Дахиад л тамга авч зугтав

Twitter Print
2015 оны 02-р сар 02-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Албан тушаалтнууд АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлж сураад байгаа. Жил ирэх тусам хөрөнгөө нуудаг “хэрэг” цөөрч байгаа талаар АТГ-ынхан хэлдэг. Гэхдээ хөрөнгөө нуухаа больсон нь үнэн үү, эсвэл нууж сураад байна уу гэдэг асуулт гарч ирээд байна.

Хамгийн сүүлд, 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн араас хийсэн тандалтаар СХД-ийн Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуун нэлээд хэмжээний хөрөнгөө нуусан болохыг АТГ-ынхан илрүүлжээ. Ингээд түүний шууд удирдлага болох Нийслэлийн өмч, газрын харилцааны албанд энэ талаар мэдэгдсэн байна. Хуулийн дагуу ийм зөрчил гаргасан этгээд хариуцлага хүлээх учиртай. АТГ-аас Э.Болорчулуунд хариуцлага тооцохыг “хүссэн” албан бичгийг Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны дарга Ш.Төмөрбаатарын нэр дээр хоёр ч удаа илгээжээ. Ш.Төмөрбаатар дарга ч энэ дагуу арга хэмжээ авч, Э.Болорчулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Бас орных нь хүнийг ч томилж.

Харин НӨХГ-ын даргын уг тушаал өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Учрыг ухвал Э.Болорчулуун НӨХГ-ын даргыг хууль бусаар ажлаас халах тушаал гаргасан гэж үзээд Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргын ажлыг хүлээлгэж өгөөгүй байна. Түүгээр ч барахгүй Албаны даргын тамгыг аваад зугтчихсан, ойрын хэд хоног ажил дээрээ очихгүй байгаа ажээ. Э.Болорчулууны хувьд өмнө нь Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан. Тиймээс Газрын албаны дарга гэдэг салж боломгүй албан тушаал ч байж болох юм.

Энэ зуур Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооныхон Э.Болорчулууны ажлаас халагдсанд хамгийн ихээр эмзэглэж, “Энэ бол хууль бус тушаал...” хэмээн тэмцэлд босч байгаа гэнэ. МАН-ын хорооныхон Э.Болорчулууныг ингэж хамгаалах шалтгаан бий аж. Учир нь Э.Болорчулуун МАН-ын генсекийн ангийн хүүхэд, дотны найз гэж байгаа. Хамгаал гэсэн тушаал тэдэнд очжээ гэж таамаглаж болох.

Ийм нэг асуудал Сонгинохайрхан дүүрэгт гараад хэд хонож байна. Хэн цэгцлэх юм, бүү мэд.

Юутай ч сүүлийн жилүүдэд улс төрийн намууд, аймаг дүүргийн захиргаанд “мода” болтлоо давтагдаж буй тамга авч зугтдаг үзэгдэл ийн дахин давтагдав. Өмнө нь төрийн тамга авч зугтаад хэн ч хариуцлага хүлээж байгаагүй. Тийм учраас ийм бүдүүн зүрхтэйгээр төрийн хэргийг саатуулдаг байдал даамжраад байгаа хэрэг.

Уг нь улс төрийн ёс зүй, соёлоор бол Э.Болорчулуун сонгинохайрханчуудаас толгой гудайлган уучлалт хүсээд ажлаа өгөх ёстой. Тэрээр хууль зөрчиж, хөрөнгөө нуусан, тэр нь баригдсан. Бас сүүлийн үед газар, агентлаг толгойлж байсан залуус сайн гэж болохоор жишээг үзүүлж байгаа. ШӨХТГ-ын дарга О.Магнай Засгийн газрын шинэ бүтэц, улс төрийн шинэ хамтрагчидтай үзэл бодол таарахгүй гэсэн шалтгаанаар тамгаа өгсөн.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хуулийг нь өөрчлөлгүй газрыг нь татан буулгасан ч үүрэгт ажлаа өгч, ингэхдээ хамт ажилласан, хамтран зүтгэсэн хүмүүстээ талархал илгээж байв. Хэдийгээр ажлаа өгч байгаа нөхцөл байдал нь өөр ч төрийн тамгыг авсан шигээ өгч сурах жишиг тогтоомоор. Эс бөгөөс ингээд л тамга авч зугтдаг муу жишиг үргэлжлээд байх шинжтэй.

Б.Дамдин-Очир, "Зууны мэдээ" сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.