Шингэн зүйлийг уухад ч бас учир бий

Twitter Print
2018 оны 07-р сар 13-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Хооллохын яг өмнө, хоол идэж байх үед, хоолны араас шууд их хэмжээний шингэн уухгүй байхыг зөвлөдөг. Бүтэц, төрлөөсөө хамаарч хоолны холимог ходоодонд 2-4 цаг, нарийн гэдсэнд 20 орчим цаг байдаг. Хоол идсэнээс 2-4 цагийн дараа нарийн гэдэсний тодорхой хэсгүүдэд шимт бодисууд шимэгдэж эхэлнэ. Цагийг олоогүй уусан шингэн ямар үр дагаварт хүргэдгийг авч үзье.

Ус, цай зэрэг унд нь хоол боловсруулах шүүстэй хамт ялгарсан ферментүүдийг шингэлж, ходоодны доод хэсэг рүү угааж урсгаснаас ходоодонд дахин шүүс, фермент орж иртэл хоол боловсруулалт саатаж, ходоод, 12 хуруу гэдэсний ялгаруулах аппарат хэт ачаалалтай ажиллаж эхэлдэг.

Ийм хооллолтын дараа удаан хугацаанд цатгалдаж, хэхрэх, зогисох, цээж хорсох, ходоод цанхайх зэрэг таагүй байдлууд үүсдэг. Энэ нь ходоодны салст бүрхэвч цочирч үрэвсэж байна /гастрит/ гэсэн үг. Хоол боловсруулах чадвараа нэмэгдүүлэхийн тулд ходоодны шүүсэн дэх давсны хүчлийн агууламж ихсэж ялгарснаас ихэнхдээ хүчиллэг нь нэмэгдэнэ. Хоолоо их шингэнтэй хамт идэх зуршилтай ийм хүний шүүс ялгаруулагч булчирхайнуудын хүчин чадал шавхагдахын хэрээр ходоодны шүүс хүчиллэггүй болж ходоод мууддаг.

Эсгэлэн шингэн ходоодноос 12 гэдэсний шүлтлэг орчинд түргэн нэвтэрч угаасны улмаас тэндэх хамгаалалтын давхарга саармагжина. Үр дүн нь 12 хуруу гэдэсний салстын үрэвсэл юм. Ходоод, 12 хуруу гэдэсний уулзвар дахь хаалт ч хэвийн ажиллахад хэцүү болж, хоол боловсруулах бүх эрхтэнд муугаар нөлөөлнө.

Боловсорч амжаагүй хоолны холимог нь уусан шингэний хамт нарийн гэдсэнд ормогц тэндэх шүүсийг шингэлснээр шимт бодисууд нь шимэгдэж амжилгүй цааш өнгөрдөг. Ингэснээр бие хоолыг боловсруулах гэж эрчим хүчээ зарцуулсан хэдий ч тэжээл авч чадаагүйгээс цадсан мэдрэмжгүй хоцорно.

Өлсгөлөн хүн дахин иднэ, хэт их иднэ, хоол боловсруулах төдийгүй бусад бүх эрхтэн систем мууддаг. Шүүс, ферментүүдийг дахин дахин ялгаруулсаар байтал нойр булчирхай, элэг, ходоод, гэдэсний булчирхайнууд зогсолтгүй ажиллаж, биеийн нөөц шавхагддаг байна.

Хэт тунгаамал хүнс /элсэн чихэр, жигнэмэг, цагаан талх, шоколад, чихэр г.м/ усыг бага агуулдаг учир ходоод, гэдэсний хөндий дэх даралтыг эрс өөрчилж, биеийн усыг татаж авдгаас ам цангана. Тиймээс ийм хүнсийг ус, шингэнээр даруулах хэрэг гардаг. Ийм хүнсийг ногооны зуушны араас идвэл ам цангахгүй. Харин чихэрлэг хүнсийг тусд нь жимс буюу шингэн зүйлтэй хамт идвэл зохино.

Хооны үеэр шингэнийг их уухад хоолоо муу зажилдаг нь бас нэг таагүй үр дүн юм. Хооллох үедээ бага багаар балгаж, их биш хэмжээгээр уухад болно.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.