Шинзо Абэ барьцаалагдсан хоёр иргэнээ даруй суллахыг шаардав

Twitter Print
2015 оны 01-р сар 21-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

"Исламын улс" зэвсэгт бүлэглэлийн гэгддэг Ал-Фурган мэдээллийн газраас гаргасан бас нэгэн видео бичлэг цацагдаж, тус бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалан ихээхэн хэмжээний мөнгө нэхсэн тухай бид мэдээлсэн. Исламын хэт даврагчид 72 цагийн дотор 200 сая ам.доллар төлөхгүй бол хоёр иргэнийг нь цаазална хэмээн Японы Засгийн газрыг сүрдүүлсэн юм.

Энэхүү бичлэгийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэд шууд хаягласан бөгөөд тэрээр төрийн болон бизнесийн байгууллагын өндөр албан тушаалтнууд болох 100 гаруй төлөөлөгчийн хамт Ойрхи Дорнодод 6 өдрийн айлчлал хийж байгаа юм.

Харин тэрээр өчигдөр орой төлөвлөгөө ёсоор Иерусалем хотод хэвлэлийн бага хурал хийж, хэлсэн үгэндээ "Хүн барьцаалж, заналхийлэн сүрдүүлнэ гэдэг хүлээн зөвшөөрч болшгүй террорист ажиллагаа. Үүнийг хүчтэй эсэргүүцэж байна. Манай улсын хоёр иргэний амь насанд аюул учруулалгүйгээр нэн даруй суллахыг шаардаж байна гэсэн байна.  

Шинзо Абэ Ойрхи Дорнодод хийж буй айлчлалынхаа үеэр лалын хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй орнуудад 200 сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдээд байсан юм. Японы Ерөнхий сайдын энэ амлалт барьцаалаад байсан хоёр иргэнийх нь амь насанд хандахаар заналхийлж, мөнгө нэхэх шалтгаан болсон байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. 

Бичлэг дээрх барьцаалагч этгээд хар хувцас өмсөж, нүүрээ таглан, нэг гартаа хутга барьсан байсан бөгөөд өмнө нь хэд хэдэн гадаадын иргэдийн толгойг авахад мөн байлцсан этгээд болох нь Британи аялгатай англи хэлнээс нь мэдэгдэж байсан гэжээ. 

Японы иргэн Кенжи Гото Яго, Харуна Юкава нарыг барьцаалсан бичлэгийг өчигдөр /I.20/ цахим ертөнцөд байршуулжээ. Японы Гадаад харилцааны яамны Терроризмын эсрэг хэлтэсийн ажилтан "Бид бичлэгийг үзсэн. Одоогоор нөхцөл байдлыг судлаж байна. Авах арга хэмжээний тухай олон нийтэд тайлбарлах боломжгүй" гэж мэдэгдсэн байна.

Зураг дээрх хоёр Япон иргэний нэг 40 эргэм насны Юкава нь өнгөрсөн оны 8-р сард Сири улсад барьцаалагдсан бөгөөд ямар хэргээр тэнд явсан нь тодорхойгүй ч тэрээр Японы хувийн нэгэн цэргийн байгууллагад ажиллаж байсан гэсэн мэдээлэл байдаг аж. Харин Гото нь өнгөрсөн онд Сирийн иргэний дайныг сурвалжлахаар очсон сэтгүүлч юм байна. 

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Барууны орнуудын иргэдийг барьцаалж, цаазалсан тохиолдол нэг бус удаа гарсан билээ. Тус бүлэглэл өнгөрсөн онд Сири, Иракийн газар нутгийн зарим хэсгийг дайран эзэлж, хяналтаа тогтоогоод буй юм.

Исламын улсын дайчид Сири болон Ирак улсын цэрэг голдуу хэдэн зуун хүнийг хомроглон устгаж, толгойг нь авсан бөгөөд гадаадын хэд хэдэн иргэний толгойг тасдаж, ялалтаа баярлан тэмдэглэж байгаагаа нийтэд үзүүлдэг харгис үйлдэл олноор хийх болсон.

Энэхүү бичлэгт гарч буй Британи аялгатай англи хэлтэй жихадын дайчин урд нь Америкийн иргэн James Foley, Steven Sotloff нар болон Английн иргэн David Haines, Alan Henning нарын толгойг авахад байлцсан болох нь тогтоогдоод байгаа юм.

Одоо Исламын улсын бүлэглэлийн барьцаанд өнгөрсөн жил Сирийн иргэний дайныг сурвалжлахаар очсон Британийн фото зургийн сэтгүүлч John Cantlie, 26 настай Америкийн тусламжийн байгууллагын ажилтан эмэгтэй нар байна. 

Эх сурвалж: CBC news agency

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.