Хүүхэд яагаад шөнө орондоо шээдэг вэ?

2017 оны 05-р сар 28-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Шөнийн цагаар орондоо шээх нь хүүхэд насанд элбэг тохиолддог ба 5 нас хүртэлх насанд хэвийн гэж үздэг бол ойролцоогоор 5-аас дээш насанд энэ үзэгдэл тохиолдож байвал эмгэг буюу өвчин гэж үзнэ. Улмаар хөвгүүдэд илүү тохиолддог. Өдрийн цагаар шээс алдах нь ховор, харин шөнийн цагаар орондоо шээх нь түгээмэл байдаг.

Уг өвчнийг анхдагч ба хоёрдогч гэж бас ялган үздэг. Анхдагч нь төрснөөс хойш ажиглагдах ба шээс ялгаруулах эрхтэн системийн хөгжил удаашралтай эсвэл хоцронгитой холбоотойгоор шөнийн цагаар давсаг шээсээр дүүрэхэд хүүхэд сэрэхгүй шээх явдал юм.

Хоёрдогч нь ямар нэг төрөлхийн болон олдмол өвчнүүдийн улмаас үүсэх ба энэ үед зөвхөн шөнийн цагаар шээхээс гадна өдрийн цагаар шээс алдах, мөн хэдэн сараар өвчин намжмал байдалд орох онцлог байдаг. Энэхүү өвчин нь нойрны гүн байдал, түүний үе шатаас үл хамаардагийг шинжилгээ судалгаагаар баталсан байдаг. Нас ахих тусам энэ өвчин илааршдаг хэдий ч хүүхдэд 8-10%, өсвөр нас, том хүнд 1% хүртэл цаашид үргэлжлэх хандлагатай. Шөнийн цагаар орондоо шээх үзэгдэл нь 5 настангуудад 14%, 7 настангуудад 7%, 14 настангуудад 2%, том хүнд 0,5% тохиолдоно.

Уг өвчний шалтгаанаас нь авч үзэхэд удамшлын шинжтэй байдаг. Жишээ нь, эцэг эх хоёуланд нь ийм зовуурь байсан бол хүүхдэд 77%, эцэг эхийн аль нэгэнд нь зовуурь илэрч байсан бол хүүхдэд нь 44%, эцэг эхийн хэн нь ч өвдөж байгаагүй тохиолдолд хүүхдэд 15% энэ өвчин үүсэх магадлалтай байдаг байна.

Түүнээс гадна төв мэдрэлийн систем ба давсагны дутуу хөгжил, шээс бэлгийн замын халдвар, өтгөн хатах, анхаарал сулрах, хэт хөдөлгөөнтөх хам шинж, кофейн ба алкоголь агуулсан шингэнүүд хэрэглэх, гормоны өөрчлөлт (шээс ялгаруулалтыг зохицуулдаг гормон) зэргээс үүдэлтэй байх нь ч байдаг. Мөн сэтгэлзүйтэй холбоотой. Энэ нь ихэвчлэн сургууль дээрээ шалгалт өгөхийн өмнө, эцэг эх, найз нөхөдтэйгээ муудалцах, гэр бүл салалт, эцэг эхийн халамжаас холдож анхлан цэцэрлэг болон сургуульд орж байгаа хүүхдүүдэд бас элбэг тохиолддог. Эдгээр хүүхдүүд болон тухайн гэр бүл нь бүхэлдээ энэ байдлаасаа болоод айж ичин санаа зовсон хязгаарлагдмал орчинд ордог тул эцэг эхчүүдэд дараах энгийн зөвлөгөөг санал болгож байна.

- Хүүхдийг загнаж сүрдүүлэхгүй байх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх.

Гэр бүлийн тайван орчинг бүрэлдүүлэх.

Орой буюу үдээс хойш уух шингэнийг хязгаарлан оройн цагаар хөнгөн маягаар давс султай хоол идүүлэх.

Унтахын өмнө заавал шээлгэж дадаж заншуулах, зарим шаардлагатай тохиолдолд сэрээж шээлгүүлэх, эсвэл памперс өмсүүлэх.

Унтахын өмнө сэтгэлзүйн талаас аль болох тайван байлгах.

Ямар ч тохиолдолд эмнэлэгт хандан шалтгааныг нь тодруулан, эмийн болон бусад шаардлагатай эмчилгээ (сэтгэлзүйн болон физик)–г хийлгэх.

Хэрэв хүүхдэд тань дээрхи зовуурь илэрч байвал хүүхдийн мэдрэлийн болон сэтгэцийн эмчид хандах нь зүйтэй.

ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн Эмгэг Судлалын Тасгийн их эмч Ц. Пүрэвсүрэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.