
"ГЭРТ СУУХ ХҮН ГАЛАА ХИЧЭЭ
ГАДАГШ ЯВАХ ХҮН ҮГЭЭ ХИЧЭЭ" гэдэг эртний ухаант үгтэйсэн. Яг өдийд энэ мэргэн үг толгойд тасхийтэл бууж байна.
Сайжруулсан нүүрс түлж чадахгүй хэсэг будилж, одоо ч түгшүүртэй хэвээрээ байгаа. Зуу зуун жилээр галаа сахисан галын бурхад маань мөдхөн учраа олох байх аа. Бурхан минь,, дахиж л угаарын хорт хий хүний алтан амийг бүү бусниулаасай. Даанч харамсалтай, даанч эмгэнэлтэй Цас орж, хүйтний эрч чангарч байхад гал түлэхгүй айл гэж одоо байх учиргүй ээ. Утаагүй байна гээд хаа сайгүй урамтай гоё байна. Идэр ес тачигнаад ирэхлээр юу болдог бол.
Нэлээд нь айдаснаасаа салалгүй мод түлээд байгааг бас бодолцох ёстой. Тэгээд ч бас шөнө цахилгаанаар халааж байгааг бодолцох ёстой. "Алтан аргамжаа" болсон элчингүүд дүлж дүлж сая л нэг тавигдав бололтой. Улс орноо төлөөлөх хүнгүй, хандах эзэнгүй, зэвэрсэн далбаатай элчингийн байр улс орны гайхашийг барав. "Алтан аргамж биш, алингаа алдагсад" болж эх орныхоо нэрийг гутаагсад Монголын нэр хүндийг устгаж дуусаж байна. "Цэцийн дээр хөх тэнгэр л бий" гэсэн хийсгэлэн онгироо, сагсуу хөөрүү, өвчигнүүр бардам хийрхэлийн энэ үг улс төрчдийн дунд бараг афоризм болсон. Тэнгэрээс арай доохнуур байсан Одбаяр монголчуудын чихийг дэлдийлгэж, дэлхийн гайхашийг барав. Тэр солонгосууд манайхаас ч долоон дор зэрлэг хатуу үгтэй юм гээч.
"Өөрсдийгөө удирдах чадваргүй тэр хоцрогдсон бүдүүлэг оронд дөрөвхөн бөмбөг хаяад орчлонгоос арччих" гэж хүртэл бичсэн. Түүх бол түүх. Хоёр Солонгосын дайны дараа 60-аад онд Өмнөд Солонгост олон улсын шинжээчид газар дээр нь үзэж дүгнэлт гаргасаныг сануулах хэрэгтэй ч юм шиг "Энэ орон бүрмөсөн дампуурчээ. Дахин сэргэх ямар ч үндэсгүй" гэсэн шүү дээ. Америк тусалж, ажилсаг солонгосууд тахиан дуугаар босож өндийлгөсөн. Бас Пак Жён Хи гэдэг ерөнхийлөгч хөл дээр нь босгосон.
Эх орноо аврагчийг эхнэртэй нь хамт буудаж алсан түүх ч бий. Ер нь хэчнээн ч Ерөнхийлөгч нь шоронд орж, амиа егүүтгэж, авлигад өртлөө дөө. Гэвч өө болоод алдааг өөрснөөсөө эрэх хэрэгтэй. Гадаадад гаардаг, хэлэх хэлэхгүй үгийг хэлдэг, хэл толгой бус, хөл толгойгоо олохоо больдогт овоо сануулга болоо болов уу? За бараг ч үгүй бизээ. Дахиад л чих дэлдийлгэнэ дээ. Итгэл гэгч нурж байна даа.
СГЗ, сэтгүүлч До.Цэнджав
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.