
Мэргэжлийн гэр бүл судлаачид нэгэн судалгааны ажил хийж явахдаа 4-8 насны хүүхдүүдэд “Хайр гэж юу вэ?” гэсэн асуулт тавьж, түүндээ хариулт авсан байна. Хүүхдүүдийн өгсөн хариулт үнэхээр санаанд оромгүй зүйлсээр дүүрэн байжээ. Ингээд хүүхдүүд хайрыг юу гэж үздэг тухай хамтдаа сонирхоцгооё.
“Эмээгийн маань нурууны өвчин хөдлөхөөр бөхийж ч чадахаа больдог. Энэ үед өвөөгийн гар өвчтэй ч эмээгийн хөлийн хумснуудыг хуурайдаж, дуртай өнгөөр нь будаж өгдөг. Энэ бол хайр” гэж 8 настай Ребека охин бичжээ.
“Хүн хайртай хүнээ дуудах дууны өнгөөр нь хайртайг нь мэдэж болно. Хайртай хүнээ нэрээр нь дуудахад дууных нь өнгөнөөс хайр ялгарч байдаг” гэж 4 настай Билли хэлжээ.
“Хайр гэж охидууд үнэртэй ус түрхээд, хөвгүүд сахлын ус түрхээд хамтдаа гадаа гарч, бие биенийгээ үнэрлэхийг хэлнэ.” Карл, 5 нас
“Хайр гэж хамт хоол идэхдээ өөрийнхөө хоолны хамгийн амттай хэсгийг хариу горьдолгүйгээр нөгөө хүндээ өгөхийг хэлнэ.” Крисси, 6 нас
“Хайр гэж хичнээн ядарсан байлаа ч бие бие рүүгээ инээмсэглэхийг хэлнэ” гэж 4 настай Терри хэлсэн байна.
“Ээж кофе чанаж аавд өгөхдөө амт нь гоё болж уу, үгүй юу гэж өмнө нь заавал амсаж үзэхийг хайр гэнэ” гэж 7 настай Данни хэлжээ.
“Хайр гэж дандаа үнсэлцэхийг хэлнэ. Үнсэлцэж ядрахаараа зүгээр л хамт байгаад юм яриад л байхыг хэлнэ. Манай аав, ээж хоёр тэгдэг. Тэр хоёрыг үнсэлцэхээр би ичээд байдаг юм” гэж 8 настай Эмили хэлжээ.
“Хайр гэж Зул сарын баяраар бэлгээ задалж дуусаад гэрээрээ дүүрэн хүнтэй, тойрч суугаад бүгд ярихыг хэлнэ” гэж 7 настай Бобби хэлсэн байна.
“Хайрыг илүү сайн ойлгохын тулд эхлээд хамгийн үзэн яддаг найзаасаа эхлэх хэрэгтэй гэж бодож байна.” 6 настай Никка
“Чиний цамц таалагдаж байна гэж охин хэлэхээр хөвгүүн тэр цамцаа өдөр болгон өмсөхийг хайр гэнэ.” Ноел, 7 нас
“Хоёр хөгшин хүн юм ярихгүйгээр ойлголцож, бие биендээ туслахыг хайр гэнэ.” Томми, 6 нас
“Төгөлдөр хуурын үзүүлэх тоглолт болоход олон хүний өмнө гарахдаа би маш их айж байсан. Үзэгчдийн суудалд суугаа тэр олон хүн руу зориг гарган харахад аав минь л ганцаараа над руу инээмсэглэж, бас гараараа даллаж байсан. Тэгэхэд би айхаа больсон. Энэ бол хайр.” Синди, 8 нас
“Миний ээж энэ хорвоо дээр бүхнээс илүү надад хайртай. "Сайхан нойрсоорой" гээд намайг үнсдэг хүн ээжээс минь өөр хэн ч байхгүй.” Клэйр, 6 нас
“Хайр гэж ээж шарсан тахианыхаа хамгийн гоё, хамгийн амттай хэсгийг аавд өгөхийг хэлнэ” Элэйне, 5 нас
“Ээж аавыг ажлаасаа хөлс нь гоожсон, муухай үнэртэй ирэхэд тоолгүй үнсч, бас Роберт Редфордоос ч илүү царайлаг шүү гэж магтдаг. Энэ бол хайр.” Крис, 7 нас
“Нохойгоо эзгүй гэрт өдөржингөө орхиод эргэж ирэхэд гүйж ирээд нүүр нүдгүй долоодог. Энэ бол хайр.” Мэри Энн, 4 нас
“Миний том эгч надад хайртай болохоороо хуучин хувцасаа хайр гамгүй бүгдийг нь надад өгөөд өөрөө дэлгүүр хэсч шинэ хувцас авах ажилтай болдог. Ингэхдээ тэр хэзээ ч гомдоллож байгаагүй, харин ч дуртай хийдэг. Энэ бол хайр.” Лорен, 4 нас
“Хүн хүнд хайртай болохоороо нүдээ хурдан хурдан цавчилж, бас нүдэнд нь жижигхээн жижигхэн одод гялс гялс гэж харагддаг.” Карен, 7 нас
“Аав заримдаа хаалгаа түгжилгүй жорлонд орж суугаад бие засдаг. Ээж хаалгыг нь онгойлгоод юм асуухаа муухай гэж хэзээ ч боддоггүй. Энэ бол хайр.” Марк, 6 нас
“Хайртай гэдэг үгийг хамаагүй хэлж болохгүй. Нэгэнт л хэлсэн бол дандаа хэлэх ёстой. Ихэнх хүмүүс ингэхээ мартдаг.” Жэссика, 8 нас
Хүүхдүүд ингэж ярьж, бичжээ. Харин энэ асуулганд 4 настай нэгэн хүү түрүүлсэн байна. Тэр хүүгийн хөрш хөгшин саяхан ханиа алдсан юм байжээ. Тэр хөгшнийг уйлж суухыг хүү хараад хашаа руу нь асуулгүй орж, бүр өвөр дээр нь гарч суув. Тэгээд өвгөний уйлж дуусахыг тэвчээртэй хүлээв. Өвгөн ч уйлахаа больж тайвширчээ. Хүүг гэртээ харьж ирэхэд ээж нь өвгөнийг тайвшруулах ямар үг хэлсэн бэ? гэж асуухад, хүү “би юу ч хэлээгүй ээ, зүгээр л уйлахад нь тусласан юм” гэсэн байна.
Тийм ээ, амьдралд олон юм хэрэггүй. Зөвхөн хайр л хэрэгтэй. Хүмүүс бие биенээ хайрлаж, өчүүхэн ч гэсэн анхаарал халамж тавьж байвал бусад нь аандаа болноо.
Орчуулсан: Ц. Мөнхбаяр
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.151) 2013-12-09 20:58Where there is love, there is life. That is so true!
Хариулах