Цагаан сарын зоогийн ширээнд

Twitter Print
2017 оны 02-р сар 24-нд 18:34 цагт
Мэдээний зураг,

Цагаан сарын хүндэтгэлийн зоогийн ширээг чимэглэх, ирсэн зочноо соёлтой дайлах, уламжлалт болон орчин цагийн хоол ундааг зохицуулан хэрэглэхэд төрөл бүрийн зууш, ялангуяа өнгө алагласан ногооны шанцай зайлшгүй шаардлагатай. Иймд нэг их цаг, хөдөлмөр зарцуулахгүйгээр гэрийн нөхцөлд шууд бэлтгэж болох зарим шанцай бэлтгэх аргын талаар бичиж гэрийн эзэгтэй танаа өргөн барья.

Чинжүүтэй шанцай

1кг шанцайнд: Амтат чинжүү-200 гр, шинэ улаан лооль-20 гр, шинэ өргөст хэмх-150 гр, булцуут сонгино-150 гр, талхны нунтаг  хатаамаг (сухарь)-100 гр, зөөхий-20 гр, нунтаг хар повоор, давс амт оруулах хэмжээгээр

Хийх арга:

Чинжүүг үрээс нь цэвэрлэж дэрс хэлбэр дүрстэй хэрчинэ.

Улаан лооль, өргөст хэмхийг нимгэн хавтгай хэрчинэ.

Сонгиныг жижиглэж хэрчинэ.

Талхны нунтаг хатаамгийг саванд хуурч дээр нь чинжүү, бусад ногоогоо нэмж хутгаад давс, повоороор амт тохируулж зөөхийгөөр найруулна.

Холимог шанцай

Нэг тавагт: Шинэ улаан лооль-20 гр, шинэ өргөст хэмх-20 гр, булцуут сонгино-10 гр, бөөрөнхий байцаа-40 гр, амтат чинжүү (болгар чинжүү)-10 гр, цуужуулсан мөөг-10 гр, өндөг- 1/8 ширхэг, шанцайн амт оруулагч-20 гр

Хийх арга:

Улаан лоолийг нимгэн дугуй, өргөст хэмхийг сармис, булцуут сонгиныг хагас цагираг хэлбэр дүрстэй хэрчиж байцаа, чинжүүг жижиглэж татна.

Байцаан дээр давс үрж хэсэг байлгаад шүүснээс нь базаж авна.

Бүх ногоог нийлүүлж шанцайн амт оруулагчаар найруулж таваглаад цуужуулсан мөөг, зүссэн өндөг, бусад ногоогоор чимэглэнэ.

Шанцайн амт оруулагчийг бэлтгэхийн тулд 500 мл ургамлын цэвэр тосонд 40-45 г буюу хоолны 2 халбага орчим элсэн чихэр, цайны 2 халбага давс, чимх нунтаг повоор хийж уусгасны  дараа 500 мл 3%-ийн цагаан цууны уусмал хольж сайтар хутгана. Энэ нь ойролцоогоор 50 таваг шанцайг найруулахад хүрэлцээтэй. Шанцайн амт оруулагчийг хэрэглэхийн өмнө сайн сэгсэрч зайлах буюу хутгаж самрах хэрэгтэй.

Хүрэн манжинтай шанцай (Винегрет)

1000 г буюу 10 таваг шанцайнд: Шар лууван-125 гр, хүрэн манжин-200 гр, төмс-300 гр, давсалсан өргөст хэмх-200 гр, исгэлэн (дарсан) байцаа-200 гр, ногоон сонгино-180гр, эсвэл булцуут сонгино-180 гр, ургамлын тос-100 гр, эсвэл шанцайн амт оруулагч-100 гр, давс, нунтаг повоор амт оруулах хэмжээгээр

Хийх арга:

Чанасан төмс, хүрэн манжин, шар лууван, түүнчлэн давсалсан өргөст хэмхийг нимгэн хавтгай юмуу жижиг шоо дөрвөлжин хэрчинэ.

Дарсан байцааг шүүснээс нь базаж гаргаад дээрх ногооны адил жижиглэж хэрчинэ. Байцаа хэт давстай бол усаар угааж давсыг багасгана.

Сонгиныг жижиглэж хэрчинэ.

Бүх ногоог нийлүүлж ургамлын тос юмуу шанцайн амт оруулагчаар найруулж таваглана.

Цагираг хэлбэр дүрстэй хэрчсэн сонгино, салатны навчаар  чимэглэнэ.

Ж.Октябрь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • MOOGII

      (112.72.13.97) 2015-08-26 20:10
      • 0
      • 0

      TENGER ORSHOO BAGSH MINI.TENGERIIN ORONDOO AMGALAN NOIRSOOROI

      Хариулах