”Хөгжил-Хүн” клуб улс төрийн шинэ хүчин болж ажиллана

Twitter Print
2015 оны 02-р сар 14-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

Монголын улс төрд энэ хавар шинэ намууд шил дарааллан төрхөөр зэхэж буй талаарх мэдээлэл олонтаа гарсан. Тэгвэл өнөөдөр Хөгжил-Хүн клуб “Blue sky” тауэрт анхныхаа нээлттэй форумыг амжилттай зохион байгууллаа. Энэ клубыг эдийн засаг, хуулийн салбарт нэр хүндтэй залуучууд байгуулж байгаагаараа онцлогтой аж. Улс төрийн шат дамжлагаар явж байгаагүй, ёс зүйн хувьд цэвэр, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “Хөгжил-Хүн” клубийнхэн форумын үеэр боловсрол, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, улс төр зэрэг сэдвүүдээр гишүүд илтгэл тавьсан.

Итгэлийг тус клубын гишүүн Хөгжлийн эдийн засгийн мастер Б.Найдалаа, Бизнесийн удирдлагын мастер Д.Гантулга, Химийн ухааны доктор Б.Батцэнгэл, Анагаах ухааны доктор Н.Одонгуа, Олон улс, төрийн алба судлалын доктор П.Наранбаяр, Эдийн засгийн ухааны доктор Г.Рагчаасүрэн нар тавьсан юм.

Илтгэлийн төгсгөлд “Хөгжил-Хүн” клубын зохицуулагч С.Боргил “Өнгөрсөн 25 жилийн турш Монголд улстөрийн хоёр нам ээлжлэн ноёрхсоор “МАНАН”-гийн дарангуйлалд орчихоод байна. 2012 оны сонгуулийн дүнд УИХ-д гуравдагч хүчин суудал авдагч хүчгүйдээд байна. Тиймээс Монгол Улсын төрд шинэ салхи үүсгэхээр “Хөгжил хүн” клубынхэн нэгдсэн. Бид Монголоо гэсэн чин сэтгэлтэй залуусаар эгнээгэ энэгтгэж, хөгжлийн шинэ гарцыг олж шийдэхээр зорьж байна. Улстөрийн өнөөгийн бохир шатаар явахгүй, цэвэр ёс  суртахуунтай, чадварлаг мэргэжилтнүүдийн хүчээр үүргээ умартсан, бодлогоороо бус явцуу эрх ашиг, хувийн сонирхлоороо нэгдсэн ард түмнээ хувааж талцуулсан намуудыг халах зорилготой. Тиймээс “Хөгжил хүн” клуб салбар салбарынхаа мэргэжлийн технократуудыг нэгтгэж, Монгол улсаа аврах, улстөрийн шинэ хүчнийг зохион байгуулах болсон” хэмээн мэдэгдсэн юм.

Тэд одоогоор улстөрийн шинэ хүчин нь ямар нэртэй байх вэ гэдгээ тогтоогүй бөгөөд мухардалд орсон улс төр, эдийн засгаа аварч бүх шийдлийг улс эх орынхоо эрх ашигт нийцүүлэн хөгжсөн улс болно гэсэн юм. Тус клубын залуусын хамгийн гол давуу тал нь салбар бүртээ манлайлагч, гадаадын дотоодын их дээд сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн эрдэмтэн, докторуудаас бүрдсэн юм. Ийнхүү эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй залуус нэгдэж улс төрийн шинэ хүчин болж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Магадгүй тэд сонгуулийн өмнө өөрсдийн гэсэн шинэ намыг байгуулах биз ээ.

Ингээд тус клубээс гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.4hb2mddiamt7ceslk3fpv2cjov

Одоогоос 25 жилийн өмнө цагаан морин жилд хувь заяагаа сонгож байхдаа бид хоорондоо ялгаагүй байлаа. Тэр цагаас хойш хэрэглээ, хөрөнгө, эрх мэдэл, орлого ер нь байж болох бүх л харьцуулалтаар бид хоорондоо эрс тэс болж бидний ондоошил туйлдаа хүрч байна.

Бидний нийгэм, орчин, тогтолцоо бидний төлөө ажиллахаа больжээ. Ийм нийгэмд шударга ёс, үнэт зүйлс оршихгүй ээ. Тиймээ маргаашийн итгэл биднээс улам холдсоор байна. Бидний хүсээгүй ардчилал болчихлоо. Энэ бүхэн, бид ирээдүйгүй, итгэлгүй нийгэмтэй нүүр тулаад байна. 1990 оноос хойш Монгол Улс эдийн засгаа 4 дахин өсгөж чадсан боловч нийгэмд бий болгосон бүтэц, тогтолцооны балгаар бидний ихэнх маань энэ өсөлтөөс хүртсэнгүй ээ. Тогтолцооны хямрал, хүртээмжгүй нийгэм маань улсын хамгийн үнэтэй баялаг болох хүнийг хөсөр хаяж, Монгол хүн үнэгүйдлээ.

Энэхүү 25 жилийн дараа бид эргэн харахад өнгөндөө хоёр тусдаа нам боловч үнэндээ нэг улс төрийн хүчнийг сонгосоор иржээ.Мухардалд орсон улс төр, эдийн засгийн ийм нөхцөлд салбараа мэддэг мэргэжлийн, боловсролтой, сэтгэлтэй бидний хэсэг нөхөд улс орны текнократ түүчээ болж, шийдэл, гарцыг олохоор ажиллаж байна. Бидэнтэй адил итгэл үнэмшил, сэтгэлтэй хүмүүсийг хамтран ажиллахыг уриалж байна. Бид эх орноо гэх сэтгэлтэй, ёс зүйтэй, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэж одоогийн тогтолцоог өөрчлөх их ажлыг эхлүүллээ. Бид шийдэл, гарцыг Улс үндэснийхээ эрх ашигт нийцүүлэн гаргаж хэрэгжүүлэх болно. Бид эх орноо итгэлтэй, маргааштай, хөгжсөн улс болгоно. Бид Монгол Улсаа хөгжүүлэх улс төрийн шинэ хүчин болж ажиллахаа мэдэгдэж байна.
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.