Д.Сүхбаатар бол Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн алдарт хүн мөн

Twitter Print
2017 оны 02-р сар 02-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Цаг үеийнхээ  түүчээ  болсон бид үе үеийн эх орончдыг дурсан санаж, тэдний алдар гавьяаг ирээдүй хойчдоо өвлүүлэн хүргэж байх учиртай. Бидний үнэт өв бол эх орон, үүнийг хамгаалж ирсэн үе үеийн алдартнуудын түүхэн замнал гэдэгтэй маргах хүн нэгээхэн ч үгүй биз ээ. Тэгвэл  өнөөдөр Монголын  залуучуудын  байгууллагыг үндэслэгч  их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн түүхэн өдөр тохиож байна. 

Тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2 буюу өдгөөгөөс 124 жилийн өмнөх энэ өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Хүүхэд насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байжээ.

1913 оны 7 дугаар сард 5 дугаар зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард 4 дүгээр жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ. 

Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны 1 дүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон ажээ.

Д.Сүхбаатар 1920 онд ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож Эрхүү хотноо 4 сар шахам ажиллахдаа Сибирийн 5 дугаар армийн газар цэргийн сургууль хийж байв. 1921 оны 2 дугаар сараас АЖЦ элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 6-нд АЖЦ-ийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилсон ажээ. Тэрбээр 1921 оны 3 дугаар сарын 24-нөөс, 1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.

Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнав

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 

Тэрээр 1923 оны хоёрдугаар  сарын 20-нд зуурдаар таалал төгссөн бөгөөд насан эцэслэхийнхээ өмнө “Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ. Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!” гэж гэрээсэлжээ.

Улаанбаатар хотын төв талбайг Д.Сүхбаатар хэмээн нэрлэв

1929 оны 8 дугаар сард Намын Төв Хороо Зөвлөлтийн зураач К.Померанцевийн гаргасан Д.Сүхбаатарын хөшөөний төслийг сайшаан баталжээ. 1930 оны намар уг төслийн дагуу бүтээсэн Д.Сүхбаатарын хөшөөг Улсын төв театрын өмнөх талбайд босгосон байна. Энэ үеэс эхлэн Улаанбаатар хотын төв талбайг Д.Сүхбаатарын гэж нэрлэх болжээ.

1941 оны 10 дугаар сард гаргасан МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн тогтоолоор Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын том хэмжээний хөшөө босгохоор заасан байна.

Сүхбаатарыг Монголд болон гадаадад алдаршуулсан тухайд

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 2 дугаар сарын 20-ны тогтоолоор Шинэ хүчний дээд сургууль /хуучин Намын дээд сургууль гэж байсан/, уугуул нутаг Жавхлант Шарга аймгийн Жавхлант Шарга сумыг /одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум/ Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. Улмаар 1943 оны 8 дугаар сарын 6-ны тогтоолоор Д.Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургуулийг байгуулсан байна. Мөн оноос Шинэ хүчний дээд сургууль, Улсын Их Сургууль, Цэргийн Ерөнхий сургууль /одоогийн БХИС/, Хязгаарын газрын төв сургуулийн шилдэг тэргүүний онц суралцагсдад Д.Сүхбаатарын нэрэмжит шагнал/цалин/ олгох болов.

1943 оны 2 дугаар сар, 1944 оны 12 дугаар сард МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн “Монгол ардын хувьсгалын удирдагч Сүхбаатарын музей байгуулах тухай” тогтоол гарч Д.Сүхбаатарын музейг Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг эзлэн авмагц Ардын Түр Засгийн газар, Ардын журамт цэргийн штаб байрлаж байсан байшинд байгуулав.

1945 оны 9 дүгээр сарын 17-ны БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын төрийн хамгийн дээд шагнал Сүхбаатарын одонг бий болгожээ. Мөн оноос Д.Сүхбаатарын тухай дурдатгал гарчээ.

1946 оны 2 дугаар сарын 23-ны Намын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хурлаар уран барималч С.Чоймболын гаргасан Д.Сүхбаатарын хөшөөний загварыг батлав. Энэхүү загварын дагуу бүтээсэн хөшөөний суурийг мөн оны 4 дүгээр сарын 5-нд тавьж, 7 дугаар сарын 8-ны өдөр уг хөшөөг ёслол төгөлдөр нээсэн байна. Уг хөшөөг босгосонтой холбогдуулан 1930 онд босгосон хөшөөг Улс төрийн товчооны 1946 оны 5 дугаар сарын 20-ны шийдвэрээр одоогийн БХЯ-ны барилгын үүдэнд байрлуулжээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 7 дугаар сарын 10-ны тогтоолоор Дотоод Явдлын Яамны Улаан тугийн одон тэмдэгт тусгай хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ.

1947 оны 7 дугаар сарын 9-нд Ардын хувьсгалын 26 жилийн ойгоор Алтанбулаг хот дахь Д.Сүхбаатарын ажиллаж байсан байшинд түүний музейг байгуулан хөшөө босгожээ. Энэ музейг 1971 онд өргөтгөж хувьсгалын музейн салбар болгов. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1948 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор Улсын хэвлэх үйлдвэр, Улаанбаатар хотын төв цахилгаан компинат /Одоогийн 1 дүгээр цахилгаан станц/, Хужиртын халуун ус/ одоогийн Хужиртын рашаан сувилал/, Улаанбаатар хотын 5 дугаар хороо/ одоогийн Сүхбаатар дүүрэг/, Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон гэхчилэнгээр Монгол улсын анхны Зоригт баатарын нэрийг мөнхжүүлэх түүхэн өв үнэлж баршгүй билээ. 

Суврага хэлбэрт энэ хөшөөний дөрвөн талд зүмбэрлэсэн зураг нүүрэн талд нь Д.Сүхбаатарын морьтой дүрс байдаг. 1946 онд төв талбайг цардаж шинэ хөшөө босгоход хуучин хөшөөг нүүлгэн Цэргийн ерөнхий сургуулийн барилга буюу одоогийн Батлан хамгаалах яамны барилгын өмнө 1976 он. байрлуулжээ.

Д.Сүхбаатар Х.Чойбалсан нар 1921 он.

Д.Сүхбаатар 1893 онд энэ байшинд эцэг эхийн хамт амьдарч байжээ.

Д.Сүхбаатар 1919 онд цэргээс халагдан ирээд энэ хашаанд амьдарч байжээ.

Д.Сүхбаатар гэргий Янжмаагийн хамт. 1918 он.

Бэлтгэсэн: Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.