Оскар Уайлд: Алтан гургалдай ба сарнай цэцэг

Twitter Print
2015 оны 02-р сар 13-нд 19:25 цагт
Мэдээний зураг,

18-р зүуны Ирландын алдарт зохиолч Oscar Wilde-ийн "Алтан гургалдай ба сарнай цэцэг" өгүүллэгийг Б.Сувддулам англи хэлнээс хөрвүүлсэн нь "Сонгодог өгүүллэгийн дээжис" номонд хэвлэгджээ. Энэхүү гайхалтай сонгодог өгүүллэгийг та бүхэнд толилуулъя.

Оскар Уайлд

Алтан гургалдай ба сарнай цэцэг

Улаан сарнай бэлэглэвэл надтай бүжиглэнэ гэж тэр хэлсэн. Гэтэл манай цэцэрлэгт ганц ч ширхэг улаан сарнай байхгүй гэж оюутан залуу хэлээд санаа алдахад түүнийг сонссон алтан гургалдай царс модон дээр зассан үүрнээсээ цухуйж, навчисын чөлөөнөөр сониучирхан харав. 

Ганц ширхэг ч улаан сарнай цэцэрлэгт минь байхгүй гээд залуугийн дүрлэгэр алаг нүд нь нулимсаар дүүрчээ. Аз жаргал гэгч ямар жаахан зүйлээс хамаарна вэ! Бүх л суут мэргэдийн бүтээлийг уншиж, гүн ухааны бүхий л нууцад нэвтэрсэн юмсан. Гэтэл ганц ширхэг улаан сарнай намайг өчүүхэн золгүй амьтан мэт болгож орхилоо гэж үү?

-Маргааш ханхүү түүнд сарнай бэлэглэнэ дээ гэж залуу амандаа бувтнав. Хэрвээ би түүнд улаан сарнай бэлэглэвэл тэр миний дэргэд байж, үүр цайтал хамт бүжиглэнэ. Хэрвээ би түүнд улаан сарнай бэлэглэвэл түүнийгээ тэвэрнэ. Хөөрхөн хацрыг нь цээжиндээ нааж, халуун гараа атгалцана. Гэвч ганц ч улаан сарнай цэцэрлэгт минь байхгүй шүү дээ. Тиймээс би ганцаар гуниглан сууж, тэр намайг анзаарахгүй хажуугаар минь гарч одно. Түүнд би ердөө ч хэрэггүй, тиймдээ ч зүрх сэтгэл минь шархалж хоцорно. 

-Энэ залуу чин зүрхнээсээ дурлачихжээ гэж алтан гургалдай бодно. Сонсохгүй гэдгийг нь мэдсээр байж шөнө болгон түүнд л зориулж дуулдагсан. Шөнө бүр түүний л тухай ододтой хүүрнэлдэж хонодогсон. Түүний минь үс хэлгий цэцгийн дэлбээ адил тас хар, түүний минь уруул хүсээд байгаа сарнай шиг нь час улаахан юмсан. Харин одоо тэр минь уйтгар гунигт автан уруу царайлж, сэтгэлийн шаналалаасаа болоод сайхан царай нь цонхийжээ. 

-Тэр үнэхээр дурлачихжээ гэж алтан гургалдай бодно. Би түүнд зориулж дууллаа ч тэр шаналж байна. Тэр минь зовж байхад надад юуных нь баяр хөөр байх билээ. Хайр гэдэг хамгийн гайхамшигт зүйл юм. Түүнийг ямар ч эрдэнийн чулуутай жишихийн аргагүй үнэтэй. Юугаар ч худалдаж авч бас зарж болохгүй. Алтаар үнэлж, арилжиж болдоггүй зүйл бол хайр юм. 

-Хөгжимчид суудлаа эзлээд тоглож эхэлнэ. Хайрт минь ятгын уянгалаг эгшиг, хийлийн намуухан аянд хөл нь шаланд үл хүрэх мэт хөнгөхөн бүжнэ. Гоёлын хувцастай ганган харчууд хайртыг минь тойрон бүчнэ. Харин тэр минь надтай бүжихгүй. Түүнд өгөх улаан сарнай надад байхгүй гэж залуу хэлээд зүлгэн дээр дээш харан хэвтэж, хоёр гараараа нүүрээ даран уйлав. 
Хар хурдаараа гүйж явсан бяцхан гүрвэл гэнэт зогтусаж “Тэр юунд уйлна вэ” гэж асуулаа. “Нээрээ тэр яагаад уйлж байгаа юм бол?” гэж хажуугаар нь нисэж явсан эрвээхий гайхав. “Нээрээ яагаад уйлж байгаа юм бол?” гэж хонин нүдэн цэцэг зөөлөн намуухан хоолойгоор хөршдөө шивнэлээ. “Түүнд улаан сарнай олдохгүй байгаа учраас уйлсан юм” гэж алтан гургалдайг хариулахад “Улаан сарнайнаас болж уйлсан гэв үү” гэж бяцхан гүрвэл хэлээд доогтой нь аргагүй тас тас хөхрөв. 

Залуугийн уйтгар гунигийн шалтгааныг мэдэх учир алтан гургалдай царс модон дээрээ чимээгүй сууж, хайрын тухай хязгааргүй бодолд автлаа. Гэнэт тэр далавчаа дэвэн агаарт хөөрч түнэр харанхуй ширэнгэн ойн дээгүүр дүүлэн ниссээр цэцэрлэгт хүрч, ногоон төглийн голд үзэсгэлэнт сарнайн бут байхыг олж хараад шууд нисэж очив. “Ганцхан ширхэг улаан сарнай надад өгөөч. Хариуд нь хамгийн уянгалаг дуугаа чамд дуулж өгье” гэж гуйлаа. Мод зөвшөөрсөнгүй. “Миний бүх сарнай цагаан өнгөтэй. Тэнгисийн хөөс адил цав цагаан, тэртээх уулсын орой дээрх цаснаас ч цагаан. Харин чи өвгөн хясааны ойролцоо амьдардаг ах дээр минь оч. Тэр чамд хайгаад байгаа улаан сарнайг чинь өгч магадгүй” гэж сарнайн бут хэллээ. Алтан гургалдай ч хэлсэн ёсоор нь ах дээр нь очлоо. 

“Ганцхан ширхэг улаан сарнай надад өгөөч. Хариуд нь хамгийн уянгалаг дуугаа чамд дуулж өгье” гэж гуйлаа. Мод бас л зөвшөөрсөнгүй. “Миний бүх сарнай шар өнгөтэй. Хувын өнгөт ширээндээ заларсан лусын дагинын үс адил шар, хадлангийн цаг болохоос өмнө нугаа чимэглэн ургах шар нарцисс цэцгийн дэлбээнээс ч илүү шар. Харин тэр залуугийн яг цонхных нь дор миний ах амьдардаг юм. Түүнээс очиж гуйсан нь дээр” гэж сарнайн бут хэлжээ. 

Ингээд алтан гургалдай залуугийн цонхных нь чанх дор ургасан сарнайн бут дээр нисэн очиж “Ганцхан ширхэг улаан сарнай надад өгөөч. Хариуд нь хамгийн уянгалаг дуугаа чамд дуулж өгье” гэж гуйлаа. Сарнайн бут бас л татгалзав. “Миний бүх сарнай улаан өнгөтэй. Тагтааны хөл адил улаан, тэнгисийн буланд орших гайхамшигт шүрэн арлаас ч илүү улаан. Гэхдээ тэсгим өвлийн хүйтэн судлыг минь хөлдөөж, хүйтэн жавар нахиаг минь гэмтээж, хүчит шуурга мөчрийг минь хугалаад энэ жил надад ганц ч улаан сарнай алга даа” гэв. 

“Ганцхан ширхэг улаан сарнай л хэрэгтэй шүү дээ” гэж алтан гургалдай нулимс дуслуулав. 
-Ердөө д ганцхан ширхэг. Өөр ямар ч арга байхгүй гэж үү?
- Нэг арга бий. Гэхдээ би чамд хэлж зүрхлэхгүй нь. Энэ их аюултай гэж сарнайн бут хариулав. 
-Надад хэлээч дээ. Би огтхон ч айхгүй байна гэж алтан гургалдай гуйлаа. 
-Хэрвээ чи улаан сарнайтай болохыг хүсэж байвал сарны гэрлээс хөгжим эгшиглүүлж сарнай цэцэг дэлгэртэл дуулаад түүнийгээ өөрийн зүрхний цусаар буд. Чи миний өргөст мөчир дээр цээжээрээ сууж дуулах ёстой. Шөнөжин чамайг дуулахад өргөс цээжийг чинь нэвт хатгаж, цус чинь судас руу минь юүлэгдэж минийх болно. 

-Тэгвэл ганц ширхэг улаан сарнай алтан амины минь үнэтэй байх нь ээ. Амьдралд хайргүй хэн байх билээ. Мөнгөн сар, алтан нараа ширтэнхэн мөнх ногоохон төгөлдөө суух аяа юутай сайхан бэ. Толгодоо даган ургах хонин арц, талаа чимэглэн найгах хонхон цэцэг, долоогоны үнэр аяа юутай анхилуун бэ. Гэвч хайр гэдэг амьдралаас үнэтэй хойно хөөрхий нэгэн шувууны амийг хүний амьтай хэрхэн харьцуулж болох билээ гэж алтан гургалдай нулимс дуслуулан бодов. 

Чингээд алтан гургалдай далавчаа дэлгэн огторгуйд хөөрөн нислээ. Тэр цэцэрлэгийн дээгүүр хэдэнтээ эргэлдээд ойн төглийн зүг нисэн одвой. Залуу байрнаасаа огтхон ч хөдлөлгүй зүлгэн дээр дээш харан хэвтсээр л байв. Сайхан нүдэнд нь мэлмэрсэн нулимс нь ч хатаж амжаагүй байв. “Жаргалтай бай, бүү гунигла. Удахгүй чи улаан сарнайтай болно. Би сарны гэрлээс хөгжим эгшиглэтэл дуулж, сарнай цэцэг дэлгэрүүлээд зүрхнийхээ цусаар будах болно. Би энд ердөө л чамайг хайр дурлалдаа үүрд үнэнч байж чадах эсэхийг чинь мэдэхээр буцаж ирсэн юм. Хайр дурлал гүн ухаанаас чинь илүү агуу учир дурласан бүсгүй чинь бүхнээс илүү цэцэн билээ, хайр сэтгэл хүчтэнээс илүү хүчирхэг учир дурласан чи бүхнээс илүү хүчирхэг билээ. Чи минь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтойсон. Чиний минь уруул бал бурмын амттай, чиний минь амьсгал анхилам тансагийн дээд нь билээ”. 

Залуу зүлгэн дээрээс өндийж алтан гургалдайг анхааралтай сонссон боловч юу ч ойлгосонгүй. Тэр ердөө л номонд бичигдсэнийг ойлгож чадах ажгуу. Харин царс мод ойлгож байлаа. Мөчир дээр нь үүрээ зассан бяцхан гургалдайд тэр маш их хайртай байсан учир уйтгар гунигт автав. “Сүүлийн удаа надад ганцхан дуулж өгөөч. Чамайг байхгүйд би маш их ганцаардана даа” гэж царс модыг шивнэхэд аяс налархай хоолойгоороо алтан гургалдай дуулж эхлэв. Алтан гургалдайг дуулж дуусахад залуу босож, тэмдэглэлийн дэвтрээ дэлгэн халааснаасаа үзгээ гаргаад ойн төгөл дундуур алхангаа “Түүний хоолой сонсохгүй байхын аргагүй уянгалаг юм. Гэхдээ түүнд мэдрэмж байдаг болов уу. Бараг л үгүй байх. Үнэндээ тэр бусад дуучид шиг нэг л хэв маягт баригдсан, дуугаа чин сэтгэлээсээ мэдэрч чаддаггүй. Тэр хөгжмийн тухай бараг л мэдэхгүй. Тиймээс ч хүмүүс урлагийг хувиа хичээгчдийн ажил гэж боддог биз. Гэхдээ л түүний хоолойнд сонсоод л баймаар гайхамшигт өнгө аяс байх юм. Харин тэр нь ямар ч утга илэрхийлж чаддаггүй нь харамсалтай” хэмээн бодож явлаа. Залуу гэртээ орж ирээд жижигхэн дүүжин орон дээрээ хэсэг зуур хайр дурлалын тухай бодон хэвтэж байснаа зүүрмэглэж эхлэв. 

Саран авхай тэнгэртээ залрахад алтан гургалдай сарнайн бутан дээр нисэн очиж, өргөст мөчир дээр нь цээжээрээ суулаа. Энэ чигээрээ хөдөлгөөнгүй сууж бүхий л шөнөжингөө дуулахад ихэмсэг хүйтэн саран авхай сая нэг толгой гудайлган сонсов. Алтан гургалдай дуулсаар л, өргөс цээжинд нь улам гүн шигдсээр цус нь гоожиж эхлэв.

Алтан гургалдай эхний дуугаа хүү охин хоёрын зүрхэнд соёолох хайрын төлөө дуулахад сарнайн бутны хамгийн дээд хэсэгт ер бусын гайхамшигт сарнай дэлбээлэв. Дуулсан дуу бүрийн тоогоор нэг дэлбээ нэмэгдэх ажээ. Сарнай эхэндээ өглөөний хяруу адил өнгөгүй, усан санд туссан түүний дүрс болор толинд харагдах адил тод байв. 

“Гургалдайхан минь цээжээ илүү сайн ойртуул. Тэгэхгүй бол сарнай дэлбээлж дуусахаас өмнө өглөө болох нь байна” гэж сарнайн бут уйлан дуулан гуйлаа. Алтан гургалдай цээжиндээ өргөсийг илүү гүн шигтгэж улам чангаар дуулахдаа залуу бүсгүй хоёрын хайр сэтгэлийг улам дэлгэрэхийг ерөөв. Гэтэл сарнайн дэлбээ сүйт бүсгүйгээ ичингүйрэн үнсэх хархүүгийн хацар адил ягаахан өнгөөр туяарав. Гэвч өргөс алтан гургалдайн зүрхэнд нь хүрч чадаагүй тул сарнайн гол цагаан хэвээрээ үлдсэн байлаа. Зөвхөн алтан гургалдайн зүрхний цус л түүнийг улаан болгох учиртай ажээ. 

Сарнайн бут дахиад л “гургалдайхан минь цээжээ илүү сайн ойртуул. Тэгэхгүй бол сарнай дэлбээлж дуусахаас өмнө өглөө болох нь байна гэж уйлан дуулан гуйлаа”. Алтан гургалдай цээжээ өргөсөнд дахин ойртуултал өргөс зүрхэнд нь хүрч тэсэхийн аргагүй ихээр өвдсөн гэнэ. Өвчин нь ихсэхийн хэрээр хөөрхий алтан гургалдай орь дуу тавин уйлж, түүний дуулсан хайрын дуулал гургалдайн үхлээр төгс төгөлдөрийн хутгийг олжээ. Ийнхүү жаргах нарны туяанд улааран харагдах дорнын тэнгэр адил гайхамшигт ув улаахан сарнай цэцэг дэлбээлэв. Хөөрхий алтан гургалдайн хоолой улам бүдгэрч, хоёр далавч нь хумигдаад, нүднийх нь зовхи буусан байв. Дуу нь бүдгэрэн бүдгэрсээр амьсгал нь боогдохыг тэр мэдэрчээ. Ингээд тэр сүүлийн аялгуугаа дуусгахад ихэмсэг саран авхай чих тавин сонсож, үүр цайхыг ч умартан тэнгэрт саатжээ. Улаан сарнай ч түүнийг сонсон, догдлон чичирсээр өглөөний хүйтэн агаарт дэлбээгээ нээв.

Хөх ногооны униар татсан хөндийгөөр тархах цуурай хоньчин ардыг амтат зүүднээс нь сэрээж, голын зэгсээр дамжин гадаад далайд хүргэх ажээ. “Хараач, хараач! Сарнай дэлбээлээд дуусчихаж” гэж мод догдлон хэлэв. Гэвч алтан гургалдай юу ч дуугарсангүй. Хөөрхий тэр зүрхэндээ гүн шигдсэн өргөстэй зүлгэн дээр амьсгаагүй хэвтэх ажээ. Үүр цайхын алдад залуу цонхоо нээн гадагш хараад дуу алджээ. “Ямар гайхамшигтай юм бэ? Улаан сарнай байна. Амьдралдаа харж байгаагүй гайхамшигт улаан сарнай байна. Энэ лав их урт латин нэртэй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна” гэж ярьсаар гадагш гарч сарнай цэцгийг тасалж авав. Ингээд залуу малгайгаа өмсөж, гартаа сарнайгаа барьсаар профессорын гэр өөд харайлгав. Профессорын охин гэрийнхээ гадаа цэнхэр торгон утас дамранд ээрэн сууж байлаа. Түүний бяцхан нохой хөлийнх нь дэргэд хэвтэнэ. “Улаан сарнай авчирвал надтай бүжиглэнэ гэж чи надад амласан шүү дээ. Би чамд энэ дэлхийн хамгийн гоёмсог улаан сарнайг авчирлаа. Чи энэ сарнайг өнөө шөнө цээжиндээ нааж хоноорой. Тэгээд хоёулаа хамтдаа бүжиж, намайг чамд чмар их хайртайг минь мэдрүүлэх болно” гэж залуу хэлэв. Гэтэл охин хөмсгөө зангидаж “Энэ сарнай миний даашинзны өнгөтэй зохицохгүй юм байна. Тэгээд ч Чемберлений ач хүү надад саяхан гоёмсог үнэт эдлэлүүд илгээсэн. Үнэт эдлэл сарнай цэцгээс хамаагүй үнэтэй гэдгийг хүн бүр мэднэ шүү дээ” гэлээ. “Чи ч өөдгүй охин юм даа” гэж залуу хэлээд сарнайгаа чулуудаж орхиход цэцэг шалбаагт унаж хөсөг тэрэгний дугуйнд дайрагдаж хоцров. “Өөдгүй гэнэ ээ? Чи л харин өөрөө бүдүүлэг амьтан. Ингэхэд чи хэн юм бэ. Зүгээр л нэг муу оюутан шүү дээ. Чамд ядахнаа Чемберлений ач хүүд байдаг шиг гутлын гоёмсог чимэглэл ч байхгүй шүү дээ” гэж охин хэлээд гэр лүүгээ орж явчихав.

“Хайр гэж ийм тэнэг зүйл байдаг юм уу. Ямар ч утга учиргүй, юуг ч баталдаггүй, хэзээ ч болохгүй зүйлийг өгүүлж, худал хуурмагт хүнийг итгүүлдэг. Үнэндээ ердөө ч бодит байдалтай нийцдэггүй юм байна. Гүн ухаандаа эргэж очоод метафизикээ судалж суусан минь дээр юм байна” гэж гэсээр залуу явж одов. Тэрбээр гэртээ эргэж ирүүт тоосонд дарагдсан зузаан номоо дэлгэн уншиж эхэлжээ.

Орчуулсан Б.Сувддулам

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.143.190) 2015-02-13 20:58
      • 0
      • 2

      Сайхан орчуулжээ. Англи дээр нь кншиж байсан. Баярлалаа.

      Хариулах