Төрийн албаныхан хот дотор жийп машин унахыг Ерөнхий сайд хориглолоо

Twitter Print
2015 оны 02-р сар 17-нд 16:04 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж,  үүрэг даалгавар өглөө. 2007 онд гарсан “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж Ерөнхий сайдад танилцуулсан юм.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу төрийн өмчит 757 байгууллагад  автомашины ашиглалтын талаар судалгаа хийжээ. Эдгээр байгууллагуудад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэллээ.  

 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины  гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд  нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байгааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од Ерөнхий сайдад мэдээлсэн юм.

Уулзалтын төгөсгөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болголоо.  Мөн  Үндэсний аудитийн газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины судалгааг гарган, “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн 3 дугаар сарын 17-ны  Засгийн газрын хуралдаанд оруулахыг  даалгалаа.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.