Улаанбадрах сум, Зүүнбаян багийн малчдыг дэмжинэ

Twitter Print
2015 оны 02-р сар 13-нд 08:01 цагт
Мэдээний зураг,

“АРЕВА Монгол” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэх, 1.3 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй малын эрүүл мэндийг сайжруулах төслийг бүрэн санхүүжүүлж байгаа билээ. 

“АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ний Ерөнхий захирал Тьерри Плэзант, “Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо”-ны дэд захирал Ц.Эрдэнэбаатар нар “Мал эмнэлгийн үйлчилгээ, малчдын хамтын санаачилгыг дэмжих” гэрээг Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд 2014.11.26-нд зурсан билээ. Тус хоршоо түншээрээ мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа Францын олон улсын эв нэгдлийн байгууллага “Хил хязгааргүй агрономич, малын эмч нар” нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна. Энэ үеэр орон нутгийн удирдлага, малчид, тус компаний удирдлагаас энэ төслийн талаар хэлэхдээ:

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар:- “Энэ төсөл Дорноговь аймагт хэрэгжсэнээр, малын эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа асуудлаас үүдсэн бидний үл ойлголцол эцэслэн хариулт өгч, бид тогтвортой хамтран ажиллах боломж нээгдэнэ. “АРЕВА Монгол”, “Кожеговь” компани энэ нутагт тогтвортой удаан ажиллахын хэрээр энэ төсөл үргэлжилж үр дүнгээ өгөх байх гэж бодож байна. Нөгөө талаар орон нутгийн удирдлагууд, гадаад дотоодын мэргэжилтнүүд, мөн малчид гээд маш өргөн оролцоотой том төсөл хэрэгжих гэж байгаа болохоор бүх талын төлөөллүүд нь ийнхүү уулзаж, илэн далангүй ярилцаж байгаа нь чухал юм. Малчид маань энэ том төсөлд хамтраад, малынхаа эрүүл мэндийг сайжруулах нь маш чухал. “АРЕВА Монгол” компаний энэ томоохон төсөл бусад компаниудад үлгэр дуурайлал болж байна. Бусад компаниуд энэ төслөөс жишээ авч ажиллаасай гэж хүсч байна” гэв.

“АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ний Ерөнхий захирал Тьерри Плэзант: ““Кожеговь” компанийн үйл ажиллагаагаа явуулж буй орон нутаг дахь малын эрүүл мэндийн асуудал нь орон нутгийн малчид, удирдлага болон манай компани бүгдийн хувьд амин чухал асуудал юм. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганбаатар, Улаанбадрах сумын Засаг дарга Г.Ганзориг нарын санаачилгаар 2013 оны дунд үеэс хойш бид Мал эмнэлгийн төсөл хэрэгжүүлэх тухай ярилцаж эхэлсэн.

Бидний зорилт бол малчдын бодит хэрэгцээний асуудлыг сонсож, миний онцлон тэмдэглэмээр байгаа орон нутгийн удирдлагын идэвхтэй оролцооны үр дүнд бүгд хамтдаа зөв шийдлийг олоход байв. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа нь уг зорилтын тодорхой бөгөөд сайн жишээ болж байна.

Хоёр жил хэрэгжих энэ төсөл малчдын амьжиргаанд хувь нэмрээ урт хугацаанд оруулсаар байхыг “АРЕВА Монгол” компанийн зүгээс хүсч байна” гэв.

Улаанбадрах сумын Засаг дарга Г.Ганзориг: -Малын эрүүл мэндийг сайжруулах энэ төсөл нэлээдгүй хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулсан томоохон хэмжээний төсөл байгаа юм. Энэ компанийн хувьд ч, орон нутгийн хувьд ч нэлээд цаг хугацаа, хөрөнгө санхүүг хамарсан томоохон төсөл. Малыг эмчлэх, халдваргүйжүүлэх, паразит өвчнийг эмчлэх арга хэмжээний зэрэгцээгээр малчдад зориулан сургалт,сурталчилгаа зохион байгуулсан тун ач холбогдолтой байх юм. Мөн улстөрийн болон бусад нөлөөллөөс ангид энэхүү төсөл хэрэгжинэ гэж гэрээнд тусгагдсан байгаа нь ч чухал ач холбогдолтой. Хоёр жилийн хугацаанд бид малаа эрүүлжүүлж, малчдын амьжиргааны эх үүсвэр болсон эрүүл малтай, цаашлаад худалдан борлуулах, экспортод гаргах боломжтой болно гэж харж байна. Манай малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, үүн дээр үндэслээд малчдын маань амьжиргаа дээшлэх ийм олон талын ач холбогдлыг энэ төслийн үр дүнгээс хүлээж байгаа юм.

Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэн:

Энэ малын өвчлөл чинь энэ компаниас болоод байгаа юм уу, эсвэл ерөөсөө Монголын уул уурхайн асуудал болоод байгаа юм уу гэдгийг нь ялгаж чадахгүй 2 жил болж байна. Засгийн газар шалтгааныг нь селени гээд тогтоосон гээд байгаа.

Ер нь бол би элэгний вирусээр өвчиллөө гэхэл энэ компани руу чихэж чадахгүй. Мал өвчлөөд туссан ч юм бил үү, яаж мэдэх юм бэ... Тэгээд энэ компанитай үг хэлээ ололцохгүй гээд ч яах юм билээ...

Улаанбадрах сумын малын их эмч н.Батбаяр: -Малыг эрүүлжүүлэх энэ том төслийг орон нутагт хэрэгжүүлэхээр болж байгаад маш их баярлаж байна. Мөн орон нутагт хувийн мал эмнэлгүүдийг дэмжиж, жишиг мал эмнэлгийг бий болгох, хувийн мал эмнэлгүүдийг шинжилгээ хийх аппарат хэрэгслээр хангах ажлуудыг хийх байх гэж найдаж байна. Манай Дорноговь аймагт хувийн хэвшлийн 20 мал эмнэлэг ажиллаж байгаа.

Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршооны дэд захирал Ц.Эрдэнэбаатар: -Төслийн шугамаар ирж байгаа франц эмч бол салбарынхаа тэргүүлэх зэргийн, маш сайн мэргэжилтэн байгаа юм. Бидний зүгээс нэлээд их хөөцөлдөж урилга, зарлага хүргүүлж байж шилдэг малын эмчийг Монголд авчирч хамтран ажиллахаар болж байгаа. Энэ ажлыг хийхэд Францын “Хил хязгааргүй малын эмч нар” байгууллагын зүгээс маш их дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. Франц малын эмчээс манай орон нутгийн малын эмч нар маань суралцаж, хамтран ажиллах боломж нээгдэж байна. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэ төсөлд ашигласан багаж хэрэгсэл, төхөөрөмжүүд, мөн хамгийн гол нь судалгаа, шинжилгээний баримтууд эндээ үлдэх юм.

Улаанбадрах сумын Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Наранболд: -Манай нутагт мал эмнэлгийн үйлчилгээ маш их дутагдалтай байгаа. Харин манай сумын таван багийг хамарч мал эмнэлгийн энэ том төсөл хэрэгжихээр болсон нь бидний ажилд маш их хэрэгтэй зүйл болох нь гэж бодож байна. Харин 2 жилийн хугацааг сунгах боломж байдаг юм болов уу гэж асуумаар байна.

АРЕВА Монгол ХХК-ийн ерөнхий захирал Тьерри Плэзант түүнд хариулахдаа: - Энэ бол их чухал төсөл. Ирэх 2 жилд энэ төслийг хэрэгжүүлээд, үр дүнгийг нь харъя гэж бодож байна. Үүний дараа энэ төслийг үргэлжлүүлэх асуудлыг шийдэх байх. Өөрөөр хэлбэл энэ асуудал нээлттэй байгаа.

“Хил хязгааргүй малын эмч нар” нийгэмлэгийн мэргэжилтэн Александр Ларидан: - Энэ төслийн гол зорилгын нэг нь орон нутаг дахь мал эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болж байгаа. Тиймээс бид төсөл хэрэгжүүлж байгаа нутгийн малчдаас бүлэг байгуулж, тэндээсээ нэг малчныг сонгож түүнд мал эмнэлгийн үйлчилгээ болон малын өвчлөлийн талаар маш сайн ойлголт, мэдлэгийг өгч, сургана. Энэ малчин маань аливаа ойр зуурын бэрхшээл, өвчлөл гарахад тэртээ тэргүй ачаалалтай ажиллаж байгаа мал эмнэлгийнхэнд нэмж ажил үүрүүлэлгүйгээр асуудлыг шийдэх аргыг олоход нь малчдад зөвлөхөөр хэмжээнд хүрэхээр суралцсан байх юм. Бидний бас нэг том зорилт бол малчид мал эмнэлгийн үйлчилгээг авах эрмэлзэлтэй болгох сурталчилгаа,сургалтын ажлын үр дүн гэж бодож байна.

 “АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ний Ерөнхий захирал Тьерри Плэзант:

“АРЕВА” групп техникийн ажлын амжилтаас гадна нийгмийн болон байгаль орчны чиглэлээр амжилттай ажиллахаар зорьж байна. Тиймээс бид малчдын амьжиргааг, мөн Улаанбадрах сумын хөгжлийг дэмжих хүсэлтэй байна.

“АРЕВА Монгол” компани Улаанбадрах сумаас малын гаралтай маш сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг худалдаж авсан. Бид Дулаан Уул ангидаа 4 тонн махыг Улаанбадрах сумаас нийлүүлсэн.  

2014 онд “АРЕВА Монгол” компани Дорноговь аймгийн иргэдийн амьжиргааг дэмжихээр 300 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Манай компани малчдад туслах ажлаа үргэлжлүүлж, Дорноговь аймгийн хөгжилд цаашид ч хувь нэмрээ оруулахдаа баяртай байна” гээд АРЕВА Монгол”, “Кожеговь” компаниуд эрүүл малтай баян байхын ерөөлийг малчин айлуудад дэвшүүлсэнээр тус Мал эмнэлгийн төсөл нээлтээ хийсэн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.