Цог хийморийн даллагатай Цагаан сарын барилдааны түүхийн товчоо

Twitter Print
2018 оны 02-р сар 05-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын уламжлалт баяр Сар шинийн бөхийн барилдаан 1963 онд анх зохиогдож байжээ. Бөхчүүд урьд нь Спортын төв ордонд барилддаг байв. Харин 1998 онд Бөхийн өргөө ашиглалтад орж өнөөг хүртэл “Монгол Бөхийн Өргөө”-нд Битүүний үдэш Цагаан сарын бөхийн барилдаан болдог уламжлал тогтсон аж. 1963 оноос 64 бөх, 1971 оноос 128 бөх, 1991 оноос 256 бөх барилдуулж байгаа нь цагаан сарын бөхийн барилдаан чанар чансааны хувьд улсын наадмын дараа орох эрэмбэтэйг илтгэнэ. Гэхдээ зарим жилүүдэд бөхийн тоо өөрчлөгдөж байжээ. Тухайлбал 1970 оны нохой жил 120 бөх, 1973 оны үхэр жил 104 бөх, 1976 оны луу жил 160 бөх барилдаж байсан гэдэг.

Эхэн үедээ “Нэгдэлчдийн өдөр”, “Малчдын сайн өдөр” хэмээн нэрлэж, Мэдээлэл радио телевизийн улсын хорооны нэрэмжит болон явагдаж байсан Цагаан сарын бөхийн барилдааныг 1963 онд радиогоор дамжуулж Монгол түмэндээ хүргэж байсан түүхтэй. Тэр цагаас хойш өдий хүртэл зохиогдсон Цагаан сарын барилдаанд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 удаа түрүүлж нэг удаа үзүүрлэн бүх цаг үеийн бөхчүүдээ амжилтаараа манлайлж байна. Харин удаад нь Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Х.Баянмөнх найман удаа түрүүлж дөрөв үзүүрлэсэн бол Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлж дөрвөн удаа үзүүрлэсэн. Мөн нийт түрүүлсэн 18 бөхийн 13 нь улсын аварга болон түүнээс дээш цолтой бөх байгааг харахад Цагаан сарын барилдаан хэр далайцтай болдогийг харуулж байна.

Өдгөө манай бөхчүүд цагаан сарын барилдаанд амжилттай барилдвал тэр жилийнхээ наадамд цолоо ахиулах юм уу дээгүүр барилдана гэж ярилцдаг. Үүнийг батлах зарим жишээг санавал аймгийн арслан цолтой байхдаа цагаан сарын барилдаанд үзүүрлэж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Б.Ганбат хожимоо улсын арслан цолонд хүрсэн бол аймгийн арслан цолтой үзүүрлэж байсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Ц.Магалжав улсын харцага цолны болзол хангасан билээ.

XXI зууны 2010 он хүртэл Цагаан сарын барилдаан 49 удаа болоход улсын цолгүй бөх түрүүлж байгаагүй билээ. Түрүүлсэн бөхчүүд дунд хамгийн доод цолтон нь улсын начин Ч.Өвгөнхүү, О.Балжинням байсан бол 2010 оны Тийн урвагч хэмээх төмөр барс жилийн сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж улсын цолгүй бөх түрүүлсэн анхны түүхийг бичсэн. Түүний дараа жил аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж залуу үе гарч ирсэний дохио болсон юм.

Э.Гүнтөмөр, www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.