Хайрын дурсамжаар хөглөгдсөн “Freezone”-ны нэг шөнө

Twitter Print
2013 оны 12-р сар 10-нд 05:35 цагт
Мэдээний зураг,

Анх 1998 онд байгуулагдсан цагаас хойш Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа үлдээж, урлаг хэмээх “Том айл”-д хэдийнээ 15 жилийн нүүрийг үзэж буй “Freezone”-чууд өнгөрсөн хугацаанд туурвисан олон сайхан уран бүтээлээрээ сонсогч, фэнүүддээ бэлэг барихаар өнгөрөгч бямба гарагт “UB palace”-ын концертын их танхимд ганцхан удаа сонсогч, фэнүүдтэйгээ нэгэн үдшийг “Хотын хэмнэл”-ээр өнгөрүүлж, амьд хөгжмийг мэдрүүллээ. 

                                         

Та бидний чихэнд хоногшсон аялгуут тэр хайрын дуунуудаас эхлээд үзэгчдийн суудлаас босгосон тэр дурсамжит дуунуудыг хүргэсэн.

“Надаар тоглосон хайр”, “Миний нулимсийг салхи л арчина”, “Өвлийн шөнө”, “Зүүдний дагина”, “Нутгийн чулуу” зэрэг хит болсон 28 дуугаа энэ үдэш сонсогч фэнүүдтэйгээ хамт дуулсан авьяаслаг залуус жинхэнэ амьд хөгжим, цуцашгүй дуу хоолойгоороо гайхуулж чадсан юм. Тайзан дээр дараалан олон дууг амьдаар дуулна гэдэг амаргүй. Тэгвэл “Freezone”-чууд тоглолтын турш 28 дууг тасралтгүй дуулж, үзэгчдийг баярлуулсан юм.

                                        

Эртнээс тоглолтоо хийхээр тэсэн ядан хүлээж байсан хамтлагийн дөрвөн залуу 15 жилийн ойн тоглолтоо ийнхүү хийж, хамтлаг анх хэдэн онд байгуулагдсан, ямар дуу дуулж олонд хүргэсэн гээд энэ бүх түүхээсээ үзэгчдэд ярьж, эргэн 1998 он руу зочлуулсан нь гайхалтай байв.

Мөн “Freezone” хамтлагийнхан зарим дуунуудаараа попури хийж дуулсан нь үзэгч сонсогчдын сонирхлыг ихээхэн татсан төдийгүй “Ice top” хамтлагийнхан “Намрын дурсамж” дууг нь хамтдаа хүргэсэн нь бас нэгэн сюрприз байлаа. Хамтлагийнхаа 15 жилийн ойд зориулсан “Хотын хэмнэл” тоглолтоороо тэд 2014 оноос эхлэн таван жилийн хугацаанд хийхээр төлөвлөж буй уран бүтээлийнхээ нээлтийг хийсэн нь энэ аж. Үүгээр ч зогсохгүй, тоглолтынхоо орлого болон сонсогч фэнүүдийнхээ хандиваар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хайрын мод” бүтээн байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа. 

                                 

                                         

                                         

                                         

Түүнчлэн тоглолтын бас нэг бэлэг бол “Хотын хэмнэл” тоглолттой холбоотой  “Freezone”-ний дууг хэн сайн дуулах вэ cover дууны уралдааны азтан 19 настай Тэлмэн залуу тоглолтонд урилгаар оролцож, “Freezone” хамтлагийнхантай хамт ая дуугаа хүргэсэн юм. 

Г. Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.