
Израилийн Мерон уулын хормойд жил бүр болдог Лаг-ба-Омер шашны баярын үеэр үүссэн шахцалдааны улмаас 44 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэл гэмтэл авчээ.
Эрх баригчдын гаргасан халдвар хамгааллын зөвлөмжийг үл хайхран Лаг-ба-Омер шашны баярт оролцохоор хэдэн 10 мянган хүн цугларсан байсан ба цугларсан олон хоорондоо шахцалдаж, бие бие дээрээ унасны улмаас хүмүүс амьсгалын дутагдалд орж, зарим нь хүмүүсийн хөлд дарагджээ.
Зарим хэвлэлд шашны баярын үеэр индэр нурснаас олон хүн дарагдаж амиа алдсан гэж мэдээлсэн ч Израилийн гамшигтай тэмцэх газар уг үйл явдал олон хүний хуйлраанаас үүдэлтэй гэж үзсэн байна.
Яаралтай тусламжийн албанаас мэдээлснээр 103 хүн бэртэл гэмтэл авснаас 6 хүний биеийн байдал маш хүнд, 18 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Осол гарсаны дараа цагдаа нар ойр орчмын хөдөлгөөнийг хааж, шашны баярт оролцохоор цугларсан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Израилийн армийн зүгээс аврах ажиллагаанд туслуулахаар ослын газар луу аврах багийн албан хаагчдаа болон нисдэг тэрэг илгээжээ.
Израил нь хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулж, саяханаас хэвийн амьдралдаа эргэн ороод байгаа юм.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-middle-east
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.