
Өнгөрсөн баасан гарагт Америкийн “New York Post” болон мэдээллийн “United press International” /UPI/ агентлагийн “Твиттер” хуудсанд хакерууд нэвтэрч, хэд хэдэн хуурамч мэдээлэл нийтэлжээ.
“New York Post” сонины хуудсанд тэд Хятадын хөлөг онгоц эсэргүүцэх пуужин Америкийн нисэх онгоц тээгч “USS George Washington” хөлөг онгоцонд туссан гэж мэдээлсэн бөгөөд мөн АНУ-ын Холбооны нөөцийн систем яаралтай хуралдаж, Америкийн Төв банк бодлогын хүүг бууруулахаар төлөвлөсөн шийдвэр гаргасан гэх мэдээлэлүүд тавьсан байжээ. Хэдэн минутын дараа мэдээллүүдийг устгасан байна.
UPI агентлагийн хуудсанд хакерууд “New York Post” сонинд байрлуулсантай адил мэдээллүүд, мөн Дэлхийн гуравдугаар дайн эхэлсэн тухай Ромын пап Францискогийн “мэдэгдлийг” байрлуулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар кибер орон зайн аюулгүй байдлын асуудал эрхлэх хамтарсан бүлэг байгуулахаар шийдсэнээ мэдэгдсэний дараахан кибер халдлага болсон байна.