Г.Энхтөр: Цаашид уран бүтээлээ тасалдуулахгүй үргэлжлүүлэх болно

Twitter Print
2013 оны 12-р сар 06-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

“Зүүдний дагина”, “Миний нулимсыг салхи арчина” зэрэг залуусын сэтгэлийг гэгэлзүүлсэн, тэр нандин дурсамжийг сэдрээсэн дуунуудаараа та бидний дунд оршиж буй  хамтлаг бол “Freezone” юм. 

Анх 1998 онд байгуулагдсан цагаас хойш гаргасан бүх уран бүтээлээ сонсогч фэнүүддээ толилуулахаар төлөвлөсөн бөгөөд хамтлагийн хувьд энэ жил 15 жилийн ой нь тохиож буйтай зэрэгцэн ганцхан үдэш гайхамшигтай тоглолтоо өргөн барих гэж байна.

Ингээд удахгүй болох тоглолтын талаар хамтлагийн ахлагч Г. Энхтөрөөс тодрууллаа.

Фэнүүд нь удаан хүлээсэн тоглолт болох нь. Хамтлагийн 15 жилийн ойн баяр давхацсан энэ гайхалтай үдшийн талаар яриагаа өрнүүлье?

Баярлалаа. Манай хамтлагийн хувьд энэ жил их сайхан жил болж байгаа. Учир нь 11 жилийн дараа тоглолт хийх гэж байгаа учраас сэтгэл их догдолж байна. Бид урлагт хөл тавиад бүтэн 15 жилийг ардаа орхисон байна. Энэ удаагийн тоглолтод “Freezone”-ын анхны дуунаас эхлээд хүмүүсийн сайн мэдэх хит дуунуудаа сонордуулахаас гадна сүүлд хийсэн хоёр, гурван шинэ уран бүтээлээ толилуулна. Нийтдээ 28 дуу дуулахаар бэлтгэж байна.​

Ер нь “Фрийзон” хамтлагийнхан хамгийн сүүлд хэзээ тоглолтоо тайзнаа тавьсан бэ?

Монголд гэвэл “UB palace”-д 2002 онд хамгийн сүүлд тоглосон юм байна. Дараа нь Лондонд 2006 онд тоглолтоо хийгээд зургаан жил тайзнаа гараагүй байж байгаад саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат ахын “Содон аялгуу” тоглолтын үеэр хамтдаа дуулсан.

Уран бүтээлийн завсарлага их олон жил авсан байна шүү. Таныг Англи улсад хөгжмийн чиглэлээр суралцаад ирснээр “Freezone”-ныхон эргэн нэдлээ?

Тиймээ бид уран бүтээлээ завсарлаад олон жилийг ардаа үдсэн байна. Миний бие Англид хөгжмийн чиглэлээр зургаан жил суралцаад ирлээ. Одоо цаашид уран бүтээлээ тасалдуулахгүй үргэлжлүүлэх болно.

Мөн  2014 онд манай хамтлаг маш олон ажил төлөвлөж, эхнээсээ шинэ уран бүтээлийн ажилдаа орчихсон явж байна. Клипгүй хүргэсэн хэд хэдэн дуугаа дүрсжүүлнэ гээд уран бүтээлийн ажлууд ар араасаа хөвөрсөөр байгаа. Ямартай ч манай хамтлагийг сонсох дуртай сонсогч фэнүүдийн зүгээс маш их урам өгч, эргэн нэдсэнд баяртай байгаагаа уламжилж байгаад баяртай байна.

                                   

“Хотын хэмнэл” нэртэй томоохон тоглолтод сэтгэлд хоногшсон хичнээн дуу дуулагдах вэ?

“Хотын хэмнэл” тоглолтод залуусын сэтгэлийг гэгэлзүүлсэн, нандин дурсамжийг сэдрээсэн “Бороотой зуны үдэш”, “Зүүдний дагина”, “Мартаж чадахгүйгээ мэдэж байна”, “Миний нулимсыг салхи арчина”, “Намрын дурсамж”, “Нутгийн чулуу”, “Чамдаа өгсөн хайр” зэрэг 28 дуу дуулагдана. Мөн тоглолтын үеэр дуулагдах “Өвлийн хайр”, “Намрын дурсамж” дууны арын дэлгэцэнд гарах клипэнд анги хамт олонтойгоо, хайрттайгаа авахуулсан зургаа мөнхөлөхийг “Freezone”-чууд хүссэн. Одоогоор 200 орчим зураг “Freezone group” фэйсбүүк хуудаст ирээд байгаа бөгөөд хамгийн олон лайк авсан зургуудыг тоглолтын клипэнд ашиглаж, улмаар “Хотын хэмнэл” DVD-нд оруулах юм.

15 жилийн ойн тоглолтондоо фэнүүддээ ямар бэлэг барих вэ. Нууц биш бол?

Энэ удаагийн тоглолтод “Freezone”-ын анхны дуунаас эхлээд хүмүүсийн сайн мэдэх хит дуу нуудаа сонордуулахаас гадна сүүлд хийсэн хоёр, гурван шинэ уран бүтээлээ толилуулна. Нийтдээ 25 дуу дуулахаар бэлтгэж байна. Тоглолт хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт “Өвлийн шөнө”, “Миний нулимсыг салхи л арчина”, “Зүүдний дагина” тэргүүтэй хайрын дуунууд эгшиглэх бол хоёрдугаар хэсэгт “Шинэ жилийн мэнд хүргэе” цомогт багтсан шинэ жилийн тухай дуунуудаасаа дуулна. Тоглолтоо “амьд” хөгжимтэй хийж, хотын соёл, хотын хөгжим гэж юу байдгийг мэдрүүлэх болно.

                                        

Сонсогч фэнүүдийнхээ дунд хоёр ч уралдаан зарлаад байгаа. Эхний ялагч нь тодорсон гэсэн?

“Хотын хэмнэл” тоглолттой холбоотой  “Freezone”-ний дууг хэн сайн дуулах вэ cover дууны уралдааныг зарлаж азтангаа тодруулсан байгаа. Ингээд азтанаар 19 настай Тэлмэн залуу түрүүлсэн бөгөөд “Өвлийн шөнө” дуугаар оролцож ялагч болж, өөрсдийн цомог, зурагт хуудас, тоглолтын хос тасалбарыг бэлэглэсэн. Мөн манай хамтлагийн тоглолтонд урилгаар ирж дуулахаар болсон байгаа.

Хамтлагийн шинэ уран бүтээлүүд ямар өнгө аястай байх вэ?

“Freezone” хамтлагийнхан бүх дууныхаа найруулгыг шинэчилсэн бөгөөд 80-аад оны залуусыг байлдан дагуулсан ая дуунууд шинэ хэмнэл, өнгө аястайгаар үзэгчдэд хүргэх болно.

Мөн манай хамтлагийнхан эргэн нэгдсэнтэй холбоотой “Арван хором”, “30 нас” зэрэг шинэ уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргээд байна. Бид “30 нас” дуугаа гурван жилийн өмнө зохиосон. Одоо яг энэ дууг дуулах цаг нь болсон гэж үзэж байгаа учраас үзэгч сонсогчдынхоо сонорт хүргэлээ. Хамтлагийн гишүүд эхнээсээ гучин нас хүрч, идэр залуус болж байна. Үүнээс өмнө хийж байсан бүтээлүүд бол бага залуу насны минь үеүүд байсан. Тэгэхээр одоо биднээс арай өөр өнгө аяс, байр суурийг илэрхийлсэн дуунууд цаашдаа гарна гэсэн үг.

Тоглолтод өөр хамтлаг, дуучид оролцох уу?

Тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын найруулагчаар С.Ононбат ажиллаж байгаа. Мөн тоглолтонд “Давтагдашгүй”, “Монгол поп 1, 2”, “Нандин шүтээн” зэрэг сүүлийн үеийн бүх тоглолтонд уригдан оролцож байгаа Монголын амьд хөгжмийн шилдгүүд амьдаар тоглох болно.  Түүнчлэн “Ice Top” хамтлагийн Хаагий оролцож “Намрын дурсамж” дууг хамтдаа дуулна. Мөн хамтлагийн анхны бүрэлдэхүүнд байсан Заяагаас гадна дуучин Л.Тайванбат, МУГЖ Ц.Чулуунбат гээд л олон сайхан хүмүүс оролцох учраас үзэгчдийн хувьд, дурсамж сэргээсэн сайхан тоглолт болох болно.

- Ярилцлагын төгсгөлд хосуудад зориулсан “Хайрын мод” байгууламж бий болгож байгаа тухайгаа дэлгэрэнгүй яриач?

Бид энэ талаар эртнээс бодож явсан. Дэлхийн улс оронд “Хайрын мод” гэж байдаг бөгөөд үүнийг л бид эх орондоо бий болгож, залуучуудад зориулсан гоё газартай болъё гэж зорьсон.

Тиймээс бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хайрын мод” байгуулья гэж төлөвлөж байгаа. Дөрвөн улирлын турш байх энэ модонд дурлалт хосууд, залуу гэр бүлүүд өөрсдийн хайр дурлалыг “цоожилж”, мөчир болгоноос нь өлгөж болно. Тэдний хайр дурлалын цоож хэдий хугацаанд тэнд байх нь хамаагүй, ийм сайхан байгууламжтай байвал зүгээр юмуу гэсэн үүднээс ингэж санаачлага гаргасан. Бидэнтэй хамтарч ажилладаг хамтлаг дуучид болон найз нөхөд, уран бүтээлчид уг ажлыг маань их дэмжиж байгаа. Одоогоор зураг төслийн ажлаа хийж гүйцэтгэж байгаа, шинэ он гаргаад бүтээн байгуулалтын ажилдаа орох болно. 

Ярилцсан: Г. Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.