Хоолоор өөрийгөө эмчлэхүй

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Хүний хоол хүнсний хэрэглээний онцлог, сурсан дадал, заншил олон янз. Өдөр тутмын хоол ундаа зохицуулан хэрэглэдэг хүмүүс байхад өлссөн хүн юу олдсоноо л иднэ. Шохоорхол, амтны сонирхолдоо хөтлөгдсөн хүн амттай, өнгөтэй болгонд нүдээ өгөхөө буцахгүй.

Өвдөхгүйн тулд өөртөө тохирох хоол, хооллолтын дэглэмийг баримталдаг ухаалаг, нямбай хүмүүс ч бий. Анхнаасаа буруу хооллож үүнээс үүдэн өвчин эмгэгт баригдсан үедээ эмчилгээ, сувиллын хоолны дэглэм баримтлах шаардлагатай хүмүүс ч цөөнгүй. Ийм болохоор хүнс, хоолоо зөв сонгож ухаалгаар зохицуулан хэрэглэж занших нь эрүүл мэндээ сахин хамгаалах хамгийн найдвартай арга юм.

Зөв, зохистой хооллолт нь зах зээл дээрх бүтээгдэхүүний нэр төрөл, хангамж хүрэлцээ, хүн амын худалдан авах чадвар, хэрэглэгчийн хоол хүнсний талаарх мэдлэг, хэрэглээний соёл гэсэн хүчин зүйлээс шууд хамааралтай.  Эдгээрээс хүмүүсийн хоол хүнсний талаарх мэдлэг, хэрэглээний соёлтой холбогдсон зарим нэг зүйлийг товчоор тайлбарлахыг хичээе. 

Хоолыг боловсруулахад төрөл бүрийн энзим буюу фермент оролцох бөгөөд эдгээр нь харилцан өөр өөр орчныг /хүчиллэг, шүлтлэг, завсрын г.м/ шаарддаг. Эдгээр орчин нь харилцан эсрэг үйлчилгээтэй байдаг тул ямар хоол, бүтээгдэхүүнийг хамт, эсвэл тодорхой дараалал, хугацаатай хэрэглэхээс хоолны  боловсролт, шингэц  шалтгаална. Жишээ нь уураг, нүүрс ус агуулсан хоол нэг дор хэрэглэхэд тэдгээрийг боловсруулах ферментүүд нь өөр өөр орчин шаардаж улмаар хоол боловсруулах систем хэт ачаалалд орж хоолны  шингэц саардаг.

Тухайлбал, мах, загас, далай тэнгисийн бүтээгдэхүүн, өндөг, сүү, тослог багатай бяслаг, үрт жимс /алим, лийр г.м/, ястай жимс /гүйлс, интоор, хар чавга г.м/, гадилаас бусад экзотик болон цитрусын жимс, жимсгэнэ, жимсний шүүс, жимстэй цай, хуурай болон хагас хуурай, шампанск дарс,  шар буурцаг зэрэг уурагт хүнс  нь хүчиллэг орчныг шаардаг. Эдгээрээс хүчил харьцангуй их хэмжээгээр ялгаруулдаг бүтээгдэхүүнд мах, хиам, өндөг, бяслаг, амтлаг /чихэрлэг/ хүнс, цагаан гурилаар хийсэн зүйл, согтоогч ундаан, кофе орно.

Шүлт ихээр ялгаруулдаг хүнсний бүтээгдэхүүнд ногоо, шинэ жимс, төмс, ногоон шанцай ордог бол хуурай жимс, түүхий сүү, мөөг зэрэг нь шүлт бага ялгаруулдаг. Хүнсний зүйлийн найрлага дахь магни, кали, кальци, натри нь шүлтлэг орчныг бүрдүүлэхэд ихээхэн рольтой. Эдгээр эрдэс болон В бүлгийн  аминдэм нь хүчиллэгийг саармагжуулдаг. Ингэснээр хүчил-шүлтийн балансыг бий болгож чадна. Нүүрс ус агуулдаг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, газрын лийр, ногоон байцаа гэх мэтийн ногоо, улаан лооль, бууцай,  шинэхэн гадил, хатаасан гүйлс, инжир, үзэм, амтлаг хоол, пиво зэрэг нь шүлтлэг орчинд сайн боловсордог. Харин  аарц, зөөхий, самар, бор гурилын бүтээгдэхүүн зэрэг нь хүчил бага ялгаруулагч хүнсэнд багтана. Хүчил ихээр ялгаруулдаг хүнс хэтрүүлж хэрэглэх нь олон зүйл өвчин үүсгэх сөрөг нөлөөтэйг эмч нар тогтоожээ. Иймд шүлтлэг бүтээгдэхүүн хэрэглэх замаар хүчил-шүлтийн тэнцвэржилтийг хангадаг. Хоногт хэрэглэх хоол хүнсний харьцаа 50-60% шүлтлэг, 40-50% хүчиллэг байвал зохимжтой гэж үздэг. 

Харин завсрын буюу саармагжуулах үйлчилгээтэй хүнсний зүйл болох навчит ногоо, сонгино, байцааны төрлүүд, амтат чинжүү, шинэхэн улаан лооль, шар лууван, манжин, хүрэн манжин, чэс, өргөст хэмх, хурган гуа, хулуу, саримс, хэрээн нүд, цоохор майлз, мөөг, сүүг исгэж хийсэн бүтээгдэхүүн, чидуны жимс, амт оруулагч үнэрт ургамал, рашаан ус, навчин цай, найруулж шингэлсэн жимсний шүүс зэрэг нь хүчиллэг болон шүлтлэг орчинд сайн боловсордог.

Бас нэг анхаарах зүйл бол хоол, ундааныхаа халуун хүйтнийг, өөрөөр хэлбэл температурыг зөв тохируулж хэрэглэж сурах явдал юм. Хоол боловсруулах ферментийн үйлчлэл нь хоол ундааны температур хүний биеийн температуртай хичнээн ойролцоо байх тусам идэвхтэй байдаг тул хоолыг хэт халуун, бас хүйтэн биш, тохирсон температуртай хэрэглэж занших хэрэгтэй. 

Улирлын онцлогт зохицуулан хоолоо сонгох явдал чухал. Тухайлбал, хавар, зуны улиралд сүү, цагаан идээнээс гадна ургамлын гаралтай хүнс, харин намар, өвлийн улиралд уураг, өөх тосоор баялаг хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Өвөл, хаврын улиралд шар лууван, манжингийн шүүс, дарсан байцаа, чацаргана болон аньсны шүүс зэргийг хэрэглэж аминдэмийн хэрэгцээгээ зохих хэмжээгээр хангах боломжтой. Нөгөө талаар хоолыг ямар ч тохиолдолд хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Их идсэнээс үүдэж өвчлөлт үүсдэгийг  цаг ямагт анхаарахад илүүдэхгүй. Эцэст нь нэгэнт өвдсөн бол хоолоо хэрхэн тохируулж хэрэглэх талаар бяцхан зөвлөмж хэлье. 

Бөөрний өвчтэй хүмүүс А,РР,В-ийн төрлийн аминдэмээр баялаг хүнс болох  сүү, тараг, ээдэм, аарц зэрэг сүүн бүтээгдэхүүн мөн шээс хөөх үйлчилгээтэй тарвас, хулуу, манжин, хар чавга, үзэм зэргийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Халуун хоолны зүйлээс ууранд жигнэж болгосон өөх багатай бараан махан хоол, хөөрүүлсэн сүү, сүүтэй будаа зэргийг хэрэглэж, харин мөөг, загасны мах, бүх төрлийн  лаазалсан бүтээгдэхүүн, сонгино, саримс, гоньд, гич, орос цуу зэргээс аль болох татгалзаж байхыг эмч нар зөвлөдөг.

Ходоод, арванхоёр нугалаа гэдэсний шархлаатай хүмүүст В,С аминдэмээр баялаг, уураг, өөх тосны тэнцвэртэй, гол төлөв жигнэж болгосон хоол, тухайлбал, сүүтэй будаа, гоймонтой шөл, төрөл бүрийн жимсний шүүс, тахиа, загас болон өөх багатай хар шөл, өөх багатай үхрийн болон загасны махан котлет, сайтар болгосон хар мах, хачир нь төмс, лууван, ногоон вандуй, навчит ногоон ургамал, бууцай  байх нь илүү зохимжтой. Ялангуяа цэцэгт байцааг хоолондоо тогтмол хэрэглэж хэвшвэл шулуун гэдэс, ходоодны хавдар өвчнөөс урьдчилан сэргийлдэг ажээ. Өглөө өлөн элгэн дээрээ буцалгасан ус, зөгийн балтай ус, үзэмний юмуу ээзгийний шүүс хэрэглэж занших нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг эрчимжүүлэх ач холбогдолтой. Харин энэ төрлийн өвчин эмгэтэй хүмүүс өтгөн кофе, гоньд, чинжүү, шинэ барьсан талх, давсалсан, дарсан өргөст хэмх зэргийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Зүрх судасны өвчтэй хүмүүс судасны хэвийн үйл ажиллагааг хангах, биед байгаа илүүдэл бодисыг гадагшлуулах зориулалттай хоол хүнс болох өөх тос багатай болон цагаан хоол түлхүү хэрэглэх нь зохимжтой. Бүх төрлийн цагаан хоол, загасны шөл, жигнэж болгосон малын болон загасны таташ махан хоолыг бүх төрлийн шинэ ногооны шанцайгаар хачирлаж хэрэглэхээс гадна долоо хоногт 2 ширхэг өндөг идэж байх нь зүйтэй.

Дашрамд тэмдэглэхэд улаан лооль нь В,С,Р аминдэм, каротинаар баялаг ногоо бөгөөд цусны даралттай, бөөрний өвчтэй хүмүүсийн эмчилгээнд тустай, бас түүнд агуулагддаг зарим бодис зүрх судсыг хамгаалдаг. Цэцэгт байцааг хоолондоо тогтмол хэрэглэж дадвал К аминдэмээ нөхөж судасны хана бат бэх болж улмаар зүрх судасны өвчлөл, цус харвалтын аюулыг багасгадаг байна. Түүнчлэн хоол цай, ундааны бүхий л шингэн нийлээд хоногт 1,5-1,8 литрээс хэтрэхгүй байвал зохино.  Харин хурц үнэр, амттай бүх төрлийн амт оруулагч, цагаан талх, бялууны өнгөмж /крем/ хэрэглэхээс зайлсхийвэл зохино.

Чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд тодорхой хэмжээний уураг, өөх тос агуулсан В,С аминдэмээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр бэлтгэсэн олон төрлийн хоол байж болно. Тухайлбал, загас, тахианы болон бараан махтай шөл, ногоотой шөл, зөөлөн галаар чанаж, эсвэл жигнэж болгосон гахай, тахиа, үхрийн махыг улаан лууван, хулуу, манжин, байцаа зэргээр хачирлаж идвэл зохимжтой. Түүнчлэн өдөрт 300-400 мл тараг хэрэглэж заншвал сайн. Чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд хориглох зүйл нь цагаан талх, мантуу, хөөмөл бууз зэрэг хөөлгөсөн гурилаар хийсэн бүхий л бүтээгдэхүүн, төмс, чихэр, шоколад, өөхтэй хиам болон тарган мах болно.

Ж.Октябрь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.