
Нурууны өвчнөөр тарган, илүүдэл жинтэй хүмүүс өвчлөх илүү эрсдэлтэй тухай эрдэмтдийн судалгааны үр дүнгүүд их байна.
Таргалалт нь нурууны өвчний гол шалтгаан болдоггүй. Харин нурууны өвчнийг үүсгэдэг үндсэн шалтгаан болдог жийргэвчийн эмгэг, шөрмөсний хатуурал, нурууны үений үрэвсэл гэх мэт өвчнийг үүсэхэд нөлөөлдөг гэж тодорхойлсон байдаг юм байна.
Хүний багана нуруу нь бие махбодын жинг үүрч байдаг гол хэсэг юм. Тиймээс ч илүүдэл жинтэй үед багана нуруунд ирэх ачаалал хэвийн жинтэй хүний нуруунд ирдэг ачааллаас илүү байдаг.
Нөгөө талаас илүүдэл жингийн улмаас хэт гүзээ сууж, гэдэс томорч урагшаа түрснээс багана нурууны хотойлт ихэсдэг нь нурууг тэгш байрлалд байрлуулж, тэнцвэрийг хадгалахын тулд нуруунд ирэх ачааллыг улам ихсэхэд нөлөөлдөг.
Нас залуу хүмүүс ахимаг настнуудтай харьцуулахад үе нь уян хатан байдаг болохоор хэдий илүүдэл жинтэй ч өвдөлт багатай, нуруунд нь ноцтой өөрчлөлт илрээгүй байдаг. Гэхдээ энэ нь нас ахих, жин нэмэхийн хирээр нурууны өвчнөөс зугтах боломжгүй болно гэсэн үг.
Тиймээс та илүүдэл жинтэй л бол нурууны өвдөлтөө арилгахаар эмчилгээ хийлгэхээс гадна өөрөө биеийн жингээ зохих хэмжээнд хүртэл хасах нь нурууны эмчилгээг үр дүнтэй болгох гол арга юм.
Н.Алтанхундага
Бэханзэ эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.