Агуу их Р.Чойном, О.Дашбалбар нар нэг өдөр төржээ

Twitter Print
2018 оны 02-р сар 10-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Монголын түүхэнд ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн олон сайхан эрхэм хүмүүс бий. Тэдний тоонд ХХ зууны дунд үед мэндэлж, олон түмний сэтгэл зүрхийг татаж чадсан, дурсахгүй байхын аргагүй хоёр эрхэм хүн нэг өдөр хорвоод мэндэлжээ. 

Орчин үеийн Монголын улс төр, иргэний яруу найргийн дунд үеийн нэрт төлөөлөгчийн нэг Ренчиний Чойном 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар төрсөн. Харин энэ цагийн нэрт яруу найрагч, Монгол Улcын Төрийн соёрхолт Очирбатын Дашбалбар 1957 оны хоёрдугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын Дарьганга нутагт төрсөн байна.

Тэднийг хүний зүрх сэтгэлийн гүнд хүрсэн уран бүтээл туурвидаг яруу найрагчид  хэмээн одоо ч дурсан санадаг. Р.Чойном 43 насандаа энэ хорвоог орхисон бол О.Дашбалбар мөн л 42-хон насандаа хорвоог орхисон юм.

Тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэхийн сацуу уран бүтээлийнх нь дээжээс хүргэж байна. 

Р.Чойном: Сүүлчийн шүлэг 

Ахар богино насалсан ч их яруу найргийн

Ашид мөнхийн дурсгалыг босголцлоо

Аль ч орны урчуудын бүтээгээ нь үгүй хөшөөг

Ард түмнийхээ зүрхэн тольтноо цогцлууллаа

Хүний ертөнцөөс хүн нэг дутаж

Хүндэтгэлийн ертөнцөд хөшөө нэгийг нэмж

Эрин үеийнхээ их тэнэгүүдтэй хийсэн

Ринчиний Чойномын цусгүй дайн дууслаа.

Хэнтийн их уулын цэнгэлд шартам хормойд

Хэрлэн их мөрний цэцгийн гурван сард

Эхний шүлэг бичсэн алтан өдрөөс хойш

Эгэл миний биед хоёр хүн багтсан юм.

Жир амьдралаар амьдрах нүгэлт нэгэн эр би

Жинхэнэ шүлэгчийн туулах хүнд замыг даган

Ядуу шүлэгчийн бууринаас яруу найрагч бол

Ядрал, ялалт хоёрыг нь мөрөндөө үүрч явлаа

Энхэрхэн гоо минь ээ,

Ээмэг, бөгж, бугуйвч

Эрдэнийн чулуун зүүлт

Энэ бүхэн чинь юу юм бэ?

Хүн алттай ханшдаггүй

Хүйтэн чулууг тэвэрдэггүй

Халуун цогцсыг тэвэрч

Хайрын үгэнд уярдаг юм.

Алт үг хэлдэггүй

Алаг чулуу дуу дуулдаггүй

Яруу найрагчийг мөрөн дээрээ үүрч

Ядрал цэнгэлийг нь амссан биеэрээ

Ялалтынхаа алтан хөшөөг бүтээлээ

Үүрийн гэгээ шиг залуу зандан насаараа

Үнэ хайргүй олж авсан энэ ялалтынхаа

Үр шимийг хүмүүс та нартаа баръя.

О.Дашбалбар агсны амьдралынхаа сүүлийн өдрүүдэд бичсэн шүлгийг хүргэж байна. Эрхэм найрагчийн зээ хүү Ш.Дашдорждоо зориулан бичсэн энэхүү шүлэг уншигч танд ухаарал хайрлаг.

Хүнд туслах агшин хайрла /Зээ хүү Ш.Дашдоржид/

Өлссөн нохдод хоол өгөхдөө би

Хачин их баярладаг.

Өлөгчин гичий цадаад явахдаа

Сайны ерөөл уншдаг.

Өнчин хүүхдэд хэдэн төгрөг өгөхдөө би

Хачин их баярладаг

Өр өвтгөсөн нялх амьтад нүдний нулимс гаргадаг.

Хүнд туслах агшин бүрийг

Алдахгүйг хичээдэг

Хүйтэн шөнө үнээ малыг өрөвддөг.

Эргэн тойронд минь юу ч боллоо гэсэн

Нинжин сэтгэлээ алдахгүй би

Энэ хорвоогийн амьтан бүхэнд

Хайр энэрэл хүсдэг би

Талд шогшиж яваа гуринхалсан чоныг

Хачин их өрөвддөг би

Тагтад урамдах бугыг ч

Хачин их өрөвддөг би!

Намрын бүрэнхийд даарсан

Цэцгүүдийг өрөвддөг би

Намайг хүн болгосон

Амьдралыг дээдэлдэг би

Манант хорвоогоос буцсан аав, ижийгээ

Хачин их санадаг би

Мартаж чадахгүй өдөржин шөнөжин зовдог би

Хүнд туслаагүй өдрүүд минь

Надад бараан санагддаг.

Хүйтний туйл, хоосон цөл шиг санагддаг.

Аяа, бурхан минь

Хүнд туслах ганц агшин ч болов хайрла

Алтан өдрүүд хайрлавал

Амьтны тусыг бүтээнэ би

Ганц өдөр, ганц өдөр

Ганц агшин, ганц агшин, ганц агшин