Битүүн гаргах ёс

2017 оны 02-р сар 26-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг хөхөө сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болно. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.

Нутаг нутгийн заншлууд өөр байдаг ч түүхэнд тэмдэглэгдсэнээр битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ийнхүү битүү гаргах ёслолоо хийсний дараагаар хуучин оныг битүүлэн үдэх, шинэ оныг угтах бэлгэ дэмбэрэлээр битүү чанасан толгойн шөлөндөө хөц буюу бууз, банш зэргийг битүү хоол битүүртлээ идэх учиртай.

Энэ үдэш тэнгэрт анхны од харагдах үед цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж эхлэх ёстой байдаг. Эн тэргүүнд бурхандаа ураг сүүл, дал дөрвөн өндөр, хонтой шаант, хош, таваг идээ, боов зэргээр нэг, цагаан идээгээр өөр нэг таваг бэлдэж хоёр таваг засна. Битүүлэх ёсны салшгүй нэг хэсэг нь тоглоом наадай. Эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний тоглоомын нэг нь шагайгаар тоглох төрөл бүрийн тоглоом юм. Ахмадууд нь үлгэр домог ярьж, хүүхэд багачууд морь, тэмээ уралдуулж, хорол зэндмэни эвлүүлэх, алаг мэлхий өрж тоглодог. Дашрамд дурьдахад, шагайгаар үргэлж наадвал хүний гар хурууны яс бэхэждэг төдийгүй ясны сийрэгжилт өвчин тусдаггүй байна.

Битүүний үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байжээ. Харин одоо шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний оро наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни

Битүүний орой шинийн 1,2,3,8,15 – нд зул хүжээ өргөөд “Ум новова гавади базар сараа брамадани дата гадая архади самьяа сам буддава дадтяата ум базар мама базар махадаза базар маха бидьяа базар маха боди зидда базар маха боди мондова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базах суха” гэдэг тарнийг уншаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.