Бестселлер болж буй шилдэг 10 ном

Twitter Print
2015 оны 01-р сар 28-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Номонд дурлагсдад зориулан өнгөрсөн долоо хоногт "Интерном" дэлгүүрийн бестселлерт орж буй 10 номыг уншигч та бүхэндээ танилцуулж байна. 

1. Ээж, Х.Экслей

Хелен Экслейн бэлгийн номнууд нь гэр бүл хийгээд анд нөхрийн холбоо, хувь хүний үнэт чанарууд гээд хүний харилцааны хамгийн нөлөө бүхий талуудыг хамардаг. Энэ номонд үргэлж бидний дэргэд байж, амьдралд маань чухал нөлөө үзүүлэгч элбэрэлт ээжүүдийн тухай хэлсэн хамгийн сайхан үгсийг багтаажээ. Дэлхий даяар дөрвөн сая гаруй хувь борлогдсон энэхүү номны хуудас бүрт эхийн хайрыг магтан дуулж, эх хүний бидний амьдралд эзлэх орон зайн чухлыг өгүүлжээ. Мөн Жулиэтт Кларкийн гайхамшигт зургууд номыг улам чимжээ. Хелен Экслейн цувралд хайр, итгэл найдвар, нөхөрлөл гэсэн номууд багтана.

2. Судасны чимээ, Г.Аюурзана

Нэгэн эр домогт алтан бурхнаар өвчилжээ. Шунал эдгэрдэг үү? Нэгэн зохиолч хаа ч байхгүй зохиомол түүхээр өвчилжээ. Этгээд гаж санаа эдгэрдэг үү? Бүсгүй багынхаа дурлал руу буцан ирэхийн тулд хорь гаруй жил шаналжээ. Хайр сэтгэл эдгэрдэг үү?

"Судасны чимээ" романд Монгол үндэстний соёлын онцгой өв болсон уламжлалт бариа засал, эм эмнэлгийн сэдвийг орчин цагийн амьдралтай уялдуулж, хувь тавилан, учир шалтгаан, эрт эдүгээгийн сэтгэлгээний харилцан шүтэлцээ зэрэг ойлголт өнөөгийн хүний сэтгэлзүйд хэрхэн тусч буйг харуулжээ.

3. Өөдөө тэмүүл, Ш.Сандберг

Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал буюу хоёр дахь гол хүн, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэ ном 2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк Таймсын Бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар “Оны бизнесийн шилдэг ном”-оор нэрлэгдэн, одоогийн байдлаар 30 гаруй орны хэлээр хэвлэгдээд байна.

Ш.Сандберг энэхүү номондоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дууджээ. 

Зохиогч эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

4. Ногоон Нүдэн лам, Ц.Оюунгэрэл

Уг номыг Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр цаг үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ.

5. 100 жилийн ганцаардал, Г.Маркес

Испани хэл дээрх уран зохиолыг ярихын тулд нэн тэргүүнд Колумбын зохиолч Габриель Гарсиа Маркесын "Зуун жилийн ганцаардал" романыг дурдах хэрэг гарна. Маркес 1927 онд Колумбын далайн эргийн Аракатака тосгонд төржээ. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшин олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь "Зуун жилийн ганцаардал" байлаа. Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.

6. Талд ассан түймэр, I:1900-1915 он (Монголын тусгаар тогтнолын товчоон)

Улсын Их Хурлын гишүүн Ёндонгийн Отгонбаяр Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийнхээ эхний дэвтэр болох “ТАЛД АССАН ТҮЙМЭР” номоо уншигч та бүхэндээ өргөн барьж байна. Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярын номын эхний дэвтэр цаг хугацааны хувьд XX зууны эхний арван таван жилийг хамарч байгаа бөгөөд энэ бол Монголчууд Манжийн эрхшээлээс гарч, Монгол улс тусгаар тогтнолоо дахин сэргээсэн хэдий ч хөрш хоёр их гүрний хавсайдалтаар Хятадын эзэн харъяаны автономит улс, нидэр дээрээ Оросын хараанд орсон үе юм. Зохиогч уг бүтээлдээ энэхүү түүхэн үеийн ээдрээ нугачааг сайтар шинжлэн, сонирхолтой олон гаргалгаа хийн өгүүлсэн байна.

7. Сорхугтани, Б.Сарантуяа

Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Найман зууны тэртээ Сорхугтани хатны эгэл хүмүүний амьдралаар амьдарч, зовлон жаргалын дундуур явсан бахдам түүх, найман зууны дараа уран зохиолын хэлнээ буун уншигч авхай танаа хүрч байгаа нь магад тэрбээр мөнх тэнгэрээс өөрийн зөвшөөрлөө илгээсэн хэрэг биз ээ.

8. 365 өдөр тэр чигтээ азжаргал, Г.Наранбаатар

Бүх өдөр сайн байхгүй байж магад, гэхдээ өдөр бүрт ямар нэгэн сайн зүйлс заавал байдаг. Энэхүү ном нь уншигчдад сэтгэл зүйн эерэг, зөв боловсрол олгох зорилготой ба 21 өөр амьдралын сэдвүүдийг хөндөн бичигдсэн болно. Бүх сэдвүүдэд амьдралын энгийн олон жишээг багтаасан нь энэ номны онцлог юм.

9. Амжилтын тарни, Т.Бадамзул

Та ер нь ямар хүн болмоор байна вэ? Мундаг амжилттай хүн болмоор байна уу? Та хангалттай амжилттай хүн шүү дээ. Хэрвээ та хэн нэгэн болох юмсан гэж бодож байгаа бол, тэр бодож байгаа дүр төрх, чадвар танд аль хэдийн байж л байгаа. Чухам "тийм" л хүн болох гэж хичээгээд ердөө ч хэрэггүй, тийм хүн яаж болно оо? гэж элдэв арга хайх ч хэрэггүй. Таны эрж хайж байгаа зүйл аль хэдийнээ танд байгаа гээд бод доо. Маш энгийн! Гагцхүү түүнийгээ гаргаж ирж, илэрхийлэх л хэрэгтэй. Та амжилтанд хүрч чадна! Амжилтанд хүрэх чадвар танд бүрэн дүүрэн бий! Харин яаж?

10. Амжилтын хөтөч 2015, М.Ичинноров

Амжилт гэж чухам юу юм бэ? Хэрхэн амжилтанд хүрэх вэ? гэсэн асуултанд тохирсон ганц хариулт гэж үгүй. Хүн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, ур чадвар, хувь тавилантай байдаг. Хэдий тийм ч хүн бүрт нийтлэг үйлчилж болох амьдралын чухал зарчим, үнэт зүйлс гэж бий. Энэ номын тусламжтайгаар та ажил, амьдралынхаа чухал зарчмуудыг мэдэж, мөн хэрэгжүүлэх боломжтой юм. Та энэ номыг зөвхөн тэмдэглэлийн дэвтэр, цагийн хуваарь, уулзалтын цагаа төлөвлөх хэмжээнд хэрэглэх бус харин амжилтын зарчмуудыг танин мэдэж, тэдгээрийг өдөр тутмынхаа хэрэглээ болгон ашиглаж чадвал ирээдүйгээ өөрөөр харж, амьдралынхаа цар хүрээг тэлэн амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.