд хэвлэн нийтлүүлж уншигчдын хүртээл болгосон.

“Тасдаж үл болох сарнай” хэмээх энэхүү өгүүллэгийн түүвэр нь түүний утга зохиолын төрлөөр туурвисан анхны бүтээл нь юм.

9. Ногоон Нүдэн лам, Ц.Оюунгэрэл

Уг номыг Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр цаг үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ.

10. Өөдөө тэмүүл, Ш.Сандберг

Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал буюу хоёр дахь гол хүн, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэ ном 2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк Таймсын Бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар “Оны бизнесийн шилдэг ном”-оор нэрлэгдэн, одоогийн байдлаар 30 гаруй орны хэлээр хэвлэгдээд байна.

Ш.Сандберг энэхүү номондоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дууджээ. 

Зохиогч эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.