Хоолны хордлогоос урьдчилан сэргийлье

Twitter Print
2017 оны 02-р сар 27-нд 15:46 цагт
Мэдээний зураг,

Баяр ёслолын үеэр хоолны хордлого авах нь нэмэгддэг. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

Хоолны хордлогот халдвар

Хоол хvнсний хамтаар стафилококк, стрептококк г.м. өвчин үүсгэгч янз бүрийн бактерууд хүний биед орсны улмаас үүсдэг эмгэгүүдийг хоолны хордлогот халдвар гэж нэрлэдэг. Ингэхдээ өвчин үүсгэгч бактериуд нь гэхээсээ илүүтэйгээр тэдний ялгаруулдаг хорт бодисууд нь өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог.

Шалтгаан

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний улмаас хоолны хордлогот хордлого үүсдэг. Халдвартай бүтээгдэхүүнүүдээс гадна хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдасны улмаас хордлогот халдвар үүсч болно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг.

Өвчин үүсгэгч бактериудыг дотор нь бүхэлд нь тархаж үржих нөхцөл бүрдүүлдэг махан таташ, нухаш, цусан хиам, царцаамал г.м. бүтээгдэхүүн, мөн хурдан мууддаг бүтээгдэхүүнүүдийг хасах температурт удаан биш хугацаагаар хадгалж байх хэрэгтэй.

Шинж тэмдэг

Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орсон, хүний биед ялгарсан хортой бодисууд нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлдэг / гастроэнтероколит /. Үрэвслийн улмаас гэдэсний шингээх, боловсруулах чадвар нь алдагдан, хөдлөх үйл ажиллагаа нь нэмэгддэгээс гадна гэдэсний бактерийн тэнцвэргүйжил үүсч болно.

Эдгээр өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш гол төлөв 2-5 цагийн дараа илэрдэг бөгөөд дараах шинж тэмдэгтэй байдаг, үүнд:

- гэдэс өвдөх

- дотор муухайрах

- бөөлжих

- гүйлгэх. Хоногт 10-15 удаа хүртэл. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас.

- биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэнэ, халуурах

- бие сульдах

- чичрүүдэс хүрэх

Гол төлөв нэг хоногийн дараанаас бие нь сайжирч эхэлж байгааг хүн мэдэрдэг

Эмчилгээ

Хордлогын эхэн үед ходоод угаах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Үүний тулд 2%-ийн хүнсний содын уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлждөг. Ингэж бөөлжүүлэхэд шингэний дутагдал бий болж болзошгүй тул 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хоросол ууна. Хоногт 1,5-2 литр шингэн уух хэрэгтэй.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Эмчийн зааваргүйгээр левомицетин г.м. хүчтэй антибиотик хэрэглэх гэсний хэрэггүй. Учир нь левомицетин нь олон тооны гаж нөлөөтэй хүчтэй, хортой антибиотик юм. Эмчийн зааваргүйгээр тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цусны найрлаганд өөрчлөлт орох, мэдрэлийн системт согог үүсэх зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй.

Орчин үед энтерол, эрсефурил зэрэг гаж нөлөө багатай эмүүд гарч ирсэн байгаа. Эдгээрийг ч эмчийн жорын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Дараах тохиолдолд эмчид заавал хандах хэрэгтэй, үүнд:

- гэдсээр өвдүүлж байгаа янз нь мухар олгой г.м. эмнэлгийн яаралтай туслалцаа шаардлагатай өвчний шинж тэмдэг байж болзошгүй үед

- өвчин нь 1-2 хоногоос илүү үргэлжилж, гэдсээр хүчтэй өвдөх, энэ хугацаанд 38 түүнээс дээш тогтмол халуурах

- нүдний цагаан шар өнгөтэй болох, шээсий өнгө хүрэн болох, өтгөний өнгө цагаан болох

- 1-2 өдрөөс илүү хугацаанд дотор муухайрч бөөлжүүлэх, бөөлжис цустай, эсвэл кофений тунамал шиг өнгөтэй гарах

- хоногт 10, түүнээс олон удаа гүйлгэх, дотор нь салтс, эсвэл цус байх

- нүүр шөвийж, нүд хүнхийх, шүлс өтгөн, зунгааралдсан болох. Уусан шингэн тогтохгүй, эсвэл шингэн юм ууж чадахаа байх.

Урьдчилан сэргийлэлт

Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүний тулд Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан доорх зөвлөгөөг дагах хэрэгтэй.

1. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.

2. Хоолыг сайн болгож байх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биетүүд устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг гэсгээсний дараа болгож байх хэрэгтэй. Ингэхгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.