Архангайн Тариатын цагаан идээний худалдаа хөл бужигнаан ихтэй байна

Twitter Print
2015 оны 01-р сар 23-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын уламжлалт Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед Нийслэл хотод цагаан идээний эрэлт ихсэж, үнэ тэнгэрт хаддаг. Түүгээр ч зогсохгүй ааруул гэхэд ааруул биш гурилдсан, сүү гэхэд сүү биш ус хольсон цагаан идээг иргэд дуртай, дургүй худалдан авч хэрэглэж байна. Харин энэ жилийн хувьд Нийслэлчүүдэд цэвэр брэнд бүтээгдэхүүнээр бэлэг барихаар Архангай аймгийн Тариат сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа Бөхийн өргөөний арын талбайд болж байна. 10 гаруй төрлийн 60 гаруй тонн цагаан идээг цагаан сарын баярыг угтан нийслэлчүүддээ худалдан борлуулахаар Тариат сумын иргэд нийслэлд ирээд байгаа нь энэ юм.

Өнгөрсөн жил тус аймгийн Чулуут сумын иргэд Скай худалдааны төвийн гадна талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, иргэдийн сэтгэлд хүрсэн худалдаа, үйлчилгээ үзүүлж байсан билээ. Гадаа хүйтэн, жиндүү болохоор асарт худалдаа хийж, хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй бужигнаж, зөрөх зай бараг алга байв. Энэ үеэр Архангай аймгийн Тариат сумын иргэн С.Дүүрэнгэрэлээс энэ жилийн үзэсгэлэн худалдааны борлуулалтын талаар тодрууллаа.

-Монголын үндэсний Цагаан сарын баярыг угтан Цагаан идээний худалдаа хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Таны хувьд өнгөрсөн жил оролцсон уу?

-Энэ жил анх удаагаа оролцож байгаа. Архангай аймгийн Тариат сумын малчдаас өөрсдийн гараар хийсэн идээний дээжээрээ нийслэлчүүд, дүүргийн иргэддээ худалдаа явуулж байна. Мөн ченжийн гар дамжаагүй, малчдын өөрсдийнх нь бэлтгэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан цагаан идээг худалдан авч, сар шинийнхээ бэлтгэлийг базаагаарай хэмээн иргэддээ хүсэх байна.

 -Иргэдийн худалдан авалтын хувьд хэр сэтгэл ханамжтай байна?

-Өнөөдрийн хувьд бүх цагаан идээ маш сайн зарагдаж байна. Хүмүүс сүү, аарц, хэвийн ааруулаар зассан тавгийн идээ их сурж байна. Бусад худалдаачдын хувьд ч тийм байх шиг байна. Худалдан авагч Үзэсгэлэн худалдаа үнэхээр өргөн болж байна. Иргэд ааруул, цагаан тос, өрөмнөөс амталж үзээд ямар нэгэн хольц, байхгүй аарц амтагдсан сайхан ааруул байна гэж ам сайтай байгаа.

- Өнгөрсөн жилийг бодоход үнийн хувьд хэр өөрчлөлт орсон байна?

-Үнийн хувьд их боломжийн. Төрөл бүрийн хэвийн ааруул, шар тос 1 кг нь 9000-12000 төгрөг, цагаан тос дунджаар 5000 төгрөг, тогооны өрөм том жижгээсээ хамаарч 7000-10000 хооронд байсан бол хуруу зузаан цөцгий тогтсон нь 13000 ч хүрч байна. Мөн хэвийн бор тос 1 кг - 8000, сүү 1 кг-2500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. 

-Тариат сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа хэр удаан үргэлжлэх вэ?

-Энэ сарын 23-28-ныг хүртэл үргэлжилнэ. Ямартаа ч сар шинэ дөхөхөөр хотынхон чанартай цэвэр цагаан идээний эрэлд гардаг учир манай үзэсгэлэнг зорьж ирж байгаа хүн олон байгаад баяртай байна. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.