Дэлхийн дуучин Норовбанзадыг Дэрэнгийн талд дуулуулсан нь

Twitter Print
2015 оны 07-р сар 12-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

Одоогоос 13 жилийн тэртээ Дундговь аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж уугуул нутгаа зорьсон Улаанбаатарын суугуул иргэд их багагүй хөл хөөрцөглөн нутгаан зорьцгоож билээ. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12-р сарын 11-ны өдрийн 81-р тогтоолоор, Дундговь аймаг байгуулагдаж эдүүгээ 60 насыг зооглоод буй учир аймгийн ойн баяр наадам ямар болох нь ойлгомжтой. 

Дундговь аймгийн харъяат хөгжмийн зохиолч Урлагийн гавъяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуяг (манай хөрш) бид хоёр наадмын урд өдрийн өглөө Яармагийн товчоогоор гарч явтал, Аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга Жамбалын Наранцацралт Дундговиос залгаж, Норовбанзад гуай, Хайдав гуай хоёр нутгийн зөвлөл дээр байна, унааны боломж байвал аваад ирээч гэв. 

Хоёулхнаа явах гэж байсан бид уухайн тас зөвшөөрөв. Баянгол дүүрэг дэх Газрын Бодлогын хүрээлэнгийн 1-р давхарт байрлах Нутгийн Зөвлөл дээр яаран очиж хоёр ардын жүжигчинтэй уулзвал, Норовбанзад  гуай  би настай хүн хол замд, хээр хөдөө бууж суухад түшиж тулах, аймаг оронд очиход хэл, хөл болох хүн хэрэгтэй,  Баярмаа  (Аймгийн Нутгийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга) хамт явахгүй бол би явахгүй гээд хөдөлсөнгүй.  

Баярмаа Нутгийн зөвлөлийн арын албыг дааж үлдээд байгаа тул Улаанбаатарт суугаа Дундговиос төрсөн хөдөлмөрийн алдартнууд, урлагийн мастеруудаа бөөнд нь явуулах гээд ажил ихтэй, орж гараад зав чөлөө муутай. Хайдав гуай Норовоо явахгүй бол би ганцаараа яаж явдаг юм гээд бас гэдийчихэв.

Мандалын говьд, маргааш өглөөний мандахын улаан нарнаар аймгийн баяр наадам Норовбанзад  гуайн  дуугаар эхлэхээр хөтөлбөрт нэгэнт бичиглэгдэн, нийтэд тараагдсан тул их дуучингүйгээр наадам хэрхэн ямар болох нь ойлгомжтой. 

Бид арайхийн асуудлаа зохицуулаад хөдлөхөөр болов. Хайдав гуай машины арын суудалд тухлаад, Норовоо чи урд талын суудалд суучих гэж найр тавьбал, гавъяат Алтанхуяг энэ суудал  анхнаасаа л минийх, та нар бол замд дайгдаж байгаа улс, би юу гэж ард суудаг юм гээд хөдөлсөнгүй. 

Норовбанзад гуай уртын замд хол ойрыг харан явахад хойд талын суудал зүгээр байдгийм гэснээ, Баярмаагаар тохойноосоо дэмнүүлсхийн залуу хүн шиг сэвхийн машинд суув. Ийнхүү томчууд учраа олж манай аялалын баг Улаанбаатараас нутгийн зүг хөдөллөө.

НЭГЭН ЗУРЛАГА: Одоогоос 40 гаруй жилийн өмнө Дундговь аймгийн төвд Барилга Конторын өмнө талд байрлах барилгын байранд хашаагүй задгай айлууд хаяа дэрлэн  амьдардаг байв. 

Зуны өглөө манайтай хөрш болон нэгэн шинэ айл ирж буулаа. Гэрийн эзэн Амаасэрээтэр хэмээх 30 гаруй  насны  өндөр биетэй, тогтуун зантай, Барилга конторт жолооч хийдэг хар хүн, гэрийн эзэгтэй Сожоо гэгч ааш аяг сайтай, намхавтар эмэгтэй, хүү нь Өлзийдүүрэн гэж миний үеийн эрх нь дэндсэн шар бандитай айл байв. 

Хүүтэй нь би эхний өдрөөс танилцан тоглож,  оровч гаравч хамт салдаггүй  хоёр  болон хувирав. Хар багын анд Өлзийдүүрэн (би Дүүрэн гэнэ) бид хоёр 50 шахам жилийн турш үй зайгүй найз хэвээр л явна. Амаасэрээтэр гуай өөрөө Зил 130 машин барьдаг, холын тээвэрт хот хүрээ их явна. 

Энэ айлд би шоколад, мөхөөлдөс, хиам зэрэг хотын амттаны нэрийг анх сонсож, амталж мэдэрсэн дээ. Амаасэрээтэр гуайн үүд хаалгыг би онголзуулан тэдний хүүхэд шиг өдөрт өчнөөн орж гарна. Тэднийх хүүхдүүдээс огт төвөгшөөдөггүй, ёстой зан сайтай  айлд хүн цуглардаг, замаг ихтэй нууранд загас, хун чуулдаг гэдэг шиг айл.

Тэр үед ёолкноор (шинэ жилээр) хүмүүс золгодог, айл болгон хүүхдүүдэд бэлэг (“хүүхдийн хувь” гэнэ) өгдөг, хувиа аваагүй бол тэр айлдаа хүүхдүүд аваагүй гэдгээ ойлгуулдаг, тэр айл нь хувиа аваагүй хүүхдийн араас нэхэл дагал болон байж, ёолк өнгөрсөн хойно ч хувийг нь өгч байж санаа нь амардаг байв. Танихгүй хүүхдүүд орж ирсэн ч айлууд дэвтэр, харандаа, чихэр, боов, юухан хээхнээр хувь хүртээнэ. Тэр жилийн ёолкноор Амаасэрээтэр гуайнх орж ирсэн айл хөршийн хүүхдүүдэд хатуу цаасан хайрцагтай дотроо шаргал бийр бүхий усан будгаар хувь хүртээж, бид ёстой магнайгаа хагартал баярлаж билээ. 

Дүүрэнгийн гэрийн баруун хойморын номын шүүгээний дээд талын шилэн хоргонд гоёмсог дээл, малгайтай дуу дуулж буй залуухан сайхан эмэгтэйн зураг байх агаад тэр зураг нүдэнд их л содон тусна. Нэг удаа Дүүрэнгийнд бидний хэдэн хүүхэд шагай тоглож байтал, радиогоор нэгэн эмэгтэй уянгалаг сайхнаар дуулж эхлэв. Гэрт шуугилдан тоглож байсан биднийг томчууд зандран, дуугуй болгоцгоож тэрхүү дууг ихэд шимтэн сонсоцгоов. Дуулж буй тэр хүн бол МУ-ын гавьяат жүжигчин Норовбанзад агаад, Сожоо гуайн төрсөн эгч гэсэн яриаг тэр үед томчуудын амнаас анх удаа сонсов. Өмнө нь бид Дархан аварга Түвдэндоржийн нэрийг мэддэг байсан бөгөөд хүүхдүүд; 

Төв аймагт түймэр гарч
Түвдэндорж аварга 
“Түй” гээд унтраав гэж шүлэглэн хэлдэг  байв. 

Ийнхүү би Түвдэндорж аваргаас гадна Норовбанзад гэдэг улаан фентэй болов. Энэ өдрөөс хойш Дүүрэн байнга Норовбанзад эгчээрээ гайхуулж надад хөөрөлхөх болсон бөгөөд дуучин эгчгүй би нэг хэсэгтээ санаагаар уналаа. Ядаж байхад радиогоор МУ-ны гавьяат жүжигчин Норовбанзад дуулна гэж байсхийгээд л зарлана. Дүүрэнгийн гэрийн номын шүгээний хаалганы дээд шилэн хоргонд байсан тэр эмэгтэй бол дуучин Норовбанзад байсан ажээ.

Нэг удаа намайг дал тариа тариулахаар аймгийн эмнэлэг рүү эмээ маань дагуулан явав. Аймгийн ногоон цэцэрлэгт байгууламж буюу тэр үед бидний хэлж заншсанаар төв саадан дунд өндөр суурь тавцан дээр зогсоод, гараа дээш өргөн пуужин хөөргөх гэж буй залуухан хоёр хүний мөнгөлөг хөшөө баримал байх. 

Өмнө нь тэр хавиар өнгөрөхдөө би энэхүү хоёр хүний баримал ямар учиртай болохыг ойлгохгүй тул их л гайхширдаг байв. Тэгвэл энэ удаа эмээгийн амнаас түүнийг ХӨШӨӨ гэж нэрлэдэг болохыг мэдэж авлаа. 

Мөн хөшөөг их ухаантай, эрдэм номтой, мундаг хүмүүст зориулж босгодог болохыг бас ойлгож мэдэв. Эрдэм номтой, ухаантай, мундаг хүмүүс гэж ямар хүнийг хэлдэг болохыг эмээгээс асуувал, эмээ маань миний хоёр ах зохиолч Надмид, инженер Доржпүрэв шиг хүмүүсийг хэлдэг бөгөөд тэдэн шиг хүмүүст зориулсан хөшөө гэж эмээ нэмж тайлбарлав. Ийнхүү би эрдэм номтой мундаг хоёр ахынхаа хөшөөгөөр гайхуулан Дүүрэнгээс хариугаа авахаар шийдэв. Тэр өдрөөс хойш би мөнөөх хөшөөг хоёр ахын маань хөшөө гэж, хожим сургуульд  ортлоо итгэж явсан билээ. 

Би эмээгээс надад яагаад дуучин эгч байдаггүй, Дүүрэнд болохоор араажаваар дандаа дуулдаг Норовбанзад гэж дуучин эгч байдаг тухай ярьж гомдоллоо. Гэтэл Жанжуугаас манай гэрийнхэн ихэнх нь солгой хоолойтой гэдгийг сонсоод бүүр ч хэрэг бишдэв. Тэр цагаас хойш дуучин Норовбанзад гэдэг нэр миний сэтгэлд одоо цагийнхаар бол холливудын супер од болон хоногшсон юм. 

Хожим би сургууль соёлын мөр хөөж хотод ирсэн цагаас энд тэндэхийн олон арга хэмжээн дээр Норовбанзад гуайг олонтоо хол, ойроос харж явсан боловч энэ удаагийн аялал шиг ойртон дотносож, ярилцаж явсангүй. 

БАС НЭГ ЗУРЛАГА: Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач П.Цэгмид энэхүү түүхийг  надад  хүүрнэсэн юм. 

П.Цэгмид Дундговь аймгаас 1994 оны намар хот орж ирээд оройхон Норовбанзад гуайтай зуслан руу нь явжээ. Хөдөөний номертой  RAV -4  машиныг 100 айл дахь  32–ийн тойрогт замын цагдаа зогсоов. Цэгмид, жолооны үнэмлэхгүй хирнээ тэрэг барьж явсан учир цагдаа журмын хашааруу авч явах болов. Мань зураач хичнээн гуйгаад цагдаа хөдөлсөнгүй. Ингээд  халдав ч хар халзандаа гэгчээр Норовбанзад гуай цагдаагаас гуйвал, цагдаа алдарт дуучинг  дор нь таньж,  за та нэг дуу дуулчих тэгвэл танай машиныг явуулъя гэхэд,

Норовоо эгч, алив хүү чи наашаа ороод ир, уул нь би чам шиг хүүхдийн өмнө дуулах хүн ч арай биш дээ, за яахав,  дүү маань ийм байдалд нэгэнт орчихоод байхад би дуулъя, харин чи хэлсэндээ хүрэх юм байгаа биз дээ гээд тэр үед Өвөр Монголд хийгдэн ихэд алдаршиж байсан “Хилэн хар”  киноны  дууг  ганц бадаг дуулаад цагдаагийн гараас үнэмлэхийг нь шувт татан авч байсан гэдэг. 

БАС НЭГ ЗУРЛАГА: Дундговийг зорьсон аялалын баг даваан дээр гарч ирлээ. Аймгийн ойг зорьсон наадамчдын машины цуваа даваа хүртэл, даваанаас цааших нүд алдам хөндийгөөр тоос татуулан үргэлжилнэ. Бид давааны овоог тойрон ёс үйлдээд, цааш хөдлөв. Би хөгжмийн зохиолч Алтанхуягт жолоогоо шилжүүлээд, Норовбанзад гуайг урд суудалд суугаач гэж урьсан боловч  тэрээр суусангүй. Харин Хайдав гуай уриалгахан нь аргагүй урд суудалд тухлаад авлаа. 

Бид нэлээд яваад замаас гарч аян замын хүнсээ дэлгэн, ганц шил юмны бөглөө мултлан  дөрөө чангалаад хөдлөв. Аймаг хот хоёрын  газрын  дунд  байдаг  Өндөр довын гэр гуанзанд халуун цай уух уу гэж хоёр хөгшнөөс асуувал, Норовбанзад гуай (хотоос гарахдаа авч явсан) гялгар ууттай жимс барьсан гараараа ширүүхэн дохин төвөгшөөнгүй янзтай чигээрээ яв гэж тушаав. Бид хоёр хөгшнөөс элдвийг шалгаан, ахмадууд маань цаараглалгүй хууч дэлгэсээр мөрөө хөөцгөөв. 

Нэлээд халамцсан Хайдав гуай залуухан байхдаа Маршалтай билльярд тоглон хожиж явсан тухайгаа хуучилж, хуучин цагийн брэнд дуунаасаа дуулна. Норовбанзад гуай хүүхэд байхдаа хөдөө хонины бэлчээрт дуулж явснаа, мөн сумын клубынхэн тайзан дээр гарган сандал дээр зогсоогоод дуулуулдаг, нутгийнхан нь түүнийг "дуучин шар" гэж өхөөрдөн нэрлэдэг байсан тухайгаа  хуучилна. 

Монголын нэрд гарч яваа өөрийн шавь уртын дуучин Чимэдцэеэ, Дэлгэр, нутгийн дуучин Сарантуяа, Нэргүй болон бусад уран бүтээлчдийнхээ талаар, ардын дуу бүжгийн чуулгынхаа жилийн орлогын төлөвлөгөөг гавъяат жүжигчин, "морины" хэмээх Нансалмаатай хоёулхнаа хөдөө нутгаар аялан тоглолт хийж биелүүлж байсан, арлын Японд өөрийг нь хэрхэн хүлээн авдаг, тэр нь Монголын урлаг, уртын  дууг дэлхий  хүлээн зөвшөөрсний нэгэн хэмжүүр юм даа, гэж ирээд хуучлав. Бас өөрийн дүү Сожоо гуай, миний найз Өлзийдүүрэн болон нутаг нугынхнаа дурсахаа мартсангүй. 

Өөрийг нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар болоход аймаг, сумаас нь олигтойхон баяр хүргээгүй, тэгсэн атлаа ямар нэгэн наадам, цэнгүүн арга хэмжээ болоход хамгийн түрүүнд  дууддаг талаар их л гомдонгуй хүүрнэнэ. 

Хөгжмийн зохиолчид түүний бүтээлийн чанар чансаа, улс оронд явагдаж байгаа төрийн бодлогын алдаа, оноо, одоо "өвгөнтийн" гудамжинд тэнүүчлэн яваа 1970-80-аад оны үед од болон гялалзаж, Маршал Чойбалсангийн дүрийг кино дэлгэцнээ бүтээсэн, дуурийн алдарт дуучин Амар цагаан сараар орж ирж золгоход, хүүхдүүд нь түүний хир даг болсон хувцас, үнэр танараас нь эвгүйцэн жийрхэхэд тэднийг хэрхэн зэмэлсэн тухайгаа, уртын дууны ирээдүй хөгжил, өөрийн үр хүүхдүүд өмнөх нийгэм ардчилсан хувьсгал гэж ирээд ёстой амьдралын будаггүй үнэн, хүний мөс чанарын тухай биднийг ангайтал ярьж билээ. 

Одоогийн залуучуудын хэллэгээр бол түүний өөртөө итгэлтэй, жинхэнэ атаман зан, юунд ч үл автам төрөлхийн саруул ухаан, авъяас билэг нэгэн хүмүүнд хэрхэн сүлэлдэн цогцолсоныг урт замын туршид миний бие бишгүйдээ нэг гайхан бишрэв. Бид холын замд ээлжлэн ая барьж, заримдаа хоолой нийлүүлэн дуулж явлаа.  

Одоо таны ээлж та нэг ая барьвал яасан юм бэ гэж уртын дууны хатан хаанаас намайг хүсвэл нилээд халамцан сэтгэл нь хөөрсөн  Хайдав гуай,  наад хүн чинь машины кабинд, хээр замд чиний хүссэнээр дуулдаг жижиг гар биш, дэлхийн  том театр, урлагийн алтан тайзан дээр ая дангаа өргөдөг юм, чи битгий галзуураад бай хэмээн зандрав. 

Зууны манлай уртын дуучин маань дуугарсангүй, харин би  нэрэлхсэндээ та харж л байгаарай, би Норовоо эгчээр ая бариулнаа гэтэл, тэрээр чи Норовоог дуулуулчих юм бол би чамд шил виски өгнө гэж ам гарав. Бид явсаар Дэрэн сумын баруун талын уужим цэлгэр хөндийд нар баруунаа хэвийсэн  үед буудаллалаа. 

Би босоод Норовбанзад гуай, таны бага насандаа дуулж явсан төрөлх тал нутаг тань төрсөн охиныгоо их л хүлээсэн байна, та ая дуугаа өргөж нутаг ус, тал хээрээ нэг баярлуулана уу хэмээвэл, зууны манлай уртын дуучин маань аль вэ; Наадахаасаа хийгээд аль гэв. Би өмнөө байсан Кука хэмээх хийжүүлсэн ус стаканд хөөсрүүлэн хийгээд  барьвал бишээ наадахаасаа хэмээв.  Би тэр дор нь ухаарч аян замын багавтар завъяа аягандаа сархад мэлтэлзүүлэн хийж барьлаа. Норовбанзад гуай босож зогсоод, төрсөн нутагаа аньсгандаа нулимстай нүдээр  хэдэнтээ халиав; 

Уяхан замбуу тивийн наран 
Энэхэн бүх дэлхий даяхнаараа
Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ  ... 

Уртын дууны уян налархай нугалаа өндөрсөн дээд өнгөндөө улам цэээлшинэ, доод өнгөрүүгээ торгомсог мяндсан болж тунгалагшина.  Бид дуу өндөрлөсний дараа хэсэг чимээгүй болцгоов. Эргэн тойрон царгих голио, царцаан чимээ анир алдан намсаж, дуучин охиныхоо аялгуу дууг хөндий талаар өртөөчлөн түгээх говь нутгийн зөөлөн сэвшээ салхин сэвэлзэн хөдөлвэй. Эх нутгаасаа олон жилийн өмнө алсын замд одож, таван тивийн тэнгэрийг нэгэн жарны турш уртын дуугаараа эзэгнэсэн аугаа дуучны дуунд төрсөн нутгийн таанан толгой намсан бөхөлзөнө.

Их дуучин маань аягатай сархадаа дуустал нь тогтоолоо. Аягаа буцаан барихдаа одоо надад дахиж хэрэггүй шүү гэж хэллээ. Нэгэнтээ ая бариулсан амжилтандаа омогшсон би, Монголчууд дууны дугарааг гурав гэдэг дээ гэж хэлэхэд дуучин маань “Урьхан хонгор салхи” гэсэн уртын сайхан дуугаар ая дууны түрлэг өргөн барьлаа. 

Бидний хүсэлтээр “Дөрвөн цагийн тал” хэмээх аугаа Мөрдоржийн зохиосон зохиолын богино дуугаар ая дуугаа  өндөрлөв. Москва хотноо 1957 онд зохиогдсон Дэлхийн Залуучууд Оюутны VI-р их наадамд тэргүүн байрыг эзэлж, Фүкүокагийн Азийн Соёлын шагналт энэхүү аугаа эрхэмтэй 10 шахам цагийг аян замын уртад өнгөрөөхдөө тэрхүү алтан агшнаас гэрэл зургийн хальснаа үлдээж чадаагүй нь миний хөөрүү залуу насны минь нэгэн алдаа байж дээ гэж  өнөө би өөрийгөө зэмлэнэм. 

Оройн наран баруун хойшоо ихэд хэвийсэн үед бид аймгийн төвд орж ирлээ. Улсын начин цолтой бөх төрөхөд хөөрцөглөн хөл болдог аймаг, орны удирдлага, Засаг даргын  тамгын газраас хэн ч уртын дууны хатан хаан, сонгодог урлагын нэрт мастер хоёроо тосож авсангүй.

Аяны дөрвөн гишүүнээ буудалд буулгаад эргэн уулзахын ерөөл талибан, төрсөн гэртээ очихоор миний бие “Их газрын чулуу” уулын  зүг хөдөлж билээ. 

Маргааш нь хөдөөнөөс өдөр тийшээ яаран орж ирвэл, наадам хэдийнээ ид дундаа оржээ. Монголын энтэй, дэлхийн цартай аугаа дуучин монгол улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай уртын дууч Н.Норовбанзад Дундговь аймгийн 60 жилийн ойн баяр наадмын нээлтийг “Төрийн түмэн эх” хэмээх алдарт дуугаараа эхлүүлээд, өглөөний онгоцоор нийслэл хотын зүг ниссэн байлаа. 

Норовбанзад Сангийн Удирдах Зөвлөлийн гишүүн До.БАТБАЯР
2015.01.28
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Аюуш

      (103.57.92.18) 2017-12-05 23:14
      • 0
      • 0

      Сайхан дурсамжаа үргэлжлүүлж сэтгэл санааг ариустал бичээчээ та минь

      Хариулах

    • аюуш

      (59.153.87.168) 2017-10-25 22:08
      • 0
      • 1

      батмөнх танд их баярлалаа

      Хариулах

    • Lefty

      (188.143.232.27) 2016-12-21 15:10
      • 0
      • 0

      If you're looking to buy these arielcts make it way easier.

      Хариулах

    • Аюуш

      (103.57.95.203) 2016-07-21 15:22
      • 0
      • 1

      Ийм сайхан дурсамж бичсэн танд маш их баярлалаа.Яг л нүдэнд харагдтал, их дуучны дуу хоолойг Дэрэнгийн талд хамт сонсож байгаа мэт,сэтгэл санааг ариустал бичжээ.Баярлалаа Батмөнх танд

      Хариулах

    • зочин

      (43.242.243.117) 2016-02-17 11:38
      • 0
      • 0

      Ийм сайхан дууг сонсож өссөн бид азтай. Миний ээж богино дуу дуулахаар хоолой нь элбэгдээд байх юм, гэхдээ дуулж байгаа дуу нь хэцүү дуу шүү дээ гэж байсан. Дахиж ийм хоолойтой хүн төрөх болтугай. Тжр үеийн байгаль,цаг уур, хүний сэтгэл, биеийн чадал даанч өөр л дөө. Горьдож л байхаас. Авъяаслаг Монголчууд нэвтрүүлгийг үзэж байхдаа сайхан уртын дуу дуулаад гараад ирэх хүн харж л байлаа.

      Хариулах

    • Зочин

      (112.72.12.2) 2016-02-16 23:36
      • 0
      • 0

      Denduu saikhan hooloitoi hun dee

      Хариулах

    • erdee

      (124.158.107.6) 2015-10-21 16:15
      • 0
      • 0

      uuriin chini bichsen niitleliig unshlaa. Setgeld hursen saihan niitlel bna. Hamriin samsaa sharhirch bna. aav eej mini ene nutgiinh. Zurgaa avahuulsan bol saihan bj de. Ter ueiin aimgiin udirdlaguud mun ch munhag humuus bj de. Tiim mundag huniig toodoggui.

      Хариулах

    • Зочин

      (91.141.1.30) 2015-07-13 00:02
      • 0
      • 0

      dolzodiin batbayar gej chi nogoo az giin batbayar mon uu olziiduuren bol erdeneted zergiin alba haasan baih estoi mon bol bidniig zeregt baihad suhbaatariin nutagt hadland baihad aav eej ni huugee ergen ochij baisan olziiduuren batbayar nart mend hurgej saihan naadaarai

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.42) 2015-07-12 14:53
      • 0
      • 0

      энэ агуу хүний үр удамд нь дууч хүн төрнөө.

      Хариулах

    • Зочин

      (210.136.188.78) 2015-07-12 07:58
      • 0
      • 0

      Sonin bolgoxod bi Dundgoviin xed xeden zaluuchuudiig medne, tednii duu xooloi Dagiiranz guaitai ix adilxan shuu, ene saixan nutagt neg tiim um baina shuu

      Хариулах

    • Зочин

      (210.136.188.78) 2015-07-12 07:55
      • 0
      • 0

      Saixan dursamjiig shimten unshlaa

      Хариулах

    • Зочин

      (202.131.252.213) 2015-07-11 22:26
      • 0
      • 0

      Ийм дуучин Дэрэншаргалын /дэрэнгээс өмнө байдаг газар / энгэрт Түрүү төхөмийн хонхорт бүү хэл МОНГОЛД дахин төрөх үү.

      Хариулах

    • Оюун

      (182.160.36.199) 2015-07-11 20:11
      • 0
      • 1

      Дахин дахин сонсоод баймаар ямар гоё юм бэ? Аав ээжийгээ дурсах шиг ч гайхалтай

      Хариулах

    • sergelen busgui

      (84.170.74.144) 2015-07-11 19:44
      • 0
      • 1

      unexeer mundag duushin baisan shuu, sonsox bur goyo medremsh tördög.

      Хариулах

    • bi

      (202.179.29.82) 2015-07-11 18:31
      • 0
      • 1

      saixan baina setgel ogsin melmeruulj syyna daa

      Хариулах

    • bi

      (202.179.29.82) 2015-07-11 18:31
      • 0
      • 1

      saixan baina setgel ogsin melmeruulj syyna daa

      Хариулах

    • Зочин

      (202.5.196.254) 2015-02-24 10:15
      • 0
      • 8

      gaihaltai od gej vvniig helne

      Хариулах

    • zochin

      (103.26.193.69) 2015-02-23 20:54
      • 0
      • 6

      ene dundgoviinhon chini yadag humuus ve. sain buh turuhuur huuguud yavuulchihna, sain duuchin turuhuur gomdoogood yavuulchihna

      Хариулах

    • saraa

      (202.179.11.90) 2015-02-23 20:29
      • 0
      • 2

      delhiin duuchin gaihamshigtai

      Хариулах

    • зочин

      (103.26.194.210) 2015-02-23 19:13
      • 0
      • 2

      Энэ сайхан эмэгтэй, алдарт дуучин одоо ч амьд юм шиг санагддаг.

      Хариулах

    • Гайхамшиг

      (103.242.44.226) 2015-02-23 14:16
      • 0
      • 3

      Бидний бахархал болсон эдгээр урт дууны гайхамшгийг хөдөө талдаа таван хошуу малаа адгуулан эмнэг хангал сурган хээр хөдөө явж бороо цасанд орж өвгөд хөгшдийнхөө тохойг түшин байсан нь дэндүү сайн ойлгож санагалзаж явах бөгөөд одоо энэ эх оронч гэгдэх нь ч мэдрэх ч үгүй, заяа нь ч хүрэхгүй биз дээ.

      Хариулах