Үдийн хоолыг яагаад үл хайхарч болохгүй шалтгаан

Twitter Print
2022 оны 05-р сар 18-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

ҮДИЙН ХООЛЫГ ҮЛ ХАЙХАРЧ БОЛОХГҮЙ

Зөвлөмж: “Эцэг эхчүүд өдөр хоол авж идээрэй гээд хүүхдэдээ мөнгө өгөөд явуулчихдаг. Түүгээр нь бэлэн гоймон, гаазтай ундаа авж уусаар байгаад ходоодгүй болж байгаа хүүхдүүд олон байна”

Өглөө 8 цагаас хичээлдээ явдаг хүүхдүүд өглөөний цай ууж гарах нь маш ховор байдаг нь судалгаагаар батлагдсан. 8 цагийн хичээлд суугаад эцэг эхээ ирж авах хүртэл нь өдөр өнжүүлэхэд явдаг эсвэл өөрөө гэртээ харьдаг сурагчдын өдрийн хоолны асуудлыг сургууль ч, эцэг эх ч хайхрахгүй байх нь тухайн хүүхдийн бие бялдрын хөгжилд шууд нөлөө үзүүлдэг.

Өлсгөлөн байхад толгой сэргэг байдаг гэх үг нь хоол идсэний дараа хоолоо шингээхэд энерги зарцуулж эхэлдэг учраас нойрмоглох, залхуурах гэх мэт шинж илэрдэгтэй холбоотой. Үнэн хэрэгтээ гэдэс нь хонхолзож байгаа хүүхэд гэдэс цатгалан байгаа хүүхдээс хавь илүү сульдаж, мэдээлэл хүлээж авахад удаан болдог юм. Олон улсад хийсэн судалгаагаар шим тэжээлтэй үдийн хоол иддэг хүүхдүүд шалгалтдаа хамаагүй өндөр оноо авдаг нь тогтоогдсон байдаг.

Эцэг эхчүүдийн дунд нийтлэг ажиглагддаг шинж бол орой өлсөж очсон хүүхдэдээ түргэн хоол, хүнд махан хоол идүүлээд унтуулчихдаг, эсвэл өдөр юм авж идээрэй гээд мөнгө өгчихдөг. Юмны наад цаадахыг сайн мэдэхгүй хүүхэд болсон хойно өгсөн мөнгөөр нь бэлэн гоймон, пирошки идээд чихэр ундаа аваад уучихдаг шүү дээ.

Ийм хэмнэлд орсон хүүхэд хоолшиж чадахгүй, орой очоод хүнд хоол идээд шөнөжин ходоод нь ажиллаад хонодог. Түүнээсээ болоод өглөө нойр дутуу сэрээд ус ч уухгүй хичээлдээ гараад гүйдэг байдал хэвшил болоод байна. Ийм хэмнэлээр удаан явбал таны хүүхэд багаасаа амьдралын буруу хэвшилтэй болж, цаашлаад ужиг өвчин үүсэх шалтгаан болдог.

Хүүхдүүд өөрсдөө шим тэжээллэг хоол идэж байгаа эсэхээ мэддэггүй учир эцэг эх болон сургуулийн зүгээс энэ тал дээр маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдөө өдрийн хоолоо байнга төлөвлөж, нэг ч алгасахгүй иддэг хирнээ хүүхдийнхээ юу идэж байгааг тийм ч их анхаардаггүй. Тиймээс үдийн хоолны цогц хөтөлбөртэй сургуулийг сонгосон эсэхээ дахин нягтлаарай хэмээн зөвлөж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.