“Голден парк” хотхоныг хууль зөрчин барьсан уу

Twitter Print
2013 оны 12-р сар 09-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа хуурамч баримт бичиг үйлдэн бусдын газар дээр орон сууцны хороолол барьсан тухай баримт дэлгэе.

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр “Материалимпэкс” ХК нийслэлийн Засаг даргын захирамжаар 0136185 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан юм байна. Тус компани нь өөрийн эзэмшлийн газартаа орон сууцны хороолол барих төлөвлөгөө гаргаж архитектур төлөвлөлтийн даалгавар нь гарч 2007 оны долоодугаар сарын 25-ны өдрөөс нийслэлийн Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт барьж эхлэхээр зэхжээ. Ийнхүү барилгын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө гарч ажил эхлэх үеэр “Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа тус компанийн захирал Б.Зоригттой уулзаж “Орон сууцны хорооллыг барихад тань мэргэжлийн хүний хувьд хамтран ажиллая” хэмээн гэрээ байгуулж амжжээ. Тэр цаг мөчөөс “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваагийн хууль бус үйлдлүүд хөвөрч эхэлсэн байгаа юм.

Хоёр тал хамтран ажиллах гэрээ байгуулахдаа “Материалимпэкс”-ийн газарт орон сууцны хороолол барихад С.Нямдаваа хөрөнгө оруулалт хийнэ. Улмаар барилгаа барьж дууссны дараа ашгаа хуваах нөхцлийг тусгажээ. Гэтэл одоогийн “Голден парк” хотхоныг сүндэрлэж эхэлсэн цагаас эхлэн С.Нямдаваа газрын эздээс нүүр буруулан зугтаж эхэлсэн аж. Ингэж зугтаах болсон үндэслэл нь тэрбээр нийслэлийн Засаг даргын 2008 оны дөрөвдүгээр сарын 17-ны 181 тоот, 2010 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 877 тоот захирамжийг гаргуулан нөгөөх “Материалимпикс”-ийн  эзэмшлийн газрыг  нууцаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Ингэж хууль бусаар нэр бүхий албан хаагчдтай үгсэн хуйвалдаж дээрх газрыг шилжүүлж авснаас хойш аравдугаар хороолол дахь“Голден парк”-ын барилгуудаа эрчимтэйгээр барьж эхэлжээ.

Хууль бус газрын тухай баримт

Газраа алдсан “Материалимпекс” ХК-ийнхан өнгөрөгч 2011 оны зургаадугаар сард нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Өөрөөр хэлбэл  “Материалимпекс” ХК-ийн газрын гэрээтэй, гэрчилгээтэй, кадастрын зураг, газрын төлбөрт өөрчлөлт оруулаагүй баримт бичиг нь байсаар байтал тэрхүү газарт нь 101-107 тоот 16 давхар барилгуудыг барьж улмаар ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан аж. Уг маргааныг Захиргааны хэргийн шүүхээс хянаж үзээд өнгөрөгч 2011 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 1075 тоот захирамж гарган “С.Нямдаваагийн барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоох” тухай шийдвэрийг гаргасан байна. Улмаар 2011 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 389 тоот шийдвэр гарч нийслэлийн Засаг даргын гаргасан 181, 877 тоот захирамжаар иргэн С.Нямдаваад газар олгосон захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна. Харин хариуцагч тал буюу С.Нямдаваа шат шатны шүүхэд гомдол гаргасан ч  анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа юм. Ийнхүү шат шатны шүүхийн шийдвэрүүд гарч маргаан сунжрах хугацаанд С.Нямдаваа “Голден парк” хотхоны 16 давхар долоон барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн аж. Угтаа шүүхийн шийдвэрээр “Голден парк”-ын барилгыг барих ажиллагааг зогсоох шийдвэр гарсан атал шүүхийн тогтоолоос давж гишгэн С.Нямдаваа барилгаа барьж дуусгасан юм байна. Өөрөөр хэлбэл, Монголын гурван шатны шүүхийн шийдвэр С.Нямдаваад огтхон ч үйлчилсэнгүй.

                                        

 Барилгыг улсын комисс авсан шалтгаан юу байв

Захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шийдвэрээр “Голден парк” хотхоны газрыг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан С.Нямдаваагийн барилга барих үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан атал хуулиа давж гишгэн барилгаа Мэргэжлийн хяналтад яаж хүлээлгэж өгсөн бэ гэх хардлага хариуцагчийн талаас гарсан байгаа юм. Өөрөөр хэлбэл улсын байцаагч 2012 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу акт тавьж газар эзэмших эрхийн асуудлыг шийдтэл барилга угсралтын ажлыг зогсоох шийдвэр гаргасан байна. Гэвч улсын байцаагчийн акт хийгээд шүүхийн шийдвэрийн аль нь ч С.Нямдаваагийн “Голден парк” хотхоны барилгын ажлыг зогсоож дийлсэнгүй. Бүр тодруулбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн хяналтын дарга Ч.Мөнхжаргалын оролцоотойгоор барилга баригджээ. Ч.Мөнхжаргал гэгч нь "Голден парк" хотхоны барилгын ажлыг зогсоох 106 тоот улсын байцаагчийн акт тавьсан хэр нь зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын жагсаалтаас тус хотхоныг хасчээ. Баримт татвал “Голден парк” хотхоныг 2012 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 1845 тоот бичгээр “Зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын жагсаалтаас хасав” гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн дарга асан Ч.Мөнхжаргалын гарын үсэг бүхий баримт одоо ч бий. Энэхүү үйлдлээ Ч.Мөнхжаргал нь УМХЕГ-ын улсын байцаагч Н.Оюунчимэгийн зөвшөөрлийг үндэслэн гаргасан гэж тайлбарладаг.

Түүгээр ч зогсохгүй  нөгөөх хотхоныг улам тэлж 301-303 тоот барилгуудыг нэмж барих улсын байцаагчийн зөвшөөрлийг ч хуурамчаар үйлджээ. Өөрөөр хэлбэл  дээрх барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан, сунгаагүй гэх утгатай хоёр өөр баримт хавтаст хэрэгт  орсон нь нэг нь хуурамчаар үйлдсэн баримт юм. Хэрэгт авсан материалыг шүүх хянаж үзээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч Н.Оюунчимэгийн гарын үсэг бүхий баримтад 301, 302, 303 тоот барилгуудын дугаарыг нэмж бичсэн нь хуурамч болохыг тогтоожээ.

Үүнийгээ “Эко констракшн”-ынхан шүүх хурлын явцад хүлээсэн байна. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад баригдаж дууссан дээрх барилгын ажилтай улсын комиссынхон танилцаад “Барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг үзүүлэх, газрын маргааныг шийдүүлэх” зэрэг зөрчлийг арилгуулахыг даалгасан атал Ч.Мөнхжаргал нь нас барсан хүний өмнөөс улсын комиссын актад гарын үсэг зурж хүлээж авсан байгаа юм.                                      

Тэр ч бүү хэл барилгын ажлыг гүйцэтгэх хуурамч зөвшөөрлөө нотариатаар батлуулан ашиглаж өнөөг хүрчээ. Ийнхүү “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваа Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэсэн тул нэхэмжлэгч тал  дээрх хууль бус үйлдэлд оролцсон мэргэжлийн хяналтын байцаагчийг нь шүүхэд өгөөд байгаа аж.

Д.Жаргал

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.