Гэгээн хайрын мессеж

Twitter Print
2019 оны 11-р сар 10-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Надад хоёр гар утас байдаг. Нэг нь минийх, нөгөө нь диваажинд заларсан хадам ээжийн маань гар утас. Хоёр жилийн өмнө хадам аав, ээж хоёрынхоо хуримын ойд зориулан хөгшидөд гар утас хослуулан авч өгсөн юм.

Мессеж хэрхэн бичихийг зааж өгсөн тул хоёр хөгшин маань хэдэн өдөр бие биендээ мессеж бичээд их л ажилтай байлаа. Харамсалтай нь, өнгөрсөн гуравдугаар сард хадам ээж маань хорт хавдараар өвчилж, гэнэтхэн хорвоог орхин одсон тул ээжийн гар утсыг би хадгалан үлдсэн юм. Гэтэл нэг сарын өмнө аавыг гадагш гарсан үед ээжийн утсанд мессеж ирлээ. “Ханиа, би шөнийн ээлжинд ажиллах тул хүүхдүүдтэйгээ хоолоо идээд сайхан амраарай” гэжээ.

Тэр мөчид би маш их гайхлаа. Ээжийг нас барсанаас болоод аав маань сэтгэлийн цочролд орсон юм болов уу, эсвэл зөнөж байгаа юм болов уу хэмээн санаа зовж эхлэв. Тэр орой ээжийн утсанд дахин мессеж ирлээ. “Ханиа, гадаа их хүйтэн байна. Дулаахан хөнжил нөмөрч унтаарай” гэжээ. Нөхөртэйгөө хамт тэр мессежийг уншаад бид мэгшин уйллаа. Тэгээд “хэсэг хугацаанд ажиглаж байя” хэмээн ярилцан тохирлоо. Дараа бас нэг мессеж ирлээ.

“Ханиа, бороо орж байна. Хэдэн цагт ирэх вэ. Шүхэр аваад тосож очьё. Үгүй ээ. Би солиорч байх шиг байна. Санаж байна шүү...” Энэ мессежнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад дахин мессеж ирлээ. “Миний охион, өнөөдөр цалин бууна. Захих юм байна уу, аваад очьё” гэжээ. Би хариуд нь “Аав аа, хоёр ширхэг загас аваад ирээрэй” гэж бичив. Тэр орой аавын авчирсан загасаар сайхан шөл хийгээд гэр бүлээрээ хамтдаа хооллов. Хоолны дараа нэг хундага архи уучихаад аав маань “Одоо хирнээ, хаалга онгойгоод ээж чинь ороод ирэх юм шиг л санагдаад байх юм аа.

Урьдынх шигээ мессеж явуулсан чинь хариу ирэхгүй байна лээ. Одоо л түүнийгээ нас барсан гэдэгт итгэж байна. Та нар намайг гайхан ажиглаад байгаа хирнээ юу ч хэлж чадахгүй байгааг чинь мэднээ, уучлаарай” гэж билээ. Тэр цагаас хойш аав маань ээжийн утас руу ахиж мессеж бичсэнгүй. Харин би одоо аавд мессеж бичдэг. “Аав аа, юм угаах гэсэн юм. Та дотуур хувцасаа хаана далд хийчихсэн юм бэ?” (Орчуулга)

Жич: Бид өндөр настай аав, ээжийгээ хэрхэн ганцаардаж байгааг тэр болгон анзаарч мэдэхгүй, өдөр тутмын ажилдаа дарагдан тэднийгээ мартчихдаг гэмтэй. Тэдэнд маань ӨНӨӨДӨР хайр халамж, анхаарал, урмын үг, энэрэл хайрын мессеж хэрэгтэй байна. Таныг энэ хорвоод төрүүлж өсгөн хүн болгосон эмгэн буурал ижий, азай буурал аав руугаа ЯГ ОДОО УТАСДАН мэнд амарыг нь асууж, тэдэндээ ХАЙРТАЙ гэдгээ хэлээрэй!

Эх сурвалж: http://blog.daum.net/mongollove

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.