“Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих” үндэсний сургалт болно

Twitter Print
2015 оны 02-р сар 04-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Ногоон хөгжил стратеги төлөвлөлтийн газраас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих” үндэсний сургалт семинар  энэ сарын 4-6-ны өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болж байна.

Сургалт, семинарт УИХ-ын холбогдох байнгын хорооны гишүүд, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБ-ын Олон Улсын Байгаль орчны технологийн төвийн захирал Сурендра Шреста нар болон БОНХАЖЯ, нийслэлийн ЗДТГ-ын холбогдох газар, хэлтсийнхэн, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагынхан оролцож хог хаягдлын тулгамдсан асуудлаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож, цаашид авах арга хэмжээг тодорхойлох юм.

Хог хаягдлын талаарх хууль эрх зүй, дүрэм журам, стандарт, аргачлал, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын талаарх судалгаа, хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулж байгаа өнөөгийн байдал, үүнд тулгарч буй бэрхшээл, хог хаягдлын менежмэнтэд олон нийтийн оролцоог хангах зэрэг нь сургалт, семинарын үндсэн сэдвүүд юм. Сургалт, семинарын хоёр дахь өдөр буюу энэ сарын 5-нд Нарангийн энгэрийн хог хаягдал булшлах цэг дээр очиж танилцах бөгөөд  эмнэлгийн хог хаягдлын менежмент, Улаанбаатар хотын хог хаягдлын бодлого, төлөвлөлт, менежментийн талаар танилцуулна.

Түүнчлэн сургалт, семинарын гурав дахь өдөр  хог хаягдлын менежментийн  жишиг төсөл, байгаль орчинд ээлтэй технологи, хог хаягдлын менежмент дэх төр,  хувийн хэвшлийн түншлэлийн боломжит хувилбаруудын талаар хэлэлцэж, тодорхойлно.

УИХ-аас 2012 онд Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох  тухай, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай, Нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулиудын нэгтгэн “Хог хаягдлын тухай” хуулийг шинэчлэн баталжээ. Мөн өнгөрсөн онд УИХ-аас “Ногоон хөгжлийн бодлого”, Засгийн газраас “Хог хаягдлын менежментийг сайжруулах Үндэсний хөтөлбөр”, 2013 онд НИТХ-аас “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 оны хөтөлбөр”  зэрэг томоохон баримт бичгүүдийг батлан гаргаад байна. Эдгээр хууль, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 10 гаруй дүрэм, журмыг батлан гаргах шаардлагатай бөгөөд уг асуудлаар БОНХАЖЯ дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна.

БОНХАЖЯ-нд байгаа мэдээллээс үзвэл сүүлийн дөрвөн жилийн байдлаар зөвшөөрөлтэй хогийн цэгт хаягдаж байгаа хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонн-оор нэмэгдэж, 2013 онд  2.3 сая гаруй тоннд  хүрчээ. Улаанбаатар хотод хог хаягдал тээвэрлэдэг 20 аж ахуйн нэгж, байгууллага байдаг бөгөөд тэдгээр нь хог хаягдал тээвэрлэх нийт 264 тээврийн хэрэгсэлтэйгээс 179 тээврийн хэрэгсэлд GPS суурилуулсан мэдээ байна. Нийслэлд жил бүр 850 мянган тонн хог хаягдал үүсдгээс 750 мянган тонн нь ахуйн, 80 мянган тонн нь барилгын, 10 мянган тонн нь аюултай, нэг мянган тонн нь эмнэлгийн хог хаягдал үүсдэг ажээ.   

Сүүлийн үед хог хаягдлын шинэ үзэл баримтлал бий болов. Үүнд: Waste гэдэг нь зөвхөн хаяж зайлуулах материал биш ба энэ ойлголтод нөөцийн алдагдал (илүүдэл, үр ашиггүй хэрэглээ), алдагдсан хугацаа, хог хаягдлыг шийдвэрлэх, боловсруулахад гарсан зардал зэрэг орно. Жишээ нь, материал, төхөөрөмжийн зүй бус элэгдэл, эвдрэл гэмтэл, тэдгээрийн ашиглалтаас гарсан алдагдсан боломжууд мөн орно. Тодорхой хэлбэл, Waste гэдэг үг нэг талаас хог хаягдал, нөгөө талаас алдагдал, гологдол, үр ашиггүй байдал гэсэн давхар санааг илэрхийлж байна.

“Хог хаягдлын менежмент” гэхээр бид хогоо хэрхэн хаяхыг түрүүнд боддог. Үнэндээ энэ нь “хаягдал, алдагдал гарахаас урьдчилан сэргийлэх” менежмент байдаг. Өөрөөр хэлбэл “waste management” гэдэг нь хэрхэн алдагдал гаргахгүйгээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, цагийг үргүй ашиглах, хог хаягдал, алдагдал, үр ашиггүй байдлаас гарах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэж ойлгож болно. Иймээс бид “waste management” гэдгийг “хог хаягдлын менежмент” биш, “алдагдал, хаягдлыг бууруулах, нөөцийн хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх менежмент” гэж ойлгох  нь зүйтэй юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • солонго

      (27.123.213.245) 2015-02-04 13:44
      • 0
      • 0

      тэгээд ийм сургалтаа эртхэн сайт дээрээ тавихад яадаг байнаа өнгөрсөн хойно нь мэдээгээ тавих юм. Ер нь иймэрхүү сургалтууд дандаа цөөхөн хэдэн хүмүүсийн дунд олон нийтийг хамруулж чадахгүй байгаа шүү дээ сонирхсон хүмүүс зөндөө байгаа. ядаж 7 хоногийн өмнө ийм зараа тавьчих хэрэгтэй ш дээ

      Хариулах