"Евгений Онегин" дуурь 70 дахь удаагаа тоглогдоно

Twitter Print
2013 оны 12-р сар 06-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

УДБЭТ-ын хамт олон МУ-ын Төрийн шагналт, Ардын зураач Лувсаншаравын Намхайцэрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг маргааш тоглох гэж  байна.

МУ-ын Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн нь 1948-1950 онд ОХУ-ын театрын зураачийн дээд курст суралцаж мэргэжил эзэмшсэн бөгөөд 1935 онд Улсын төв театрт анх С.Буяннэмэхийн “Гурван хорын хүлээс” жүжиг тавигдахад тайзны зураачаар ажиллаж зураач болох гараагаа эхэлж байжээ. Тэрбээр 1963 онд УДБЭТ-ыг байгуулагдахад анхны захирлаар томилогдож байсан ба хожмоо Соёлын яамны орлогч сайдын албыг хашиж байв.

Тэрээр УДБЭТ анх удаагаа 1963 оны тавдугаар сарын 15-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийхэд мөн тайз, хувцасны зураачаар ажилласан. 

Түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулж 70 дахь удаагаа тус дуурийг тоглох гэж байна. Тоглолтын удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, гол дүрд: УДБЭТ-ын залуу гоцлол дуучин Б. Энхнаран Татъяанад, Ц. Арюна Ольгад, Э. Анхбаяр Онегиний дүрд тоглоно. Мөн энэ жил “Евгений Онегин” дуурь манай тайзнаа тоглогдсоны 50 жилийн ой тохиож буй бөгөөд анх 1879 онд ОХУ-ын нийслэл Москвагийн “Бага театр”-т тоглогдож байжээ.

П.И.Чайковскийн “Евгений Онегийн” дуурийг товч танилцуулъя. 

Залуу найрагч Ленский Петербургээс тосгонд ирэхдээ өөрийн найз Онегинг сүйт бүсгүйнхээ найз Татъяанатай танилцуулна. Тэд бие биедээ татагдах ч Онегин бидний харилцаа удаан үргэлжлэхгүй хэмээн Татъяанад ойлгуулна. Удалгүй Онегин найз Ленскийтэй муудалцаж үхлийн буудалцаанаар Онегин амьд үлдэнэ. Иийхүү тэрээр удаан хугацааны турш хэрэн тэнэсээр Петербургийн нэгэн дээдсийн найранд оролцоно. Гэвч уг найр түүний дурлалт бүсгүй Татъяанагийн хурим байж.

Дуурь хэрхэн өрнөхийг маргааш 17 цагаас УДБЭТ-т  үзээрэй.

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.