Шинэ Зеланд улсын хойд эрэгт онц байдал тогтоожээ

Twitter Print
2023 оны 02-р сар 14-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын эрх баригчид Габриэль хар салхины улмаас онц байдал зарлаад байна. Тус улсын Онцгой байдлын менежментийн сайд Киран МакАналтигийн гаргасан тогтоолын дагуу Нордлэнд муж, Тайрауити, Пленти булан, Уаикато, Хокс Бэй зэрэг газруудад онц байдлын дэглэм хэрэгжих аж.

Габриэль хар салхины улмаас салхины хурд нэмэгдэн, хүчтэй аадар бороо орсноос болж мягмар гарагийн өглөөний байдлаар 38 мянга гаруй айл өрх цахилгаан эрчим хүчгүй болжээ.

Шинэ Зеландын хамгийн том хот болох Оклэндэд нурах аюулд орсон 30 м өндөр цамхагийн ойролцоох 50 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн ба тус хотод иргэдийг түр байршуулах 10 гаруй төвийг байгуулсан байна.

Киран МакАналтигийн хэлснээр онц байдал зарласнаар эрх баригчдад гамшигт өртсөн иргэдэд нэмэлт тусламж дэмжлэг үзүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнд хориг тавих боломж нээгдэх аж.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад 7.3 сая ам. долларын багц тусламжийг үзүүлнэ хэмээн өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ.

Хэдхэн долоо хоногийн өмнө Оклэнд хот болон тус хотын ойролцоох бүс нутгууд үргэлжилсэн аадар борооны улмаас үерт автаж, 4 хүний амь эрсдсэн билээ.

Оклэндын баруун эрэгт хөрсний нуралт үүсэж, 1 гал сөнөөгч ор сураггүй алга болж, өөр нэг гал сөнөөгч хүндээр гэмтсэн юм.

Цаг агаарын нөхцөл байдлаас болж сураггүй алга болсон албан хаагчийг эрэн хайх ажиллагааг зогсооход хүрчээ.

Шинэ Зеландын Цаг уурын агентлагаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн дотор Хокс Бэй мужид 100-260 мм хур тунадас орсон байна.

Габриэль хар салхи Шинэ Зеландын хойд болон төвийн бүс нутагт хүчтэй салхи шуурга, их хэмжээний хур тунадас дагуулан зүүн өмнөд зүг рүү чиглэж байгаа гэжээ.

Шинэ Зеландын хойд эргийн бүс нутгуудад үер болон хүчтэй салхи шуурга болох аюултай хэмээн улаан төвшний анхааруулга гаргаад байна.

Air New Zealand компанийн олон улсын 509 гаруй нислэг цуцлагдаад байгаа ба мягмар гарагийн өглөө Оклэндын нисэх онгоцны буудлаас цаг агаарын нөхцөл байдал тогтворжсон тохиолдолд олон улсын болон дотоодын нислэгүүд хуваарийн дагуу нисэж эхэлнэ хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.