
Бурхан дэлхий ертөнцийг бүтээж, хүн амьтанд зориулан тус бүрд нь тохирсон амьдрах таатай нөхцөл бүрдүүлснийхээ дараа хүн, амьтдыг бүтээж эхэлжээ. Мөн хүн, амьтан тус бүрд нь ертөнцөд амьдрах хугацаатай нас хайрлаж, бас амьдарч байх хугацаандаа хийх ёстой ажил үүргийг ч хуваарилж өгчээ.
Эхний өдөр нохойг бүтээжээ. “Өдөржингөө эзнийхээ гэрийн хаалганы хажууд суугаад, орж гарч байгаа хүмүүс руу хуцаж байгаарай. Гэрээ сайн хамгаалаарай. Үүний төлөө би чамд 20 нас өгье” гэжээ. Нохой бодож, бодож “20 жил хуцаж амьдрана гэдэг арай л урт байнаа. 10 жилийг нь танд буцааж өгье” гэжээ. Ингээд нохой 10 наслахаар болов.
Хоёр дахь өдрөө Бурхан сармагчинг бүтээв. “Янз бүрийн үзүүлбэр хийж хүмүүсийг баясга, элэглэ, бас инээлгэ. Үүний төлөө чамд 20 нас өглөө” гэв. Сармагчин бодож, тэгснээ “Дандаа хүн шоолж, элэглэж, бас баясгаж, инээлгэж амьдрахад 20 жил арай л урт байнаа. Надад 10 жил л хангалттай” гээд 10 жилийг бас буцааж өгөв.
Гурав дахь өдөр нь Бурхан үнээг бүтээв. “Чи хүйтэн нойтон, аагим халуун гээд ямар ч улиралд өдөржингөө талд бэлчиж, тугалаа өсгөж, эзнийхээ гэрийг сүүгээр хангаж байх ёстой. Үүний төлөө би чамд 60 нас өгье” гэв. Үнээ “60 жил амьдрахад халширмаар хүнд амьдрал туулах нь ээ. 20 жил л ингэж амьдаръя, 40-ийг нь та буцааж аваач” гэж гуйв. Бурхан хүссэнээр нь болгов.
Дөрөв дэх өдөр нь Бурхан хүнийг бүтээв. “Ид, унт, тогло, гэрлэ, амьдралын хором бүрийг зугаатай өнгөрүүлээрэй. Үүний тулд чамд 20 нас өглөө” гэв. Хүн “Хорьхон нас уу? Дэндүү богинохон байна. Та надад эхлээд үнээний буцааж өгсөн 40 жил, дараа нь сармагчины буцааж өгсөн 10 жил, тэгээд нохойны буцааж өгсөн 10 жилийг нэмээд өгөөч дээ. Нийлээд би 80 наслах юм, тэгэх үү?” гэв. Бурхан “За, тэгье. Чи өөрөө хүссэн шүү” гэв.
Бид амьдралынхаа эхний 20 жилийг унтаж, идэж, тоглож, баясаж өнгөрүүлдэг. Дараагийн 40 жил нь гэр бүлээ тэжээх гэж үхэр шиг зүтгэж, дараагийн 10 жил нь ач нараа харж, баясгах гэж элдэв янз болж, дараагийн 10 жил нар бараадан үүдэндээ сууж, хөгширч ядарсан сөөнгө хоолойгоор ханиалган, хажуугаар гарсан хүн амьтантай мэнд мэдэж, таван үг солилцож суудаг гэнэ.
Энэ мэдээллийн өглөө гэж надад талархах хэрэггүй дээ. Зүгээр л нийтэд тустай зүйл л хийх гэж оролдсон юм. Хэрвээ намайг ольё гэвэл, амархаан. Гэрийнхээ үүдэнд нарлаад л, сөөнгө хоолойгоор ханиалгаж суугаа.
Орчуулсан:

E-mail: tsmunkhbayar@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(112.72.13.219) 2013-12-09 13:57He he, joke ch gesen unenii ortoi yum. Hoorhon oguulleg baina.
Хариулах
Зочин
(103.26.194.5) 2013-12-09 06:42Unshihad boduushtai, surgamjtai yum bn, good luck
Хариулах