Өрийн хэмжээг 60 хувьд хүргэхийг МАН-ын бүлэг дэмжихгүй

Twitter Print
2015 оны 01-р сар 19-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж төсвийн тодотголын хамт өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж гадаад өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 60 хувьтай тэнцүү байхаар тогтоолын төсөл өргөн барьсныг нь МАН-ын бүлэг эсэргүүцэж өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үеэр тав хоногийн завсарлага аваад байсан юм. Тиймээс өнөөдөр бүлгийн хуралдаанаар уг өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх хуулийн төслийг дахин хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн байр суурьт нэгджээ.

Учир нь МАН-ын бүлэг Шийдлийн Засгийн газарт хамтарч ажиллах саналыг хүлээж авахдаа өрийн таазыг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн хуулийн заалтыг дэмжиж, үүнээс илүү гаргахгүй гэсэн болзолтой байсан гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм.

Тэрбээр мөн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу өрийн дээд хязгаар нь ДНБ-ий 40 хувьтай тэнцэх ёстой байтал өмнөх Шинэчлэлийн Засгийн газар зөрчөөд өнөөдрийн байдлаар 58.3 хувьд хүргэчихсэн байгаа. Тийм учраас ара буюу хууль зөрчөөд хүрчихсэн байгаа 58.3 хувийг зөвшөөрье. Харин өрийн дээд хязгаарыг үүнээс хэтрүүлэхгүй байх зарчмын байр суурин дээрээ хэвээрээ байхыг МАН-ын бүлэг шийдлээ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хууль зөрчсөн ч өнөөдрийн 58.3 хувийн өрийн дээд хэмжээг хүлээн зөвшөөрч харин цаашид ингэж хууль зөрчихгүй байхыг анхааруулна гэсэн юм.

Үүнээс гадна Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй бай гэсэн заалтыг өөрчилж таван хувьд хүргэх гэсэн заалтыг дэмжихгүй байхаас өөр аргагүй хүрсэн учир дэмжихээр боллоо гэдгийг бүлгийн дарга хэлсэн юм. Учир нь төсвийн алдагдлыг энэ жилдээ ДНБ-ий таван хувьд хүргэж байж одонтой эхчүүдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, хүүхдийн мөнгийг нийтэд олгох, тэтгэвэр тэтгэмжийн хэмээг бууруулахгүй байх, төсвийн хөрөнгө оруулалтуудыг зогсоолгүй олгох боломжтой хэмээн үзсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.