
Бага байхад үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын нэг бол усан цэрэг “Popeye” байлаа. Popeye лаазтай ногоон ургамал идэх төдийд хүч тамир орж эсрэг дүрийн сахалтай том эрийг болгож өгдөг дөө. Харин түүнд ингэж хүч тамир өгдөг ургамал бол бууцай /spinach/ юм. Тэгвэл дэлхийд алдартай энэхүү хүүхэлдэйн кинонд яагаад заавал бууцайг сонгох болсон юм бол? Шинжлэх ухаанаар нотлогдсон биологийн идэвхит бодисууд хэр байдаг талаар сонирхож судалж үзлээ. Энэ удаад нүд харааны эрүүл мэндийн ашиг тусын талаар мэдээлэл оруулж байна.
ШИМ ТЭЖЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ
100 гр хэмжээтэй бууцайнд 91 гр нь ус байдаг. Үлдсэн 9 гр-ын 3гр нь уураг, 3.6 гр нь нүүрс-ус (эслэг), олон төрлийн амин дэм, эрдэс өндөр тунгаар агуулагддаг байна. 100 гр бууцай 23 ккал илчлэг үүсгэнэ.

ХАРАА АЛДАЛТААС ХАМГААЛНА
Дэлхийд 246 сая хүн сул хараатай, 39 сая хүн сохролтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллэсэн.
Сул хараа, сохролд хүргэдэг нэг хүчин зүйл бол 50 буюу түүнээс дээш нас юм. Нас ахиад ирэхээр нүдний торлог бүрхэвчний шар толбо хэсэгт бүтцийн өөрчлөлт үүсдэг. Нүдний эвэрлэг бүрхэвч, болор дээр гэрэл хугарч шиллэг биеэр дамжин шар толбо дээр гэрэл буудаг. Цааш харааны харааны мэдрэл, харааны замаар дамжин тархины дагз хэсэгт байдаг харааны төвд мэдээлэл очиж боловсруулагдан бид гэрэлт хорвоог хардаг юм. Гэрэл хүлээн авдаг шар толбо бүтцийн өөрчлөлтөнд орсноор сул хараа, цаашлаад сохролд хүргэдэг. Шар толбын бүтцийн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх нэг арга бол харааг хамгаалах шим тэжээллэг хүнс хэрэглэх билээ.

Бууцайнд амин дэм А, бета-каротин, лютейн хэмээх биологийн идэвхит нэгдэл их хэмжээгээр агуулагддаг байна. Эдгээр нь нүдний торлог давхаргын бодисын солилцоог идэвхтэй байхыг дэмжиж өгснөөр харааг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна. 100гр бууцайнд 9377 IU нэгж амин дэм А, 5.6 мг бета-каротин, 12.2 мг лютейн агуулдаг нь хоногт авах ёстой хэмжээний 50 хувь юм.
БУУЦАЙТАЙ НОГООН ХОЛИМОГ /Green Smoothie/

Илчлэг — 165 ккал
Ашиг тус:
· Эслэг эхээр агуулсан тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдүүлэх, өтгөн хатахаас сэргийлнэ.
· Бодисын солилцоог идэвхжүүлж биед хуримтлагдсан хорт нэгдлүүдийг гадагшлуулна
· Амин дэм К ихээр агуулсан учир цус шингэлж зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.

Орц найрлага:
· Бууцай — 60 гр / 6 ширхэг нэвч (15 ккал)
· Өргөст хэмх — 150 гр / ½ дунд хэмжээтэй (25 ккал)
· Ногоон алим — 1 ширхэг / дунд хэмжээтэй (95 ккал)
· Лууван — 1 ширхэг / 60 гр (25 ккал)
· Цагаан гаа — 3–5 зүсэм (10 ккал)
· Лемон — 1 зүсэм / ¼ хэмжээтэй (5 ккал)

Хийх арга:
· Угааж цэвэрлэсний дараагаар жижиглэж хэрчинэ
· Холигчинд хийж бүх хэсэгт жигд холигдтол нь эргүүлнэ

Хэрэглэх хэмжээ
· Өдөрт нэг аяга бууцайн холимогийг өдрийн хоолны өмнө хэрэглэх
Бадамын Бямбабаяр /Цахим эмч/
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.