
Үе мөчний ихэнх өвчин монгол орны эрс тэс уур амьсгалтай холбоотой. Хэрэх өвчин нь шар ус, гурван гэм буюу хий, шар бадганы тэнцвэрт байдал алдагдаад удсан, мөн тунгалаг цөвийн боловсролт алдагдсанаас, чийгтэй нойтон газар удаан хугацаанд ажиллаж, амьдарсан, тослог шимтэй идээ буюу шингэхэд хүнд хэлбэрийн хоол хүнсийг урт хугацаагаар хэрэглэснээс тунгалаг эс боловсрон шар ус дэлгэрч мах, арьс, яс, судас, бүлх шөрмөсний үйл ажиллагааг үе шаттайгаар алдагдуулж, улмаар барилдуулагч бадганы үйлдлийг доройтуулснаас хэрэх өвчин үүснэ.
Хэрэх өвчний үед халуурч байгаа мэт удаан хугацаагаар бие жихүүцэн, даарч, бие бадайрна. Өглөө унтаад сэрэхэд биед хөшингө, толгой, сүүж, бэлхүүс, хоёр гарын сарвуу гэх мэт жижиг үеүд өвдөж хавдана.
Мөн дөрвөн мөчний том үеүд өвдөнө. Биеийн тамир доройтож, залхуу хүрч, хоолны дуршил муудан, их хөлрөмтгий болдог. Яс үес шархирч өвдөнө. Хэрэх өвчнийг ерөнхийд нь цагаан хэрэх, хар хэрэх гэж хоёр хуваан, түүнийгээ задлан нийтдээ зургаа ангилдаг.
Цагаан хэрэх нь том үеүдийг хамардаг харьцангуй өвдөлт багатай. Харин хар хэрэх нь өвдөлт ихтэй, жижиг үенүүдийг хамардаг.
УАУ-ы нарийн онолын дагуу эмчилгээг үе шаттайгаар хийснээр үений өвчнүүдэд өндөр үр дүн үзүүлдэг. Манай эмнэлгээр үйлчлүүлэхээр ирж байгаа эмчлүүлэгч нарын нийтлэг нэг алдаа нь хаана хандахаа мэддэггүй.
Интернэт, фейсбүүк группүүдээс тэр сайн энэ сайн гэсэн эм болон тосон түрхлэгүүдийг дур мэдэн хэрэглэдэг. Олон давтамжтай антибиотик эмчилгээнүүдийг хийлгэж тухайн үеийн шинж тэмдэг зовууриудыг намдааж явсаар, үений эргэшгүй өөрчлөлтөд орчихсон ирдэг нь туйлын харамсалтай.
Зөвхөн үе ч гэлтгүй олон эртхэн тогтолцоог хамруулж өвчний явцыг хүндрүүлчихсэн байх нь бий.
Уламжлалт анагаах ухаанд өвчнийг боловсруулах, хураах, нядлах, сүүлийг таслах гэсэн үе шат зарчмын дагуу эмчилдэг ч өвчний эхлэл явц, үе шат, идэвхижил, ямар эрхтэн системийг хамарсан зэргээс шалтгаалан хүн бүрд тусгайлсан эмчилгээг оновчтой хийх нь зүйтэй. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээг үе шаттайгаар тууштай хийлгээрэй.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Тасгийн эрхлэгч, УАУ-ы их эмч Ж.ГОНЧИГДОРЖ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.