
Муруй хамар, бүргэд хамар, дугариг нүүр, гонзгой нүүр...Та ямар ч хэлбэр, хэмжээтэй царайтай байсан гэсэн, танд тохирох нүүр будалтын зөвлөгөөг танд хүргэж байна. Бүсгүй таны амралтанд тусгайлан зориулсан юм шүү.
Хамарны хэлбэр
• Хэрэв таны хамар хянга (хамарны дунд хэсгийн яс дэндүү товгор) бол бор сааралдуу өнгөтэй нүдний тень, эсвэл боронзоор хамарныхаа хоёр талаар нарийхан зураас зурааарай. Зураасныхаа төгсгөлийн хэсэгт дээшээ чиглэсэн зураас нэмж өг. Ингэвэл арай богинохон харагдана.
• Хэрэв таны хамар бага зэрэг муруй бол, тослог цайвар будгаар хамарныхаа шугамыг дагуулан, эгц зураас зураарай. Энэ нь хүний харааг хуурч чадна. Гэхдээ багсаар бага зэрэг тарааж, уусгаж өгөхөө мартуузай.
Нүүрний хэлбэр
• Та дугуй, бөөрөнхий нүүрээ бага зэрэг шөвийлгөхийг хүсвэл, шанаагаа дагуулж доош нь боронзоор буд. Эрүүнийхээ, болон хүзүүнийхээ шугамыг ч бас дагуулаад будчихад илүүдэхгүй. Дараа нь хацарныхаа ясыг гэгээлэг өнгөлөгчөөр тодруул.
• Хэрэв та өөрийгөө дэндүү шөвгөр, туранхай царайтай гэж боддог бол, хацар өнгөлөгчөөр хацарныхаа төвгөр ясыг тодруулан өнгөлөөрэй.
• Том духыг жижигсгэхийг хүсвэл, таны арьстай уусах өнгийн боронзоор үснийхээ шугамыг дагуулан буд. Ингэснээр та нүүрнийхээ дээд хэсгийг сүүдэрлэж байна гэсэн үг. Мөн бусдын анхаарлыг духнаас холдуулахын тулд тод уруулын будаг хэрэглэж болно.
• Хэрэв таны хацарны яс дэндүү их ялгарч харагддаг бол хацар өнгөлөгчөө гадагшаа чиглэлтэй биш цагираг хэлбэртэйгээр тарааж будаад үзээрэй. Дараа нь түүн дээрээ гялалздаг кремээр хөндлөн зураас гаргаж будаад хоёр тийш нь уусга.
Нүд
• Хэрэв таны нүд урт, өргөн бол нуухан талын дотор хэсэгт анхаарлаа хандуул. Хар эсвэл хар хөх өнгийн, нарийхан боловч зөөлөн үзүүртэй харандаагаар, тэр хэсгийнхээ нүдний үзүүрт бага зэрэг шугам нэмж өг.
• Жижиг нүдийг тачаангуй, хурц болгож харагдуулахыг хүсвэл дээд болон доод хүрээг хар өнгөөр хүрээлээрэй. Энэ нь анхаарал татахуйц харцыг бий болгож сормуусыг чинь илүү өтгөн харагдуулна. Хүрээлсэн хэсгийнхээ доогуур биений өнгөтэй, эсвэл шаргал өнгөтэй харандаагаар зурж өг.
• Унжуу, доошоо нүдийг дээшээ чиглэлтэй зурсан нарийхан контураар засч болно. Та контураа сормуусныхаа шугамын талаас эхлүүлж, гадагшаагаа үл ялиг илүү гарган зураарай.
• Дэндүү ойрхон нүдийг хэрхэн “холдуулах” вэ? Нуухан талын дотор хэсэгт цайвар өнгийн гялалздаг будаг түрхэж, зовхины тал хүртэл уусга. Мөн сормуус, болон контураараа аль болох гадагш нь чиглүүлж будаарай.
Хөмсөг
• Хэрэв та өөрийнхөө өтгөн хөмсөгийг тусгай үдэшт зориулан нарийхан болгож харагдуулахыг хүсвэл хөмсөгнийхөө ясан дээр цайвар, гэрэлтүүлсэн будаг түрх.
• Хэрэв таны хөмсөг сийрэг бол, түүнийг хөмсөгний пудр, эсвэл хуурай нүдний тениэр нягт болгож буд. Ингэхийн тулд нүдний будагны жижиг, өнцөгтэй багсанд үснээсээ нэг тон цайвар өнгийн будаг түрхээд хөмсгөн дээрээ богино, олон ширхэг, дээш чиглэсэн зурааснуудыг нэмнэ.
Сормуус
• Сийрэг сормуусаа өтгөн харагдуулахыг хүсч байна уу? Өнцөгтэй, жижиг багсаа тосон контуранд дүрээд сормуусныхаа угнаас үзүүр рүү чиглүүлж, хоёр тийш хөдөлгөн өтгөрүүлж будаарай. Дээр нь сормуусны будаг нэм.
Уруул
• Хэрэв та уруулаа илүү дүүрэн, зузаан, памбагар харагдуулахыг хүсвэл цайвардуу, гялалздаг өнгөлөгч түрхээд, голынх нь хэсэгт давхарлаж өгөөрэй.
• Хэрэв таны уруул цонхигор, пигмент муутай бол ягаавтар-шаргал будгаар будаж хатаагаад, дараа нь хүссэн өнгөлөгчөө түрх. Өнгөлөгч алга болж болох ч суурь өнгө нь таны уруулыг өдрийн турш амьд харагдуулна.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.