Ч.Сайханбилэг: Бид нэг баг болж байж том зорилтуудаа хэрэгжүүлнэ

2015 оны 01-р сар 29-нд 16:31 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр МҮОНТ-ийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцож Засгийн газрын бодлого шийдвэр, хийж буй ажлын талаар байр сууриа илэрхийллээ. 

-МҮОНТ-ийн “Цаг үе-үзэл бодол” шууд ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг уригдсан. Ярилцлагын зар яваад бүтэн өдөр болсон. Ерөнхий сайд болсноосоо хойш хэвлэлд нэг ч ярилцлага өгөөгүй байсан учир нэлээд хүлээлт үүсчээ. Манай редакци руу олон хүн утастлаа. Би ч бас асуулт бэлтгэлээ. Асуулт олон учраас ярилцлагаа шууд эхэлье гэж бодож байна.

-Монголын үндэсний радио, телевизийн яг энэ суваг дээр бүх долгионоо тохируулсан байгаа телевиз үзэгчдийн энэ оройн амар амгаланг айлтгая. Цагийн юм цагтаа гэдэг. Өнөөдөр их сайхан бэлгэ дэмбэрэлтэй өдөр болж байна. Сайхан бэлгэ дэмбэрэлтэй гэдэг нь Ерөнхий сайдын юм уу, Дэмбэрэл гишүүний нэр биш л дээ. \инээв\ Өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэллээ. Албан ёсоор зарлалаа. 1 сарын 24-ний өглөө 8 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод манай гурван сая дахь иргэн мэндэлсэн. Өмнийн говьд Монголжин охин мэндэлж, энэ өдөр төрсөн Монгол Улсын 181 шинэ иргэн чацуутнууд боллоо. Бид өнөөдрөөс эхлэн гурван саяас эхлэн тоологдож байна. Миний бие Ерөнхий сайдын хувьд хамгийн анхны ярилцлагаа танд өгөх гээд ирэхэд энэ үйл явдал давхцаж таарсанд маш их бэлгэшээж байна.

-3 сая дахь иргэнийг тойрсон үйл явц,  хүмүүс нэг нэгэндээ баяр хүргэж сайхан байна аа. Энэ ч тухай дараагийн асуултад гарах байх. Төсөв, тодотгол батлагдсаны дараа үе үеийн Ерөнхий сайд ярилцлагад өгч, төсвөөрөө юу хийж чадах вэ гэдгээ ярьдаг уламжлалтай. Ерөнхий сайд тухай жилийнхээ төсвийг өөр өөрийнхөөрөө тодорхойлчихсон байдаг. Таны тодорхойлолт ямар байна?

-Яах вэ, энэ төсөвт ямар нэгэн тодорхойлолт өгье гэж бодож байгаагүй. Та тодорхойлоод төсвөө хэл гэх юм бол би боломжийн гэж хэлнэ. УИХ-ын чуулганд “Бид хэцүү хүндхэн шийдвэрүүд гаргах нь ээ. Энэний дагуу бол төсвөө оруулж ирнэ ээ” гэж хэлсэн. Хүсч байгаа зүйлс мэдээж 100 хувь биелэгдэх боломжгүй. Гэхдээ хүсч байсан нэлээн юмнуудаа хийсэн. Бид эдийн засаг их хүнд байна шүү гэдгээ ямар ч байсан нийгэмдээ хүргэж чадсан. Эдийн засаг хүнд байгаа юм чинь айл өрх болгонд, хүн болгонд очих нь байна шүү гэдгийг ч хүргэсэн. Эхийн мөнгө, хүүхдийн мөнгөний талаар ч хэлсэн шүү дээ. Манай УИХ нэлээд сайн хамтарч, Засгийн газраа дэмжиж өгсөн. Энэнд их талархалтай байгаа. Төсвөөр юу илэрхийлсэн гэхлээр “Энэ засаг хэлснээ хийх юм байна. Тэрийгээ бариад ороод ирэх юм байна. Тэрнийхээ төлөө явах юм байна гэдгээ харуулж чадсан болов уу” гэж бодож байгаа. Олон улсын валютын сан хэлдэг, Дэлхийн банк ч хэлдэг, эдийн засагчид ч хэлдэг. Улс төрчид ч шахдаг. Засгийн газар Хөгжлийн банкныхаа бүх зардлаа энэ төсөв дээр оруулж ирж, нэг төсөвтэй бол гэдэг. Үүнийг хийж чадсан. Дээрээс нь бол бүх шинэ объектуудаа зогсоосон. Жил жилд баахан өөрсдийнхөө хүсэлтийг жагсаадгаа больж чадсан. Дээрээс нь бол эхлэх хэмнэлт таналтуудаа ярьсан. Яам, агентлагуудынхаа 15 хувийг цомхотгоод зардал хэмнэх энэ ажлуудаа хийсэн. Их хурлын гишүүд ч Засгийн газрын хөдөлгөөн, санаачилгыг дэмжсэн. Өөрсдийнхөө зардлыг хассан. Машиныхаа, унааныхаа гээд.

80 байгууллагыг 25 болгож цөөлөх, цомхотгох, нэгтгэх, аж ахуйн тооцоонд шилжүүлэх асуудлуудыг шийдэж чадсан. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сараар үржүүлээд мөнгө авдаг байсан. Гэхдээ үржүүлэхдээ хамгийн сүүлийн сарын хамгийн өндөр цалингаа дахиж 40 хувиар бодоод, тэрийгээ дахиж 36 дахин үржүүлдэг үрэлгэн тогтолцоог өөрчилж чадсан. Сүүлийн 40 хувиар үржүүлдгийг больсон. Ажилласан жилээр нь л тооцдог шинэ тогтолцоонд шилжиж чадсан. Шинжлэх Ухааны академийн олон хүрээлэнгүүдийг янзлах асуудлыг бас хийж чадсан. Дүрэмт хувцсанд мөнгө зардгийг цэгцэлж чадсан. Манай оюутнууд мундаг байсан. Онц байсан. Оюутан хүн чинь өөрөө нийгмийн хөдөлгөгч хүч, шинэ үзэл санааг тээж явдаг гэдэг утгаараа Ерөнхий сайдын, Засгийн газрын гаргаж байгаа энэ санал, санаачилгыг дэмжээд, зөвхөн сайн онц сурдаг нь оюутныхаа цалинг авч байя гэдгийг дэмжсэн. Тийм учраас оюутнууд, Оюутны холбооныхоо хүмүүст баярласнаа илэрхийлье. Энэ зүйлүүдийг хэлэхээр төсөв муу болчихлоо, Засгийн газар бодлогоо алдчихлаа гэхэд хэл эвлэж өгөхгүй. Боломжийн төсөв болж чадсан гэж хэлнэ.

-За боломжийн гэдгээ та батлаад бүх жишээнүүдээ ярьчихлаа. Нэвтрүүлгийн эхэнд олон хүн утастсан, цалинтай холбоотой асуудлуудлаар. Энэ тухай асуухгүй байх аргагүй. Бүгдээрээ цалингийн зээлтэй. Бид нар аргаа бараад нягтлангаа зээл авсан банк руугаа яриулж байна. Энэ давхардсан олон асуултыг боломжийн гэх тодотгосон төсвийн хариултын дараа тавья.

-Цалин нэмэх шаардлагатай юу? Шаардлагатай. Тэтгэвэр нэмэх шаардлагатай юу? Шаардлагатай. Үйлдвэрчний эвлэл тэр шаардлагуудыг тавьж байгаа юу? Тавьж байгаа. Гэхдээ бид дахиад л цалин нэмэх боломжтой байхад нэмэхгүй сууж байгаа Ерөнхий сайдыг ухаантай хүн гэх үү, ямар хүн гэх үү гэдэг дээр ямар ч эргэлзээ байхгүй хариултыг өгнө ш дээ. Гэхдээ бидэнд бодит байдал дээр өнөөдөр цалин нэмэх мөнгө алга. Мөнгө нь байхгүй учраас цалинг яаж нэмэх вэ. Цалингийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь Засгийн газрын толгойны өвчин. Үйлдвэрчин жагсаал хийгээд, жаран хувиар нэм гэсэн. Манай нийгэм нэг зүйлийг хамтдаа ойлгох хэрэгтэй. Яагаад гэхлээр ямар нэгэн байдлаар мөнгө нэмэх гэхээр, эдийн засгийн бүх тоонуудыг хараад үзэхээр бодит боломж үнэхээр байхгүй. Үйлдвэрчний эвлэлд учраа хэлсэн. 60 хувь нэмэх ямар ч боломж байхгүй байна. Үнэхээр шаардлагатай бүх зүйлүүд дээр тодорхой хэмжээний мөнгө нэмье. Үүний эх үүсвэр дээр ажиллая гэдэг дээр Засгийн газар, Их хуралтайгаа ярьж байгаад зохицуулалтууд хийсэн л дээ. 2015 онд илүү боломж алга. Ийм болох нь байна шүү гэдгийг нийгэмд урьдчилж хэлж байсан. Талбайд гарч жагсаад мөнгө нь олдчихдог бол одоо өдөр болгон жагсаад байхаар л байна. Гэхдээ бодит байдал маань ийм байна. Яагаад гэдгийг дараагийн асуултад хариулахдаа нэмж хэлэх байх аа гэж бодож байна.

-Цалин аваагүй хүмүүсийн бухимдлын тухай яриад байна л даа.

-Нэг дүгээр сарын 15-нд цалин буух ёстойг төсвийн тодотгол хэлэлцэж байгаа учраас Сангийн яам хэд хоногоор барьж байсан. Цалин, тэтгэврээ хурдан шийд гэж хэлээд сарын эхний, сүүлийн мөнгө ямар ч асуудалгүй тавигдаад эхэлсэн. Түр зуурын цалин олголтын асуудал байсан. Тэрнээс болоод Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тухай ч хүмүүс гайхаад эхэлсэн шүү дээ. Яагаад гэхлээр нэг ч гүйлгээ хөдөлгөөн хийгдэхгүй байгаа болохоор. Одоо бол энэ асуудал цэгцэрсэн гэж хэлж болно.

-Хэд хэдэн асуудал дээр таныг янз бүрээр л хэллээ. Алдарт эхийн одонгийн мөнгөний тухай.

-Тухайн үед хүмүүс их эмоцитой байсан. Янз бүр байсан байх. Одоо асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдчихлээ. Одоо бүгдээрээ сэтгэлийн хөөрлөө больцгооё. Зүгээр л энгийн байдлаар ярья. Алдарт эхийн одонг жишээлбэл яагаад хөндөв өө. Ерөнхий сайдын хувьд энэ асуудлыг яагаад тавив гэдэг асуулт ургана аа даа. Үнэхээр манай өнөөдрийн төсвийг хараад үзэхэд төсвийн бүтэц дотроо цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж 62 хувийг бүрдүүлж байна. За дээрээс нь урсгал зардлуудаа нэмнэ. Цахилгаан, халаалт, дулаан гээд, тэр нь 19 хувь байгаа юм. Энэ хоёрыг нэмэхэд 80 гаруй хувь явчихлаа. Хөрөнгө оруулалтдаа төсвөөсөө хэдэн хувийг зарж байна? Долоохон хувь. Манайх халамжийн эдийн засгаасаа хурдан бүтээгч эдийн засаг руу шилжих зайлшгүй шаардлага гарчихсан байна. “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг яагаад хөндсөн юм бэ гэхээр хэдүүлээ сэтгэлийн хөдлөлгүй бодоход хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл төр ээжийг нь харж үзье. “Алдарт эхийн одон”-г өгье. Дараа нь тэр том болчихсон 18, том нь гуч, дөч, тавь хүрчихээд яваа дөрөв, тав, зургаан хүүхэд ээждээ төрийн өгдөг зуун мянган төгрөгийг, хоёр зуун мянган төгрөгийг өгдөг болчих л доо. Төр засаг, ээж нь тэднийг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэлээ. Хүүхэд  байхад нь харж үзлээ. Айлын дөрөв, таван хүүхдийн нэг нь сайн явахад ээжийгээ аваад явчихна аа даа. Нэг ийм тогтолцоонд хэдүүлээ оръё гэдэг асуудлыг хөндсөн. Та дараа нь бас хүүхдийн мөнгөний тухай асуух байх.

-Асууна аа?

-Аав ээж нь хоёулаа ажил хийдэг, хувьдаа орон сууцтай, хувьдаа машинтай айлын хүүхдүүд одоо яг амьдралд нь хүүхдийн мөнгө хэрэгтэй байгаа хүмүүстэй зэрэгцэж очиж мөнгө аваад байдгаа больё гэсэн ш дээ. Тийм учраас нийгмийнхээ энэ бүх  айл өрхүүдээ 20 бүлэгт хуваагаад хамгийн бололцоотой дээд талынх нь тавхан бүлэг нь хүүхдийн мөнгөө тэвччихье. Яг хэрэгтэй доод талын 1-15 хүртэлх бүлгийн айл өрхүүддээ хүүхдийн мөнгөө өгөөд явъя гэсэн. Тэгэнгүүт манайхан “Өө, хүүхдийн мөнгө ингэлээ тэглээ” гээд бүх асуудлууд нь гараад ирчихэж байгаа юм. Тэгэхээр одоо бол хүссэн хүсээгүй төсвөөрөө бүтэн халамжийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй. Ерөнхий сайдын хувьд энийгээ дутуу тайлбарласан байж болно. Засаг энэ ажлаа, ард түмэндээ, хүмүүстээ дутуу хүргэсэн байж болно. Нэгэнт ийм асуудал гарсан учраас энэ жилдээ зохицуулаад  яаж, ийгээд хүүхэд, алдарт эхийн одонгийн мөнгөө бүтнээр нь өгөөд явъя гэсэн. За тэгтэл энд тэнд мундаг сайн уралдаан боллоо ш дээ. Мэдээж алдарт эхийн одонг 18 наснаас дээших хүүхэдтэйд нь болих гэж байна гэдгийг бүр бүтэн болих нь мушгиж байгаа юм. Хүүхдийн мөнгийг зөвхөн бололцоотой айл өрхүүдэд нь больё гэж байхад бүтэн болих гэж байна гэж мушгиж байгаа юм. Энд тэндгүй эхчүүд, хүүхдүүдэд хайртай, зөндөө хүмүүс гарч ирлээ. Төлөөлөлтэй нь уулзаад бараг дагаж уйлмаар, уямаар санагдаад… Тийм сайхан боломжийг мэдээж ашиглах л байх. Гэхдээ энэ хямрал гэдэг чинь, эдийн засгийн бололцоо гэдэг чинь, байшингаа сууриар нь зөв тавихгүй бол болохгүй нь ээ гэдгийг хаана, хаанаа бүгдээрээ ойлгоцгооё л доо. Би бол Ерөнхий сайд Сайханбилэг гэдгээсээ илүү. Монгол Улсын иргэн Сайханбилэг. Нэг хүний хань Сайханбилэг. Эсвэл хүүхдүүдийн аав Сайханбилэг. Хямрал хэн нэг хүнийг тойрохгүй. Хямрал бол бүгдийг, бүх хүнийг, бүх айл өрхийг тойрно. Тэгэхээр энэ зүйлээ бүгдээрээ нэг болгож хараад, ямар нэг улс төржилт болголгүй, хүмүүсийн зовлон, амьдралаар нь тоглолт хийлгүйгээр энэ асуудалдаа нэг ойлголтонд хүрэх цаг үе өнөөдөр ирсэн байна. 2015 ондоо үнэхээр болдоггүй юм бол  ирэх жил, тэрний дараа жил энэ асуудлаа цэгцэлж нэг тийш нь болгохоос өөр арга байхгүй. Гэхдээ бид сая урагшаа нэлээн том алхчихлаа гэдгийг боломжийн гэдгээрээ хэлээд байгаа юм.

-Асуудлаа ойлголцъё гэж учирлалаа гэх юм уу даа. Приус машинтай холбоотой мэдээлэл юу болоод өнгөрөв өө?

-Машины татвараа хэдүүлээ нэг харах уу, болих уу гэдэг асуудал. Гэхдээ энэ нь орон нутгийнхаа төсөвт орно ш дээ. Жишээ нь Улаанбаатар хотынхоо төсөв рүүгээ. Төвлөрсөн төсөвт ямар нэгэн орлого олно гэсэн санаа зорилгыг Сангийн яам, Засгийн газар агуулаагүй. Аймаг, орон нутгийнхаа төсөвт ороод явна. Орон нутгийн зам, бусад юмыг сайжруулахад орно. Тэгээд яаж  хүмүүстээ ойлгуулах вэ гэж бас бодлоо л доо.  Мэдээж машины асуулт гарах байх гээд. Одоо бол Приус машиныг хамгийн хямдхан гээд дөрөв, таван саяас авахуулаад дундаж зургаа, долоо, хамгийн сүүлийнх нь арав, арван нэгдүгээр загвар, дээшээ хорь гучдугаар загвар нь 16 сая гээд. Бүх л юмыг худалдаж авлаа гэж бид сонсдог ш дээ. Рональдог 80 сая доллараар авлаа гэдэг. Тэр баг ингэж худалдаж авахдаа багт нь мөнгө төлөхөөс гадна ахиад  сарынх нь цалинг өгнө шүү. Тийм учраас 80 сая доллар дээр нэмээд 10 сая, 15 сая доллар төлнө гэж боддог ш дээ. Тэрэнтэй адилхан машин  авч байгаа хүмүүс би машин авлаа. Бензинд зардал гарна, автомашины зогсоолд зардал гарна, гараашид зардал гарна. Хотын төв хэсгээр явахад магадгүй замын мөнгө төлдөг болно гээд яваандаа тийм зүйл рүү орох байх. Тэгэхээр машин авч байгаа хүн дараа нь бас  даатгал гээд зөндөө олон зардал гарна гэдгийг мэдэж авч байх ёстой. Арван сая, арван хэдэн сая төгрөгөөр машин авч байгаа хүмүүс өнөөдөр нэг удаа төлж байгаа 30 мянган төгрөг чинь 100 мянга руу дөхөж төлөх юм байна гэдгээ ойлголцчих л ёстой. Тэгэхэд манайхан приус чинь ядуучуудын машин, яагаад та нар татвар нэмж байгаа юм гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Приус машин хилээр орохдоо онцгой татвар төлдөггүй. Хабрид гэдгээрээ бүх чөлөөлөлтөд хамрагддаг. Олон улсын жишгээр ядуучуудын машин гэдэг ойлголт байхгүй. Машинтай хүнийг боломжийн амьдралтай хүн гээд л явдаг.  Манай айл өрх болгон машинтай болчихлоо. Нийгмээ хараад, хүмүүсийн санаа оноог хараад, Приус машин гэхээр нэмэх гэж байсан татвараа больчихоод хуучнаар нь явъя гээд ярьж байгаа. Дахиад нөгөө эмоци дарагдчихсан учраас эргэж нэг нийгэмдээ хэлэлцүүлэг хийе. Эдийн засагчид нь ярья, хүмүүс нь өөрсдөө ярья.  Ер нь энэ нь зөв юм уу, буруу юм уу гэдгийг. Тэгэхээр огт мөнгө төлөхгүйгээр машин унадаг, огт мөнгө төлөхгүйгээр замаар явдаг энэ асуудлууд яваандаа нийгмийнхээ мөн чанарын дагуу байхгүй болох байх л даа.

Таны ярилцлагуудыг уншиж байхад 2011 онд АН-ын УИХ дахь Бүлгийн дарга  байхдаа сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагад “Ерөөсөө учир утгагүй энэ популизм улсын хөгжлийг яаж хойш нь татаж байгаа” талаар тэр үед л яриад байна. Өнөөдөр харин энэ чинь утгагүй яриа ш дээ гэдгийг ойлгодог болчихож. Та энэ хоёр сард энийг та яаж мэдрэв?

Яах вэ, популизм гэхээр би хувь хүний тухай ярихгүй байгаа шүү. Үзэгдлийн тухай, мөн чанар зарчмын тухай. Бас нэг жижигхэн  үнэт зүйл юм шиг болчихоод байгаа юм, манайд бүр их. Тэрний тухай ярихаар маргааш нь баахан юун гуя гэдэг шиг юм эхэлдэг. Тийм учраас хэн нэг хүний тухай яриагүй шүү. Энийгээ түрүүлж хэлж байгаа юм. Хоёрдугаарт, манай Мөнхбаясгалан нарын хэдэн сэтгүүля Америкийн Детройтод очсон. Тэнд нэг сэлэм эргүүлдэг нөхөр популизм ярьсаар байгаад хотын мээр болоод гараад ирчихэж байгаа юм. Тэр хот өнөөдөр сүнстэй хот гэдэг нэр аваад явж байна. Бүх байшин барилга, эдийн засаг нь дампуураад. Ийм юмны өр төлбөр, бусад улсуудын жишээ байхад яагаад заавал бид биеэрээ амсч туулах гээд байгаа юм бэ. Популизмыг юутай зүйрлэж хэлэх вэ, яах вэ гэхлээр надад бол нэг сайхан гадуураа гялгар цаастай хортой чихэр шиг санагдаад байгаа юм л даа. Нэг тийм хуурамч хайр. Тухайн үед хүмүүс гоё алга ташиж байвал тэрэндээ өөрөө сэтгэлийн  таашаал аваад би болж байна гээд. Гэхдээ тэр нь маргааш бид нарын үр хүүхдүүдийн ирээдүйг хулгайлаад авч явж байдаг. Тэр нь маргааш Монгол орны ирээдүйг хулгайлах муухай хортой чихэр гэдгээ бид өнөөдөр ойлгохгүй бол болохгүй л дээ. Популизм болгон өртөгтэй, төлбөртэй. Одоо сая алдарт эх, хүүхдүүд дээр популизм хийлээ ш дээ. Энэн шиг хайртай юм байхгүй болоод л явлаа. Нөгөө талд нь ямар өртөг төлж байна вэ гэхээр энэ жил дэлхий даяар бензиний үнэ унаж байхад манайд өнөөдөр дагаад унах байсан. Тэрэн дээрээ  бид нар татвар тавиад бензинийхээ үнийг унагахгүй, гэхдээ бензиний үнэ өсөхгүй л дээ. Яагаад гэхээр бидэнд бас жаахан зай байгаа учраас. Тэр гарч ирсэн татвараар авсан мөнгөө ахиж халамжиндаа зарцуулахаас өөр аргагүй. Энэ бол популизмын өртөг. Популизмын үнэ цэнэ. Тэрнээс хайр биш, асуудал шийдэж байгаа хэлбэр биш. Тэгэхээр ийм зүйлүүдээ бүгдээрээ ойлгоё. Та намайг ахиад учирлалаа гэх байх л даа.

-Алга ташилт гэснээс таны үгэн дотор байсан л даа. Засгийн газар хэцүү шийдвэрүүд гаргана. Бүгдийг алга ташин хүлээн авахгүй нь ойлгомжтой гэсэн. Тэгвэл тэгээд та сая баахан учирлачихлаа. Алга ташиж хүлээж авсан шийдвэр байгаа юу?

-Дахиад би хэлье. Одоо 20 мянгатын дэвсгэрт юм уу, эсвэл зуун долларын дэвсгэрт өгвөл хүн болгон алга таших л байх. Яагаад гэхээр  хүн болгонд таалагдах учраас. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр  бол 100 хувь алга ташуулах нь их ховор доо. Ерөнхий сайдаар томилогдоод хоёр сарын хугацаа үдлээ. Хийсэн ажлууд ярих юм бол дөрвөн жил зогссон байсан хайгуулынхаа ажлыг сэргээж чадлаа. Хөрөнгө  оруулагчид, уул уурхайн салбарынхан, бизнесийнхэн бол алга ташиж байгаа  гэж бодож байгаа. Төсвийнхөө шинэчлэлээр том алхам хийлээ. Учир мэддэг хүмүүс, учирлалын наана цааныг ойлгож байгаа хүмүүсийг алга ташиж байгаа болов уу гэж горьдож байгаа. Тэгээд Гацууртын том ордыг хөдөлгөх боллоо. Хөрөнгө оруулагчдад тодорхой мессеж, дохио очиж байгаа болов уу, тэр хүмүүс алга ташиж байгаа болов уу гэж бодож байгаа. 106 лицензийн асуудлаар урт нэртэйгээс бусдыг нь бүгдээрэнг бид шийдлээ. Хөрөнгө оруулагчид алга ташиж байгаа болов уу. Сургуулиудаа концессоор ч болов, тусламжаар ч тэр нэлээн олныг барихаар шийдвэр гаргалаа. Хүүхдүүд  алга ташиж байгаа болов уу гэж бодож байгаа. Монголын Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын холбоотойгоо гурван талт хэлэлцээрээ амжилттай хийлээ. Чингисийн талбай дээр өдөр болгон жагсаал болоод байхгүй нь гээд, манай хөгшчүүл, тайван амгалан байдлыг хүсч байгаа иргэд алга ташиж байгаа болов уу гэж бодож байгаа юм. Таван толгойн хэлэлцээр эхлээд явчихлаа. Олон жил зогссоныг хөдөлгөх нь гээд тодорхой хэмжээний хүмүүс бас  алга ташиж байгаа болов уу. Өрийн таазынхаа асуудлыг тодорхой хэмжээгээр шийдчихлээ. Олон жил гацчихсан энэ асуудал нэг тийшээ хөдөлж байна даа гэж алга ташиж байгаа хүмүүс бас байгаа болов уу. Мянганы сорилтын сангийнхаа хоёрдугаар компактын гэрээг эхлүүллээ. Монгол Улсад тодорхой хэмжээний том хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Эдийн засаг  тэлнэ гэсэн утгатай. Тэгэхээр энийг бас сонссон хүмүүс алга ташиж байгаа болов уу. Японтой  EPA гээд эдийн засгийн хамтын ажиллагааны том гэрээгээ шийдэж чадлаа. Бас олон хөрөнгө оруулагчид, үйлдвэр эрхлэгчид, Монгол иргэд алга ташиж хүлээж авах болов уу гэж бодож байгаа юм. Шатахууны хөтөлбөрөө бид Монгол банкны санхүүжилттэй тусгай хөтөлбөрүүдээсээ гаргаад авчихлаа. Одоо шатахуун өөрөө өөрийгөө аваад явчих ийм чадвартай болчихлоо. Бас энд тодорхой хэмжээний хүмүүс алга ташсан. Хүмүүсийн нурууг амраасан, ачаанаас нь үүрэлцсэн ийм шийдвэр өнгөрсөн хоёр сарын хугацаанд нэлээд гаргачихлаа. 

-Та сая сургуулиудын тухай ярилаа. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Хятадын буцалтгүй тусламжаар 21 сургууль барих шийдвэр гаргалаа. Эдийн засаг хүнд байгаа үед гаргасан энэ шийдвэрээ яаж тайлбарлах вэ?

-Төсөвт 7 хон хувийн хөрөнгө оруулалт байна. Бид үнэхээр шинэ юм эхэлж чадахгүй байгаа. Хүүхдүүд гурван ээлжээр, зарим сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байна. Жаахан хүүхдүүд гэртээ харихаас айж байна. Харанхуйд явж байна. Эхний ээлжинд энэ гурав, дөрвөн ээлжээр хичээллэж байгаа сургуулиудынхаа асуудлыг шийдэхгүй бол болохгүй. 21 сургууль тэр зорилгоор баригдана. Бидэнд хоёр буцалтгүй тусламжийн багц байсан. Эхнийхээр  нь сургуулийн асуудлаа шийдэж байна. Дахиад Засгийн газраас концессийн гэрээгээр 72 бага сургууль, цэцэрлэг барих шийдвэр гаргаж гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрдэнэбат сайдад өглөө. Хаана бололцоо байна, тэнд Засгийн газар шийдээд явна. Тусламжийн нөгөө багцаар нь шийдэх гол асуудал бол эхний ээлжинд Улаанбаатар хотод баригдах гаарын үйлдвэр юм. Хамгийн их хөрөнгө мөнгө шаардлагатай түгээх сүлжээг нь мөн тусламжийн багцаасаа байгуулж, гаазын үйлдвэрийнхээ ажлыг шийдэх нь хамгийн том асуудлал болж байгаа утааны асуудлаа шийдэхэд урагшаа хийсэн алхам болно. Энэ бол манай Засгийн газрын ойрын хугацаанд барьж авч шийдэх том асуудал юм.

-Таны тэргүүлж байгаа Засгийн газар төрийн өмчийн хувьчлалын бодлогыг нэлээд ярьж байна. Гэхдээ 26-ны өдөр болсон хуралдаанаар МИАТ, дуурь, драмын театрын хувьчлалыг та нэлээд онцгойлж байсан. Яагаад? 

-Таны нэр дурьдсан объектуудаас илүү би нийгмийн салбарын хувьчлал гэдэг утгаар нь ярьж байгаа юм. Өнөөдөр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг хараад үз. Захирлыг нь томилоход төр оролцож байна уу? Сайд оролцож байна уу? Байхгүй. Тэнд өөрийн гэсэн Удирдах зөвлөлтэй, асуудлуудаа шийдээд явдаг зөв тогтолцоонд оржээ. Яагаад МУИС, ШУТИС, Анагаах зэрэг сургуулиуд ийм тогтолцоо руу орж болохгүй гэж. Яагаад улс төрчдөөс хамааралтай байх ёстой юм? Зөвхөн сургууль ч биш бас эмнэлэг байна. Эмнэлгийн захирлыг томилох гэж юу болдог билээ. Хамт олон нь хүлээж авахгүй суулт, ажил хаялт гээд л. Энэ бүх зүйлээсээ төр өөрөө татгалзах хэрэгтэй. Өнөөдөр тэнд анагаах юм уу, боловсролын салбарын мэргэжлийн хүмүүс нь орсон Удирдах зөвлөлийг нь байгуулж, тэр нь захирлуудаа томилдог, хөрөнгө оруулалтаа өөрсдөө бие даагаад шийдээд явдаг менежментийн тогтолцоог бүрдүүлэх нь нийгмийн салбарт компанийн удирдлагын хэлбэрийг оруулж байна гэсэн үг юм. Энэ бол манай Засгийн газрын үлдэж байгаа хугацаандаа хэрэгжүүлэх хамгийн том асуудал болно. Төрийн өмчийн хорооныхон болон холбогдох бусад байгууллагынхныг шахаж байгаа. Асуудал энэ хүрээнд удахгүй шийдэгдэнэ.

-Энэ чинь өөрөө улс төрийн оролцоо их байдаг асуудал шүү дээ.

-Тэр оролцоог нь байхгүй болгоё гэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрынхаа байр суурийг тайлбарлаж байна. Хорин хэдэн жил ингэж явлаа. Одоо цаг нь иржээ. Их сургуулиуд, эмнэлгүүдийн зөвхөн удирдлагын тогтолцоо, засаглалыг нь солиод энэ асуудал шийдэгдэхгүй. Эрүүл мэндийн салбарт гэхэд хийгдэж байгаа өөрчлөлтүүдтийг цогцоор нь авч үзэх асуудлыг Эрүүл мэндийн сайд ахлаад явж байна. Эхний ажлууд нь хийгдээд эхэлсэн. Эмийн бүртгэлээс эхлээд засаглал руу нь, санхүүжилт рүү нь, эмчилгээ, үйлчилгээ рүү нь орно. Их, дээд сургуулиудыг бас энэ утгаар өөрчлөх ажлуудыг хийгээд явна.

-Ойлголцлоос л эхлэх хэрэгтэй юм байна даа?

-Гол нь манлайлал хэрэгтэй.  Шийдвэр хүсэгчид, яам, Засгийн газар, улс төрчид хүсэхгүй бол энэ асуудал явахгүй л дээ.

-Томилгоо гэснээс төрийн албанд халаа сэлгээ хэр хийгдсэн юм бол. Сая таныг томилогдсоны дараа бүх яам ажлаа хийхээ байжээ. Тэнд ажил хийж байгаа хүн алга гээд л баахан яриа боллоо.

-Засаг засгийн хооронд тиймэрхүү шүүмжлэлүүд их болдог. Гарсных нь дараа сэлгээ, томилгооны асуудал байнга үүсдэг. Сая төсвийнхөө хүрээнд орууллаа. Яам, агентлагууд сүүлийн жилүүдэд дандаа өсөөд томроод явчихсан байна. Энийгээ эхний ээлжинд барьж авъя. Тодорхой хэмжээгээр багасгая гээд 15 хувийн асуудлыг зөвхөн яам тамга дээр шийдлээ. Эдийн засаг хүнд байхад гээд бусад газар луу оруулаагүй. Тэр үеэр тодорхой хэмжээний хөдөлгөөн гарсныг үгүйсгэхгүй. Засгийн газар хоёрдугаар сарын эхээр Төрийн албаны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Хуулийн төсөлд энэ асуудлуудыг оруулж, хууль эрх зүйн орчноо шинэчлэн зохион байгуулсан байхад энэ асуудал шинэ шийдлийнхээ түвшинд гарах болоцоо нь бүрдэнэ гэж харж байна. 

-Нам солигдох тоолонд мэргэжлийн бус хүмүүс ажил албан тушаалд очдог явдал байсаар л байна. Энэ хэзээ зогсох юм бэ?

-Хаврын чуулганаас эхлээд нэлээд том асуудал ярина. Тэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг хүртэл оруулаад ярих бололцоо байгаа. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүх засаглалынхаа хэмжээ хязгаарыг тогтоох гээд. Энэ асуудлууд дотор бид сууриасаа хөдөлгөөнөө хийгээд өгөхөд таны ярьж байгаа асуудал гарахгүй л дээ. Шийдэгдэх тэр нөхцөл бололцоо нь бүрдэх боломжтой болно. Төрийн алба нь төрийн албаараа, улс төрийн алба нь улс төрийн албаараа үлддэг, улс төрийн албан доторх томилгоонууд нь багийнхаа  зарчмаар явдаг зэрэг асуудлууд шийдэгдээд ирсэн тохиолдолд өнөөдрийн ярьж байгаа зөрчил дутагдал цаашид алга болно.

-Засаглалыг боловсронгуй болгохгүй бол хувийн хэвшлийнхний гомдол тасрах шинжгүй байна. Бас л том зорилт. Ямар арга хэмжээ авах вэ?

-Бизнесийнхэнтэй бид нэлээд уулзалдаж байгаа. Сая бид  эдийн засгийн ил тод байдал, өршөөлийн том хуулиа УИХ-д өргөн барилаа. Бизнесийн салбарынхныг чөлөөтэй болгох, бизнестээ эрч хүчтэй орох бололцоог нь гаргах тал дээр энэ хууль нэлээд том асуудлыг шийдэж өгнө гэж харж байна. Дээр нь зөвшөөрөл, хяналтын тухай хуулиуд. Өнөөдөр зөвшөөрөл гэсэн нэртэй хориглолтын тухай хууль л яваад байна. Би МХЕГ, Татварын ерөнхий газрын даргыг дуудаж энэ чиглэлийнхээ хяналтыг зогсоо гэсэн чиглэл өгсөн. Гэхдээ нэгэнт тэнд тогтолцоо ажиллаж байхад энэ асуудлууд ерөөсөө явахгүй. УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа Зөвшөөрлийн тухай хууль бизнест ээлтэй орчныг бий болгож зөвшөөрлүүд дээрх хүнд суртлыг арилгахад ихээхэн түлхэц болно. Хяналтын тухай хуулиар бүх хяналтыг хууль дүрмэнд нь оруулж, төлөвлөгөөтэй, төлөвлөгөөгүйгээр шалгахын тулд шалгадаг биш эрсдэл дээр суурилсан шинэ тогтолцоо руу орох асуудлыг шийднэ. Шилэн дансны хууль  гарсан. Энэ хуультай хамт шалгалтын явцад хяналт тавьдаг тусдаа цахим хуудас ажиллуулна. Тэнд ямар байгууллага бизнесийн байгууллагад очиж шалгалт хийж байгаагаа заавал бүртгүүлж, ямар дүгнэлт гаргаснаа ил тод байршуулдаг болсноор хаана ямар шалгалт явж байгааг хянах боломжтой болно гэсэн үг.  Ингэснээр хяналтгүй, зөвшөөрөлгүй шалгалт хийж байгаа нөхдүүдэд хариуцлага тооцох тогтолцоо бий болж байна.

-“Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлсэн мөртлөө энэ бол тэргүүлэх чиглэл гэж хэлсэн. Энийг жаахан тодотгоё.

-Эдийн засаг гээд гурван удаа хэлсэн нь зүгээр үгийн давтамж биш л дээ. Энэ бол асуудалд хандах хандлагаа тодорхойлж, асуудлыг онцгойлж, хамгийн тэргүүлэх чиглэл юу юм бэ гэдгээ гол нь хэлэх гэсэн санаа. Эдийн засгийг дээшлүүлэхэд асуудал хаанаас үүсэв гэдгийг харах хэрэгтэй. Асуудал хөрөнгө оруулалтаас үүссэн. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс хувийн сектортоо тулгуурлаж гарна. Хувийн салбарын ажиллах боломж, нөхцөлийг өгч, том төсөл хөтөлбөрүүдээ явуулж, үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй. Үйлдвэр хөгжүүлэх ажил жижигхэн зүйлээс эхэлж байгаа юм. Японтой хэлэлцээр хийгээд MPA хөтөлбөрт 2 дугаар сард гарын үсэг зурах гэж байна. Сая УИХ-ын байнгын хороотой зөвшилцсөн. Ийм жижиг зүйлээс эхэлнэ. Энэ жижигхэн хөнгөн цагаан хайлшаар хийсэн төхөөрөмж бол Canon гэдэг олон хувилах машин дотор ордог төхөөрөмж. Энэ төхөөрөмжийг Японоос эд ангийг нь оруулж ирээд энд манай “Санкотех” гэдэг компани угсарч байгаа юм. Энд угсарсан төхөөрөмжөө буцаагаад Япон руу явуулж байна. МРА хөтөлбөр батлагдахаар Японоос эд анги нь татваргүй орж ирнэ. Буцаагаад хийсэн төхөөрөмжөө Япон руу татваргүй гаргана гэсэн үг. Ийм жижиг зүйлээс Монголын үйлдвэрүүд хөгжих ёстой юм. Дараа нь эд ангиудыг Японоос оруулж ирэх биш өөрсдөө хийж угсраад, гаргадаг тогтолцоо руу явах хэрэгтэй.  Японтой хийж байгаа чөлөөт худалдааны гэрээ, дараа нь бусад улсуудтай хийх гэрээ Монголд ийм боломжуудыг өгнө.

Монголчууд бол мундаг хүмүүс. Wolkswagen гээд дэлхийн том  компанийн үйлдвэрлэж байгаа машины жолооны хүрдний арьсан бүрээсийг хийдэг компанид ажилладаг хүмүүсийн ихэнх нь монголчууд байна. Тэр үйлдвэрийг Монголд байгуулж бүтээгдэхүүнээ Хятад юм уу, Европ руу гаргаж болно. Энэ жижиг чихэр бол Монголын жамц давсыг Японд аваачиж боловсруулаад хийсэн чихэр. Идэхэд жамц давсны амттай. Монголын жамц давстай чихрийг яагаад Японд үйлдвэрлэж байх ёстой юм. Технологийг нь оруулж ирээд манай үйлдвэрүүд үйлдвэрлээд, хэрэглээд сурчихсан Японы зах зээл рүү нь гаргах зэрэг жижиг зүйлээс эхлэх хэрэгтэй. Үүнийг бодлогоор, татвараар, хөрөнгө санхүүгээр дэмжсэн төрийн бодлого явах юм бол асуудал өөрөө шийдэгдээд явах бүрэн бололцоо байгаа юм.

-Ийм жижиг, энгийн хажууд байгаа боломжийн тухай та ярьж байна. Гэтэл бид энд тариаланчид нь нэг тал, гурил үйлдвэрлэгчид нэг тал, яам нь бас нэг тал юм уу? Энийг яаж шийдэх гэж байна?

-Яам ч шинэ тал үүсгээд байгаа юм байхгүй. Дунд нь ороод зөв зохицуулчихъя гээд явж байгаа. Одоо үүсээд байгаа асуудал нь сэтгэл хөдлөлөө тайван болгоод харахад энгийн харагдаж байгаа юм. Одоо тариаланчдад 70 000 тонн буудай байна. Гурилын үйлдвэрүүдэд дараагийн ургац хүртэл 90 000- 100 000 тонн буудай хэрэгтэй. Үйлдвэрүүд энэ 70 000 тонн буудайн цавуулгийн хэмжээ нь хүрэхгүй байна. 20 000 тонн цавуулаг өндөртэй буудай гаднаас оруулж ирээд энэ 70 000 тонн буудайтайгаа холиод гурил хийвэл чанартай бүтээгдэхүүн гарах боломжтой гэж байгаа. Тариаланчид 20 000 тонныг оруулж ирэхгүй гээд, үйлдвэрүүд 70 000 тонн буудайг авахгүй гээд л суучихсан. Энэ асуудлаа шийдэж чадахгүй бие бие рүүгээ үсчдэг, хоёр гурван хүний хоорондын асуудал юм шиг ярьдаг. Одоо бас 2-р сард талбай дээр дахиад жагсах юм ярьж байгаа юм. Би асуудлаа суугаад л ярьчих. Энэ 70 000 тонн буудайн цавуулгийн хэмжээ нь хүрч байна уу үгүй юү гэдгийг бүх талын төлөөллийг оролцуулаад мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулчих гэсэн. Цавуулаг нь хүрч байвал гурилын үйлдвэрүүд нь ав. Цавуулаг нь хүрэхгүй байвал 20 000 тоннтойгоо нийлүүлээд яв гэсэн.

Гурил үйлдвэрлэгчдийн, тариаланчдын гэсэн хоёр төрийн бус байгууллагын нэг нь ирээд 4-р сараас өмнө 20 000 тонноо оруулж өгөөч гэсэн хүсэлт тавиад, асуудал шийдэгдээд явж байна. Нөгөө холбоо нь жагсаал хийнэ, ясаа цайтал үзнэ, шүүхдэнэ гээд явж байгаа. Мэдээж хүн болгонд өөр өөрийн эрх ашиг байгаа. Энэ эрх ашгаа харж байгаад дундынхаа байж болох хувилбарыг гаргаад ирэх асуудал л байгаа юм болов уу л гэж харж байна.

-Өнөөдөр сэтгүүлч Л.Болормаа “Ерөнхий сайдын дараагийн үг” нийтлэл бичсэн. Та уншсан уу?

-Би өнөө өглөө харсан

-Хүмүүс таны талд нэлээд бичээд байна. Гэхдээ таныг шийдэмгий бай гэж хэлж байна.

-Би нэг зүйл хүсч байна. Нийгэмд ингэж зөв ойлголцол  бий болохгүйгээр, асуудлаа тал талаас нь ярихгүй байж хэн нэгнийг шийдэмгий байх тухай асуудал бол ерөөсөө биш юм. Сая төсөв дээр харагдлаа. Асуудлаа зөв хийж чадаагүй. Зөв бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаагүй. Популизм үйлдвэрлэчихсэн. Ингэхээр болохгүй байна. Асуудлаа эхний ээлжинд хүмүүст зөв хүргэе. Би энэ уулзалтад оролцохдоо нийгэм рүү, хүмүүс рүүгээ ямар мессеж хүргэх вэ гэдгээ нэлээд бодсон. Шийдэмгий байхын тулд ойлголцлол хэрэгтэй юм байна. Би төсөв хэлэлцэж байх үед нэг мессеж авсан юм. Алдарт эхийн одонгийн мөнгөтэй холбоотойгоор 9413-аар эхэлсэн дугаараас “Наад дугаараа зараад миний амьд байгаа ээжид одонгийнх нь мөнгийг өг. Ээж минь чамд гай бололгүй хийдгээ хийсэн хүн. Чинийх харин газрын гаваар орсон байлгүй” гэсэн мессеж ирсэн. Ингэтлээ хүмүүс бухимдаж байна. Би ээжийгээ 4 жилийн өмнө алдсан. Ээж маань бурхны орноос намайг хараад суугаа гэж боддог.

Би тэр үед өөрөө их бухимдсан. Дараа нь тайвшраад бодоход энэ хүний буруу ч гэж юу байхав. Нийгэм маань ийм байна гэж бодсон. Тийм учраас илүү олон хүнийг оролцуулж бодох хэрэгтэй юм байна. Энэ ажлаа сайн хийх хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Би танаас зөрүүлээд нэг асуулт тавья. Танд эдийн засаг хямарч байгаа юм шиг санагдаж байна уу, та юу гэж бодож байна?

-Үнэнийг хэлэхэд би өөр дээрээ сайн мэдрэхгүй  байна. Би өчигдөр таксинд суухад жолооч нь “Таксинд суух хүмүүсийн тоо эрс багасч байна. Эдийн засгийн хүндрэл бидэнд мэдрэгдэж байна” гэж ярьсан.

-Харин тийм, хямрал гэдэг хэн нэг хүнийг тойрох тухай асуудал байхгүй. Хүн болгонд нөлөөлж очдог асуудал. Эдийн засаг хямарч байна уу, үгүй гэдэг хэрүүл маргаан хийж цэц булаалдах үнэхээр хэрэггүй. Би Ерөнхий сайд болчихоод асуудлынхаа гүн рүү орох, зарим тоог хараад… илэн далангуй ярьж байгаа юм чинь хэлье л дээ. Хүнд ийм бодол төрдөг юм билээ. Ер нь огцорчихвол яасан юм… янз бүрийн бодол орж ирдгийн нэг нь энэ. Талбай дээр хүмүүс жагсаад л… Талбай дээр хүмүүс жагслаа, Засаг огцорлоо гээд яах юм. Хэн нэг дараагийн хүн гарч ирнэ. Тэр хүн дахиад энэ тоонууд дээр очно. Хэн нэг нь энэ ажлыг хийх ёстой, авч явах ёстой, тийм үү. Ингээд бодохоор ажиллахгүй бол, зүтгэхгүй бол болохгүй ээ, энэ чинь Монгол Улсын хувь заяа. Зарим хүмүүс бид 7 хувийн өсөлттэй байна. Бас ч гэж хямарчаагүй шүү. Эхийн одон, хүүхдийн мөнгөнд хүрэх болчихоогүй шүү гэдэг юм нэг талдаа яваад байгаа.  Гэтэл байдал үнэхээр амаргүй байна. Ерөнхий сайдын хувьд энэ тоонуудыг ил гаргаад тэгчихнэ шүү гэчихээр нийгэмд буруу дохио өгнө. Тийм учраас бид энэ асуудлуудаа барьж авч шийдэхгүй бол болохгүй.

Хямрал юунаас болсон юм. Бид залж авчирсан хөрөнгө оруулагчдаа заамдаж байгаад буцаагаад явуулчихсан. “Тунгалаг тамир” кинонд Хонгор “Нэг удаа очсон, дахин очихгүй ээ хө” гэж хэлсэн шиг тийм байдалд хүргэчихсэн.  Бид хөрөнгө оруулагчдаа буцааж авчрах зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдаа татахын тулд том төслүүдээ явуулахаас аргагүй нөхцөл байдал үүсчээд байна. Ингэж доллар, валют орж ирж байж долларын ханш буух ёстой, энэ нэг зам нь. Би энгийн тайлбарлах гээд оролдоод байна. Нөгөө зам нь бид өөрсдөө бүх хэрэглээгээ танах хэрэгтэй. Бүх зардлаа багасгах хэрэгтэй. Одоо ингээд тэнд оруулах гэж байгаа хөрөнгө оруулалтаа больё. Яагаад гэвэл энэ долларын ханшид дахиад нөлөөлнө. Энд явах гэж байгаа арилжааны зээлээс гарах гэж байгаа зүйлийг хаая. Энэ компанийн хийх гэж байгаа энэ төслийг зогсооё. Энэ обьектийг больё. Ийм зүйлүүдийг хийе, цалингаа багасгая. Ийм ажлууд хийх ёстой. Зардлуудаа багасгаж байж доллаын ханш бууна. Аль аль нь зөв зам, хэрэглээгээ багасгаж сахилга баттай болж байж, хямгадаж байж долларын ханшаа барьж авна. Нөгөө тал нь хэрэглэж байгаагаасаа их доллар оруулж ирж байж, эдийн засгаа тэлж байж долларын ханшаа барьж авна. Энэ дээр л өнөөдрийн гол маргаан яваад байна,  хоёр сарын хугацаанд улс төрчидтэй, шийдвэр гаргагчидтай, бизнесийнхэнтэй, гадна дотнын байгууллагынхантай ярьж байхад. Энэнд өнөөдөр хариулт өгөх цаг иржээ. Би Ерөнхий сайдын хувьд телевиз үзэж байгаа хүмүүс, нийт иргэдээсээ нэг зүйл хүсч байна. Энэ нь юу вэ гэхээр, бидэнд миний саяын ярьсан хоёр зам байна. Оюутолгой, болон бүтээн байгуулалтын том төслүүдээ бүгдээрэнг нь шийдэх замаар ханшаа барьж тогтооё, эсвэл зардал хэрэглээгээ бууруулаад эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоогоод явъя. Энэ ярилцлагад ирэхээсээ өмнө үүрэн холбооны 4 оператортойгоо уулзлаа. Та нар надад мессеж явуулдаг нэг дугаар гаргаад өгөөч ээ гэсэн. Ингээд 1515-1111 гэдэг дугаартай боллоо. Манай бүх иргэд  энэ дугаар луу энэ хоёр замын нэгийг сонгоно, нэг юм уу, хоёрын тоог илгээчээч. Бямба гаригийн өглөөнөөс эхлэж санал авна. Бямба, ням, даваа, мягмар гаригт авна. Энэ болтол нийгэмд хэлэлцүүлэг явуулаач. Баабарын нийтлэлчдийн клуб, эдийн засагч Жаргалсайханыг, эдийн засагч Дашзэвэгийг, манай эдийн засгийн үндэсний зөвлөл маргааш хуралдах гэж байна. Дээрээс бүх нийтлэлчдийг, сонин хэвлэлийнхнийг, твиттерийнхнийг, фэйсбүүкийнхнийг… сошил ертөнцийнхнийг бүгдийг нь энэ хэлэлцүүлэгт оролцооч  гэж уриалж байна.

Би Ерөнхий сайдын хувиар Оюутолгой болон том төслүүдийг яаж харж байгаагаа хэлье. Хэрэв энэ замыг монголчууд сонгож авъя гэх юм бол одоо энэ Оюутолгой дээр элдэв хэрүүл хийхээ боль, энэ асуудлаа шийдээд явахаас арга байхгүй. Гэхдээ шийднэ гээд улс эх орныхоо эрх ашгийг хохироож болохгүй. Тавантолгойг  явуул. Араас нь бүх хайгуулаа явуул, хөрөнгө оруулалтаа олж ир. Араас нь Урт нэртэй хуулийнхаа хэмжээнд шийдэх асуудлуудаа шийдээд яв. Дээрээс нь Эгийн голын усан цахилгаан станц байна, энийг явуул. Өмч хувьчлалаа явуул, гаазын үйлдвэрээ барь. Эрчим хүчний том станцуудаа барь, Хөрөнгийн биржээ цэгцэл. Хувийн компаниуд, төрийн өмчийн том компаниуд бонд босго, газраа эргэлтэд оруул… энэ бүх асуудлууд дээр хаалтгүй явах хэрэгтэй. Дахиад нэг популист нөхөр гарч ирээд энийгээ явуулахгүй гэвэл уучлаарай. Яагаад гэхээр ард түмэн нэгдүгээр замаар яв гэсэн юм. Таны хэлсэн шийдэмгий байдал руу орох гэж байна. Хоёрдугаар зам муу зам, муу асуудал биш. Хэдүүлээ сахилга баттай болцгооё, хэрэглээгээ хяная, таная. Туслая гэж байгаа хандивлагчдаа оруулж ирээд тодорхой хэмжээний мөнгө босгож оруулж ирж байршуулъя. Энэний тулд олон улсын бусад байгууллагаас хөтөлбөр авъя. Энэний тулд мөнгөө байршуулъя. Дээрээс нь тэвчиж болох бүх зардлуудаа хэмнэе. Нэг жил хагастай бүгдээрээ тэсье, тэвчье. Энэнд Ерөнхий сайдын хувьд би уриалаад явж чадна. Ийм хоёр зам байна. Бид нарын хамгийн гол суурь нь одоо энэ дээр ирээд л гацчихлаа. Тэгэхээр энд манай иргэд хариулт өгөөч. Би одоо юм уу, маргааш юм уу шууд битгий нэг хоёр гээд дугаар явуулаарай. Бүгдээрээ ярья, маргааш ярья, нөгөөдөр ярья, хагас бүтэн сайнаас шийдвэрээ гарга, мессеж явуул. Хоёр дахь өдрийн 22 цагт мессежээ зогсооё, тоолъё. Нэгдүгээр замаар хэд, хоёрдугаар замаар хэдэн хүн явах нь вэ гэж. Өнөөдөр бидэнд ийм зайлшгүй шаардлага гарлаа.

-Хөгжлийн замаа тодорхойлох санал асуулга юм байна?

-Эхний хүн ингэж асуух байх “Та Ерөнхий сайдын хувьд шийдэхгүй яагаад ийм юм руу орчив” гэж. Ерөнхий сайдын хувьд ард түмнээсээ асуух нь ерөөсөө муу биш гэж бодож байна. Яагаад гэвэл, ардчиллын, шийдвэр гаргагчийн үндсийн үндэс нь ард түмэн. Ард түмнээсээ УИХ, Засгийн газар нь байгуулагдаад явдаг. Үндэснээсээ тусдаа ургадаг цэцэгний тухай асуудал байхгүй. Тийм учраас нэг удаа ард түмнээсээ асуучихад ерөөсөө буруу биш. Нэг улстөрчөөс, эсвэл нэг компанийн захирлаас, эсвэл талбай дээр жагсч  байгаа хэсэг бүлэг хүмүүсээс асуух гээгүй. Хорь, гуч, дөч, тавин мянган хүн оролцоосой, энийг нэг хэлэлцүүлэг болгоод хоорондоо ярьчаасай.

Монголын үндэсний олон нийтийн телевиз,  EAGLE, UBS, TV5, TV9-өөр битүү хэлэлцүүлэг яваад, бодол саналаа хэлээсэй. Иргэд сонсоод ингэх нь зөв юм байна гэдгээ яриад авъя. Ингээд чиглэл тогтог. Ерөнхий сайдын хувьд хийх ажлын төлөвлөгөөгөө Засгийн газартаа гаргачихсаан. Нэгдүгээр замаар явахад ийм ажил хийнэ гэсэн төлөвлөгөөгөө гаргачихсан. Нөгөө төлөвлөгөө нь сахилга баттай болоод нэг жил тэсье, тэвчье гэдгээр явах төлөвлөгөө юм.

Та түрүүн хэллээ, зарим хүмүүс таныг “Шийдэмгий байгаач” гэсэн гэж. Энэ шийдэмгий байх асуудал энэ санал асуулгаар шийдэгдэнэ. Их хурлаар шийдвэр гаргахад ч амар болно, төчнөөн мянган хүн оролцоод бидэнд ийм даалгавар өгсөн. Тийм учраас тэр дагуу Их хурал дээр ийм шийдвэр гарч байна. Тэрний дагуу Гацууртын орд ашиглагдахаар шийдэгдлээ. Тэрний дагуу 11 км зайтай байгаа Хүннүгийн булшийг энд авчирч Гацууртын ордтой холбож ярихаа болъё оо. Ингээд нэг асуудлууд дээрээ цэгцтэй, зовлонгүй, түрүүн хэлдэг ийм утгагүй мессэжүүд ирэхээ болино. Ингээд ирэхээр хүмүүс ч бид нэг ийм байдлаар шийдчихсэн, тэрний дагуу УИХ, Засгийн газар ажилллаж байгаа юм байна гэдэг ойлголтыг бий болгоё гэдэг зүйлийг л дахин дахин хэлмээр байна.

-Ард түмнээсээ дэмжлэг авах хүсэл эрмэлзэл… Уг нь Та их эвслийн Засгийн газрыг толгойлж буй. Энэ нь нэг талаасаа асуудлыг шийдэхэд хялбар баймаар. Тэгэхэд Ардчилсан нам, Ардын намын хоорондох бодлогын зөрүү амархан арилахгүй байна гэдэг хэн хүнд ойлгомжтой байна. Тэгэхээр Та ийм арга бодож олсон юм уу?

-Би ийм арга бодохоос илүү бид бодит байдлаа мэдрэх хэрэгтэй. Аль нэг нам, бүлгийг буруутгах ямар ч шаардлагагүй гэж бодож байна. Бас энд аргагүй нөхцөл байдал бий. Хүмүүс л МАНАН гээд байгаа болохоос энэ бол парламентэд суудалтай бүх намууд эвсээд үйл ажиллагаа явуулж байна. Хоёрдугаарт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний дунд улстөрийн маргаан, толхио байлаа. Одоо долгион руугаа нэгдэж ороход цаг хугацаа хэрэгтэй байна. Нэг нь сөрөг хүчин, нөгөө нь түрэх байдалтай эрх баригч хүчин хийгээд явчихсан. Одоо нэг долгионд, нэг хуудсанд очих, нэг завинд сууж ажлуудаа хийх шаардлага байна. Энэ утгаар нь би хүлээцтэй, хүндэтгэлтэй ойлгож хандаж байна. Нэгэнт бид зовлонтой шийдвэрүүд гаргах шаардлагатай, эргээд эдийн засгийнхаа асуудын ард гарах учраас энэ шилжилтийн үеэ хурдан давах шаардлагатай. Энэ шаардлагад хүмүүсийг, иргэдийгээ, монгол ахан дүүсээ энэ рүү орооч ээ. Аль замаар нь асуудлаа шийдээд явах юм бэ гэдгээ хэлээд өгөөч гэж байгаа юм. Ингээд бодож байгаад яг ямар асуудал дээр бидний ялгарал гараад байна, хаана очиж бидний энэ концепц буюу чиг хандлага маань салах байдалтай болчих гээд байна гэдэг асуудал Ерөнхий сайдын хувьд гарч байгаа. Энэ асуултуудад хариулт авахад бусад асуудлын чиг хандлага тогтчих бололцоотой юм байна. Тэрний дагуу шийдээд явъя гэдэг үндэслэлээр энэ асуудлыг гаргаж ирж байгаа юм.

-Өнөөдөр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, Та ард түмэндээ хандаж Хөгжлийн замаа тодорхойлоход өөрийнхөө бодол саналыг нэмэрлээч ээ гэж байна. Дэлхийн том компаниуд уралдаад авах залуучууд маань гадаадад сурч байна. Сургууль бүрээс 1-2 оюутантай уулзаж нэвтрүүлэг хийлээ. Үнэхээр мундаг юм, гэхдээ тэд ирэхгүй янзтай. Яаж тэднийгээ татах вэ? Хүч бололцоо, авьяас чадвар нь хэзээ манайд хэрэглэгдэж эхлэх юм бол оо?

-Намайг Боловсролын сайд байхад Хятадын Боловсролын сайд уулзаж байсан. Тэр бид гурван оюутан гадаадад явуулахад нэг нь л буцаж ирнэ, хоёр нь тэндээ үлдэнэ гэж бодож явуулдаг. Гэхдээ тэр хоёр хүн хэзээ нэгэн цагт эх орондоо буцаж ирнэ. Гэхдээ мөнгөтэй, ноу хау, технологитой ирнэ ээ. Ингэж манай улсын хөгжил явдаг юм гэж. Тэгэхээр гадаадад байгаа сайн толгойнууд, тэр боломжуудыг Монголдоо ирсэнгүй гэж буруутгах нь нэг талыг харсан хандлага. Тэр хүмүүс наашаа ирэх боломжийг бид л энд гаргах ёстой. Сурсан мэргэжлээрээ ажиллах, авдаг цалин нь нэмэгдэх… ийм боломжийг бид гаргах ёстой. Бидний ярьж байгаа үйлдвэр хөгжих, энэ нөхцөл байдал бий болох, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлээ дэмжих бодлого, эдийн засгаа тэлж бололцоо нөхцөлийг гаргахад манай монгол залуучууд ирнэ ээ. Бид 2009 онд энэ хоёрдугаар замаараа явсан. Нэлээд зүйлээ хассан, танасан, санхүүгийн хямралаас гарч байсан. Дараа нь Оюутолгойн том төсөл яваад, араас нь нүүрсний болон бусад түүхий эд нэмэгдэхэд маш олон монгол нутагтаа ирсэн. Энэ юу харуулж байна гэхээр эдийн засгаа эх орондоо зөв болгочихъё. Хөгжих бололцоогоо зөв тавьж өгье. Тэгэхэд монгол залуучууд эх орондоо ирнэ ээ. Өнөөдөр бид гурван саяулаа болж байна. Монголын ирээдүй гэрэлтэй гэдгийг гаднын хөрөнгө оруулагчид, бүх улс орон, олон улсын байгууллага хэлдэг. Одоо л нэг жаахан хүндрээд, будилаад байна, бодлого чинь арай сайн болж өгөхгүй байна. Гэхдээ маргааш танайх мундаг болно гэдгийг уулзсан хүн болгон хэлдэг. Тэр хэлээд байгаа маргаашийг хамгийн хурдан наашлуулах хэрэгтэй.

-Маргаашийг наашлуулах гол хүчин зүйл нь энэ санал асуулгаас бас шалтгаалах гээд байна?

-Нэг том төслийг явуулах гэхэд хүний асуудал хамгийн том нь байдаг. Одоо бид Эрдэнэс МГЛ дээр суурилаад Сингапурын тимасек маягийн том бүтэц зохион байгуулалтад орох гэж байна. Хамгийн эхлээд хүний асуудал. Хөрөнгийн биржийн шинэчлэлд л гэхэд эхний ээлжинд тэр шар толгойтой хүмүүстэй хамтарч хийхгүй бол болохгүй. Хөрөнгө оруулагчдаа хардаг нүдээ өөр болгоё оо. Залж авчрангуутаа заамдах дөхөөд буцаагаад байдаг гээд түрүүн хэллээ. Тэр хүмүүсийг Монголд хэрэгтэй, бидэнд тусалж, хамт ажиллаж байгаа гэдэг нүдээр хардаг болохгүй бол гаднын хүмүүс рүү харж байгаа харц, зэвүүцэл… бид түүхийнхээ туршид ийм байгаагүй.

Гадаадаас ирсэн хүн бүр монголчуудын найрсаг, зочломтгой занг гайхаад, магтаад буцдаг байсан. Өнөөдөр гаднын бөх ирээд үндэсний бөхөөр барилдаж 11 түрүү аваад эхэлбэл манайхан юу болох бол оо. Гэтэл монгол хүү Японд очоод бүх цагийн үеийнх нь рекордыг эвдэж, 33 түрүү авч байхад япончууд яаж хандаж байна. Бидэнд үндэсний үзэл, үндсээрээ бахархах үзэл байх ёстой. Гэхдээ бид хөгжихөд, улам томроход, илүү хүчтэй, монголоо хөгжүүлэх ёстой. Хаана ч очсон монгол хүн гэдгээрээ бахархахгүй, хүсэл эрмэлзэлгүй монгол хүн байхгүй. Энэ хүсэл, тэмүүллээ маргаашийг наашлуулахын төлөө гэдэг дээр бид хандах хандлагаа өөрчилье л дөө.  Сэтгэхүйнхээ тогтсон хандлагыг жаахан л өөрчлөх юм бол…. Тухайлбал, би яагаад төрөөс юм нэхэх ёстой юм. Төр 18 хүртэл надад тусаллаа, одоо би ээждээ, аавдаа туслах цаг болсон гэж үздэг. Эсвэл би гэр бүлээ аваад явж чадна, надад хүүхдийн 20 мянган төгрөг хэрэггүй. Энэ үзлийг тогтоогоод халамж хэрэгтэй хүмүүс нь халамжаа авдаг, нөгөө талд нь дандаа бүтээдэг эдийн засаг руу шилжиж чадах юм бол гадна дотны бүх хүний хэлээд байгаа шиг гэрэлтэй монгол маш хурдан бий болно гэж би итгэж байна.

-Гэхдээ хамгийн айхтар зүйл бол сэтгэлгээ өөрчлөх, ойлголт өөрчлөх. Энийг ядаж л энэ сошил орчинд идэвхтэй байгаа хүмүүстэйгээ ярьж эхлэхгүй бол энэ дотор мушгидаг, өөр тийш нь “шрүптдэг” хүмүүс байгаад байгаа юм шиг санагддаг?

-Твиттер рүү ороход танд тийм сэтгэгдэл төрдөг үү. За ингээд сайхан аймшгийнхаа ертөнцөөр аялаатахъя гээд… Гэхдээ энд тэр хүмүүсийг буруутгах утгаараа биш юм.  Бид нэг ийм уур амьсгал бүрдүүлчихэж. Гадаад яваад ирсэн хүмүүс хэлдэг дээ, инээж инээж ирээд Буянт-Ухаад эхний тааралдсан хүнд шүргүүлээд л инээмсэглэл алга болдог гэж. Бид сэтгэлгээний маш том өөрчлөлт хийх хэрэгтэй. Одоо жишээ нь Японы олзлогдсон хоёр хүний зургийг гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр фокусгүй болгоод харагдуулахгүй тавьж байна. Манай сонин хэвлэлүүд нэгдүгээр нүүртээ тэр чигээр нь гаргасан. Энэ аймшгаас, эсвэл ТВ мэдээнүүд эхлэхэд осол аваар, болохгүй бүтэхгүй зүйл ярьдаг. Тэнд нэг үйлдвэр нээгдэж байна, энд нэг ийм бүтээгдэхүүн гадаадад гаргаж байна, төчнөөн ажлын байр бий боллоо гэдэг энэ хувиралтууд, нийгмийн сэтгэл зүйгээ хийхгүй бол… гэхдээ энэ бол дан ганц Засгийн газрын хийх ажил биш л дээ. Эдийн засгийн хүндрэлтэй байдал бол түр зуурынх, зөвхөн өнөөдрийнх. Энэнээс хурдан гарахын тулд хаа хаанаа хичээн зүтгэцгээх хэрэгтэй. Өнөөдөр хэрүүл, доромжлолын үгээр, үгүйсгэлийн үгүйсгэлээр явж байхын оронд улс орноо яаж хөгжүүлэх вэ, 2015-2016 онд Монгол Улс яаж харагдах вэ, үүнийхээ дагуу маргацгаая л даа. 4-5 хоног маргалд, тэгээд чиглэлээ гаргая, шийдвэрүүдээ гаргаад явъя. Бидэнд хугацаа бага байгаа учраас бид илүү эрч хүчтэй ажиллах болно. Ингэж ажиллах бололцоо, хүсэл байна гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.

-Энэ санал асуулгыг гаргаж тавьсан нь сюрприз байлаа. Таныг Шийдлийн Засгийн газрын тэргүүн, Их эвслийн Засгийн газрын тэргүүн гээд байгаа. Сая хамтаараа шийдэх, хамтаараа оролцоотой байхын тухай яриад эхэлчихлээ.

-Засгийн газарт ямар нэг байдлаар нэр, тодотгол өгөөд байх надад таатай санагддаггүй. Шийдлийн Засгийн газар гэсний хувьд ажил хийгээсэй, ард нь гараасай, хэрэгтэй шийдвэрийг гаргаад өгөөсэй гэсэн хүсэл, хүлээлт хүмүүст байгаа байх гэж ойлгож хандаж байгаа. Засгийн газраа тодотгоё гэвэл хамгийн гоё нь Монгол Улсын Засгийн газар. Гэхдээ хүмүүс яагаад ингэж хэлээд, нэрлээд байгааг ойлгож асуудлыг шийдэхийн төлөө ажиллана аа. Шийдэж явахын тулд хүмүүстэйгээ ярилцаад, визтэй болчихъё. Энэ бол салаа зам. Аль замаар нь явахаа шийдчихсэн тохиолдолд бидний цаад зурагнууд явна аа. Хүмүүсийн хүсээд, шийдээд өгөөч гээд байгаа асуудлуудын ард гарчихна. Жишээ нь, Оюутолгой төслийг явуулж болохгүй ээ гэж хэлж байгаа хүн эдийн засгаа сахилгажуулж, хумиад нэг жил хагас тэсээд явна шүү гэж хэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш энийг ч муулаад, тэрийг ч муулаад явах зам байхгүй, бидэнд гурав дахь замын тухай ойлголт байхгүй. Тийм учраас Оюутолгойг муулж байгаа бол хоёрдахь замаараа явцгаая. Тавантолгой, Гацуурт зэрэг том төслөө явуулахгүй ээ гэж байгаа бол хоёр дахь замыг сонгоно. Хоёр дахь зам өөрөө муу зам биш ээ. Энэ замыг шүүмжилж байгаа хүмүүс уучлаарай, битгий саад болоорой. Мэс засал хийж байгаа эмч нарын дэргэд гэр бүлийнх нь хүн орж ирчихээд “ингэж болохгүй, зовоож яах гээд байгаа юм” гээд байдаггүй биз дээ. Яг үүнтэй адилхан мэс засал хийгээд явахад саад битгий болоорой л гэж байгаа юм. Тийм учраас энэ асуудлуудаа бүгдээрээ хийгээд явна, Засгийн газар шийдвэрүүдээ ил тод гаргана. Энэ бололцоог хамтдаа гаргаж, хамтдаа ярилцъя гэж хүсч байгаа юм.

-Ярилцлагын маань цаг дуусч байна. ”Ерөнхий сайдын дараагийн үг” гэж нийтлэлээр ярилцлагаа эхэлсэн, үүгээр дуусгая гэж бодож байна. Тэнд нэг ийм өгүүлбэр байсан. Олон санал, санаачилгууд нь шийдэгдэж чадаагүй Ерөнхий сайдын өнөөдрийн үг нь өөрөөр хэлбэл энэ ярилцлагыг нэг их өөдрөг байж чадахгүй байх гэж бичсэн байсан

-Танд ямар санагдав?

-Би танаас асуух гэж байна шүү дээ?

-Ерөнхий сайдын дараагийн үг ирэх мягмар гаригийн 22 цагт энэ санал асуулгын дүн дуусаад чиг нь гарахад олон нийтэд хандана. Миний дараагийн үг тэр байна. Тэр үг энэ замаар явах уу, тэр замаар явах уу гэдгийг шийдэж өгнө. Хоёр үг нь хоёулаа надад бэлэн байгаа. Миний дараагийн үг өөдрөг байх уу, үгүй юү гэдэг бол энэ санал асуулгатай холбоотой. Тийм учраас алхмууд муудаад, муужраад байгаа зүйл байхгүй. Хоёр сар бололцоогоороо явлаа. Хамгийн том ажил бол Монгол Улсын шинэ Засгийн газрыг байгуулж чадлаа. Том том шийдвэрүүд гаргах хангалттай хүчин байна. Энийгээ хэрхэн зөв ашиглах юм, ингэж ашиглахдаа ард түмнийхээ хүсэл, захиа даалгаврыг хэрэгжүүлж чадах юм. Энэ бол Засгийн газрын, Ерөнхий сайдын, Их хурлын хариуцах, санаа зовох ёстой асуудал. Энийгээ хийгээд явах бололцоо байгаа гэж харж байгаа. Хэлэлцүүлгийн өмнө энэ хоёр замын алинаар нь явах вэ гэдэг дээр Ерөнхий сайдын хувьд байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй гэж бодож байна. Манайхан нэлээд сайн ярилцаж, энэ хоёр сэдвээр мөлжихөд олон зүйл яригдана. Тийм учраас энийгээ яриад, аль замаар явахаа шийдчихсэн байхад чиг хандлага тодорхой болно гэж бодож байна.

Нийт иргэд ээ, 1515-1111 энэ дугаарт саналаа өгөөрэй. Үүрэн холбооны дөрвөн оператор Ерөнхий сайдын, Засгийн газрын энэ санал санаачилгыг дэмжээд мессэжийг үнэ төлбөргүй явуулах юм. Нэг дугаараас нэг л санал авна. Улс орныхоо ирээдүйг, 2015-2016 онд Монгол Улс ямар төлөв байдлаар хөгжих юм бэ гэдгээ хамтдаа тодорхойлъё. Санал асуулгаар маргаашийн зүг чиг нэлээд сайн гарна гэж бодож байна аа.

-Сүүлчийн асуулт. Хэвлэл мэдээлэл, сошил ертөнцөд өөрсдийнхөө орон зайг эзэлсэн бүх хүмүүс энэ санал асуулгад хариуцлагатай хандаад, энэ асуудлыг нухацтай бодоод санаа оноогоо хэлээч гэж уриалж байна, тийм үү?

-Тэгж байна. Твиттерийнхэн л гэхэд би төчнөөн дагагчтай гээд бахархдаг. Тэр бахархлаа энэ долоо хоногийн хугацаанд ажил хэрэг болгоё оо. Дагадаг олон мянган хүмүүстэйгээ санаа бодлоо хуваалцаач. Фэйсбүүк, вэб сайтуудаар ч тэр, өдөр тутмын сониноор ч гэсэн. Нийгэм даяараа нэг сайн хэлэлцүүлэг хийгээд авъя. Шинэ жил гарах гэж байна. Морин жилд бидэнд сайхан үйл явдал тохиолоо. Гурван сая дахь иргэнээ хүлээж авлаа. Өнөөдрөөс Монгол Улс гурван сая гэж тоолуулах боллоо. Шинэ оны босгон дээр зүг чигээ тодорхойлоод авъя. Зүг чиг тодорхой болсны дараа хийх ажлууд тодорхой байгаа. Шийдвэр ар араасаа гараад явна. Тэгэхээр зэрэг би өмнө ч хэлж байсан, Монгол улс маань 10-хан тэрбум америк долларын жижиг эдийн засаг, хоёр гуравхан зөв шийдэл, зөв хөдөлгөсөн хоёр гурван төсөл, төр засгийн нэгдмэл нэг бодлого Монгол Улсыг маш өндөр хөгжил рүү маш богино хугацаанд хүргэх бололцоотой. Гэхдээ энэ бол хэн нэг хүний хүсэл биш, энэ чинь бидний багийн тоглолт. Монголчуудын эрх ашиг. Түүнээс биш аль нэг намын, аль нэг бүлгийн эрх ашиг биш. Бид нийлж байж, баг болж байж энэ том зорилгуудынхаа ард гарч чадна аа. Энэ багийг нэгтгэхийн төлөө миний удирдаж толгойлж байгаа Засгийн газар зүтгэе ээ. Зүтгэхэд ард түмэн, иргэд дэмжиж өгөөч ээ гэж байгаа юм.

-Таны энэ үгийн ард ямар нэг асуулт, тайлбар хийхийг хүсэхгүй байна. Ярилцлагаа өндөрлөе өө.

-За тэгье. Энэ бол Ерөнхий сайд болсноос хойшхи анхны ярилцлага. МҮОНТ-ээр ярилцлага өгч буйдаа баяртай байна. Удахгүй шинэ жил гарлаа. Манайхан цагаан сараа сайхан тэмдэглэдэг. Өнөөдөр жагсаал тэмцэл цуглаан хийдэг цаг биш ээ. Засгийн газрын оронд хэн ч ирсэн энэ хямрал, энэ асуудал биднээс зугтахгүй. Бид энэ хямралыг хамтдаа л давна. Энэ хямралын эсрэг хамтдаа тэмцэж, хамтдаа асуудлыг ойлгож байж давна. Тийм ч учраас би парламентэд суудалтай бүх намууд хамтарсан гэж бодож байна. Хамтарч чадахгүй дээ, шийдэж чадахгүй гэж бодож байсан хүмүүсийг буруу бодож байсан байна, бид чадсаан гэж хэлэхийн төлөө бид зүтгэх хэрэгтэй.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.179.29.58) 2015-02-01 15:18
      • 0
      • 0

      "Ерөнхий сайдын хувьд" гэдэг үгийг та маш их хэрэглэх юм. Таныг ЕС биш гэж хэн ч хэлэхгүй.Гэхдээ өмнөх ЕС-ууд ингэж ярьдаггүй байсан учраас содон сонсогддог байх. Танд амжилт хүсье.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-01-29 16:53
      • 0
      • 0

      Үгүй энэ баячуудын хүүхдүүдэд нэг аяга кофенийх нь үнийг өгөөд байдгаа болимоор юм. Ядуу айлд тэр чин 5 өдрийн талх, цайны мөнгө шүү дээ. Популизм хийгээд байгаа эмэгэй гишүүдийг ард түмэн шоолж л байгаа ш дээ. Тэгсэнд орвол алтны магнат Мянганбаярын охинд өгөх 20 мянгаа болиод группт байдаг Цэцгээгийн охинд 40 мянгыг өгьё гэхээр л ойлгохгүй популизм хийгээд байгаа хүмүүсийг яанаа.

      Хариулах