Арслантай төгрөг

Twitter Print
2017 оны 03-р сар 17-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

Монголчууд арслан, бар, луу, хангарьд зэрэг дөрвөн амьтныг “хийморийн дөрвөн их хүчтэн” гэж нэрлэн шүтэж ирсэн эртний түүхэн уламжлалтай ард түмэн. Тэгээд ч хийморийн дарцагын дөрвөн талд нь эдгээр амьтдыг зурсан байдаг билээ. Өвөг дээдэс маань дөрвөн их хүчтэний дундаас араатны хаан арсланг л онцлон шүтэж ирсэн нь учиртай буй заа. Арсланг оюун ухаан, эр зориг, эрх чөлөө, эд баялаг оршин тогтнох, эд юмсыг бат найдвартай хадгалж хамгаалах, хулгай болон бусад муу муухай зүйлээс ангижруулахын бэлгэдэл хэмээн үзэхдээ хаан төрийн ширээг арслангаар чимэглэж ирсэн байх юм.

XYI зууны үед шарын шашин Төвдөөс Монголд дэлгэрэхэд уран барилгын чимэглэлд дөрвөн их хүчтэний зургийг өргөнөөр ашиглах болсон бөгөөд тэр дундаа харуул хамгаалалтын бэлгэ болгон сүм хийдийн үүдэнд чулуун арслан тавих нь элбэг болжээ. Үүний тодорхой жишээг Богд хааны ордон музей, Гандан хийдийн үүдэн дэх боржин чулуун арслангаас харж болно. Түүнчлэн сүм хийдийн чулуун баганы сийлбэр, бурхны сэнтийн түшлэг, бусад эдлэл хэрэглэл, хаалганы бариул зэргийг арслан дүрстэй хийж ирсэн бол тэр нь яваандаа нүүдэлчдийн ахуй амьдралд өргөн нэвтэрч авдар савны хээ, цоож цуурга зэрэгт араатны хааны дүрсийг дүрслэх болжээ.

Монголын уламжлалт “Ертөнцийн гурван хачин”-д Алгандаа хөхтэй арслан нэг хачин Амаа байтал шилээрээ дуугардаг голио нэг хачин Амрагийн дээд аав, ээж хоёр золгодоггүй нэг хачин хэмээн өгүүлсэн нь бий. Өнөөдөр монгол нутгийн хаана ч арслан байхгүй. Эрт урьдын цагт ч байгаагүй юм гэдэг. Тэгвэл эцэг өвгөд маань арслан алгандаа хөхтэй байдгийг яаж мэдэв ээ? Сонин юм шүү!

Арслан шүтэх энэ заншил нь монголчуудын зоосон дээр ч тусгалаа олсон байдаг. Аргун хааны/1284-1291/ үед дэлдүүлсэн мөнгөн зоосон дээр арслангийн дүрс бий. Мөн Алтан ордны улсын Жанибек хааны/1341-1378/ үед дэлдүүлсэн зоосон дээр ч бас арслангийн дүрс сийлсэн байдаг бол Манж Чин улсын Бадаргуулт төрийн /1875-1908/ үед монгол нутагт гаргаж байсан 5000 зоосны үнэлгээ бүхий “Хүрээний их сангийн тэмдэг”/одоогийн мөнгөн дэвсгэрт/-т дээр “дөрвөн их хүчтэний” зургийг зурж барласан байдаг аж. Араатны хаан арсланг мөнгө зоосон дээр дүрслэх энэ уламжлал хожим ч тасраагүй юм.

1966 онд гүйлгээнд оруулсан шинэ мөнгөн дэвсгэртийн нэг төгрөгийн тухайд олон янзын сонирхолтой хууч яриа, түүх домог байдаг билээ. Олны ам дамжсан яриагаар бол уг нэг төгрөгийн нүүрэн талд арслангийн толгойн дүрсийг чадмаг нууцлан дүрсэлсэн байдаг тул “арслантай төгрөг” хэмээн нэрийдэх болжээ.

Мөн зарим хүмүүсийн яриагаар бол нэг төгрөгийн нүүрэн талд монгол орны газрын зургийг дүрсэлсэн гэх нь ч бий. Нээрээ л сайн ажиглан харвал мөнөөх нэг төгрөгийн нүүрэн талд монгол орны газрын зураг, арслангийн толгойн дүрс сэлт аль, аль нь харагдах нь ч бий. 1966 оны мөнгөн тэмдэгтийг урласан “уран” Ц.Минжүүр гуай төгрөгийн нүүрний нэг гэсэн тооны эргэн тойрон дахь хээ чимэглэл, нарийн жигд зураасан дунд амгалан сүрлэг арслангийн нууц дүрсийг гайхам уран аргаар зурсан аж. Улсын мөнгөн тэмдэгтэд арслангийн нууц тэмдэг дүрс хийх санааг түүнд анх эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн гуай хэлж өгсөн гэдэг. 

Ц.Дамдинсүрэн гуай “Манай өвөг дээдэс арслан бол амгалан, хүчирхэг, итгэлтэй хамгийн гол нь шуналгүй амьтан гэж бэлгэшээн тамганы хайрцаг, авдар, сан хөмрөгийн хайрцагны нүүрэн дээр зурж урладаг байж. Зураач “бурхан” Минжүүр мөнгөн тэмдэгтийн зураг зурах нууц даалгавар аваад юм асууя гэж ирэхээр нь арслан зурж болох юм. Аргыг нь олж байгаад оруулчих. Хэтэрхий хичээж тайлбарлавал хуучны юм сэргээх гэлээ гээд өөрчилчихнө шүү. Харин зургийнхаа эхийг хүнд үзүүлсэн тухай битгий яриарай гэж захиад явуулсан. Минжүүр их уран зурсан байна билээ” хэмээн дурсан ярьж байжээ. Тэр цагаас хойш учир мэдэх хүмүүс арслантай нэгтийг “Минжүүрийн төгрөг” гэж хэлэлцэх болсон бөгөөд хожим Завхан аймгийн харьяат зохиолч Ц.Сайннямбуу үгийг нь бичсэн “Арслантай төгрөг” хэмээх дуу “төрж” дуучин А.Баяржаргал дуулж билээ.

Сая төгрөг ч нэг төгрөгнөөс эхэлдэг билээ. Миний түрийвчинд 1966 оны нэг төгрөгийн дэвсгэрт байнга явдаг юм. Энэ “арслантай” төгрөгийг харах тоолонд Ц.Дамдинсүрэн гуайн хурц ухаан, холч бодол, Ц.Минжүүр гуайн уран гарыг бахдан бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм даа. Араатны хаан арслангийн амгалан сүрлэг дүрс Монгол Улсын мөнгөн тэмдэгт дээр үе улиран заларч байх болтугай.

SORONZON
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.115.187) 2017-03-18 20:29
      • 0
      • 0

      Үнэхээр бэлэгдэлтэй юм байна шүү. Баярлалаа

      Хариулах