Та осолд орсон хүнд хэрхэн туслахаа мэдэх үү?

Twitter Print
2016 оны 12-р сар 31-нд 16:02 цагт
Мэдээний зураг,

Зам тээврийн осолтой таарсан тохиолдолд та осолд орсон хүмүүст хэрхэн туслахаа мэдэх үү? Энэ тохиолдолд олон хүн юу хийх, яах ёстойгоо мэддэггүй, нөхцөл байдлыг улам дордуулчихвий хэмээн оролцохоос айн болгоомжилдог. Гэхдээ энэ нөхцөл байдалд заавал анхны тусламж хэрхэн үзүүлэхийг мэддэг хүн л туслах боломжтой, бусад нь юу ч хийх боломжгүй гэж бодож болохгүй.

Тэгэхээр би туслах хэрэгтэй юу? Туслах гээд байдлыг бүр дордуулчих юм биш байгаа?

Хэрэв та айж сандран, яарч тэвдсэнээсээ болж бодлогогүй үйлдэл хийвэл байдлыг улам дордуулж болох юм. Харин өөрийгөө захиран тайван хандаж, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар наад захын тодорхой ойлголттой байвал эрдэнэт хүний амь насыг аварч ч болно. Ядаж л яаралтай тусламж иртэл амьд байлгахыг хичээх хэрэгтэй.

Эн тэргүүнд хийх зүйлс

Юуны өмнө нөхцөл байдлыг сайтар ажиглан, ойлгохыг хичээ. Зам тээврийн осол гарсан газарт энд тэндгүй үсэрсэн хагархай шил, машинаас гоожих шатахуун, бусад шингэн, осолд орсон хүмүүс, таны өөдөөс тасралтгүй цувах машины урсгал гээд аюул эрсдэл их байдаг. Тиймээс та өөрөө ч бас осолд өртөж, хохирогчийн эгнээнд орчихгүйн тулд эхлээд өөрийнхөө аюулгүй байдалд санаа тавих хэрэгтэй.

Хэрэв машин жолоодож явахдаа зам тээврийн осол болсныг харвал эхлээд машинаа аюулгүй газар зогсоож, байрлуул. Замын хөдөлгөөнд саад болгон, зам түгжиж орхиж болохгүй. Машинаасаа буухаас өмнө машинаа унтраа. Хэрэв та тухайн ослын газар хамгийн түрүүнд очсон бол яаралтай тусламж дууд. Хэрэв бусад хүн таниас өмнө очсон байвал яаралтай тусламж дуудсан эсэхийг лавла.

Хэрэв та тамхи татдаг бол, ослын газарт асаасан тамхиа бариад очиж болохгүй гэдгийг анхаар. Ослын газарт шатахуун, бусад шатаж, тэсрэх материал асгарсан байх магадлал өндөр тул тамхиа унтрааж хаясны дараа машинаасаа буу. Өөдөөсөө чиглэн ирж яваа машинуудад осол болсон газрыг заан, хурдаа хасахыг анхааруулахын тулд замын хажууд, явган хүний зам дээр зогсон даллаж, ослын газар руу заан харуулах хэрэгтэй.

Гол зүйлс

Хохирогчдын гэмтэл бэртлийг шалга. Гэхдээ тэднийг БҮҮ ХӨДӨЛГӨ. Өвдөг сөхрөн, хохирогчийн дэргэд дөхөн очиж болно. Гэмтсэн, цочролд орсон хүний дээрээс тонгойж харах нь тэднийг улам цочролд оруулдаг.

Тэдэнтэй ярилцахыг хичээ. Өөрийнхөө нэрийг хэл. Хэрэв хариу өгөхгүй бол зөөлөн алгадаж, дуудан хариу өгөхийг нь хүлээ. Хохирогчийн амьсгалыг бөглөж, амьсгалахад нь саад болж байгаа зүйл байгаа эсэхийг шалга. Үүний тулд духан дээр нь гараа тавиад, толгойг нь зөөлөн гэдийлгэ. Хоёр хуруугаараа эрүүг нь өөд нь өргөж, амных нь ойролцоо хацраа аваачиж, амьсгалж байгаа эсэхийг нь шалга. Мөн амьсгал аван, цээж нь хөдөлж байгаа эсэхийг ажигла.

Хэрэв амьсгалахгүй байвал яах вэ?

Хэрэв тухайн хүн огт амьсгалахгүй, эсвэл хэвийн бус байдлаар амьсгалж байвал хиймэл амьсгал, зүрхний иллэг хийнэ. Хэрэв та анхны тусламж үзүүлэх сургалтад хамрагдаагүй бол ҮҮНИЙГ ХИЙХ ХЭРЭГГҮЙ. Хиймэл амьсгал, зүрхний иллэг хийж чадах хүн бий эсэхийг асуу. Хэрэв хийж чадах хүн байвал хажууд нь ойрхон байж, шаардлагатай тусламжийг үзүүл.

Цус алдаж байгаа эсэхийг шалга

Шархнаас нь цус гарч байгаа эсэхийг шалга. Цус алдалт нь шоконд хүргэдэг тул түүнийг аль болох зогсоохыг хичээх хэрэгтэй. Цэвэр даавуугаар шархан дээр зөөлөн дар. Хэрэв тухайн хүн ухаан алдаагүй байгаа бол өөрөөр нь даруул. Энэ нь тухайн хүн анхаарлаа төвлөрүүлж, тайвшрахад тусална. Хэрэв тухайн хүн машин дотроо байгаа бөгөөд шархыг нь тэнд нь эмчлэх боломжтой бол тэнд нь байлга. Хохирогчийн хүзүү, нуруу нугас гэмтсэн тохиолдолд нүдэнд харагдахгүй учраас зайлшгүй шаардлагатай л биш бол тэднийг бүү хөдөлгө.

Шоконд орох

Ямар ч ослын дараа шоконд орох магадлал өндөр. “Хэрэв царай нь цонхийсон бол хөлийг нь өргө” гэсэн үгийг санаж байхад илүүдэхгүй. Хэрэв тухайн хүний царай маш их цонхийсон бол шоконд орсон гэсэн үг юм. Шоконд орсон хүнд туслахын тулд бариу товч, бүч, бүс, хувцас зэргийг сулруулж, дулаан байлгах зорилгоор бүтээлэг, хувцас зэргээр хучих хэрэгтэй. Мөн хөлийг нь дээш нь өндөрлөж өгөх (өвдөг сөхөрч суугаад, хөлийг нь өвөр дээрээ тавьсан ч болно) хэрэгтэй.

Яаралтай тусламж үйлчилгээ

Хохирогчийн байдлыг шалгаж, тусламж үзүүлэхийн өмнө яаралтай тусламж дуудах шаардлагатай. Боломжтой бол анхны тусламж үзүүлж буй хүнээс өөр хүн үүнийг хийвэл сайн. Учир нь яаралтай тусламжийнханд шаардлагатай мэдээлэл өгч, зааварчилгаа авахад нилээн цаг шаардагддаг. Утсаар ярихдаа дараах мэдээллийг өгөх шаардлагатай:

Осол хаана гарсан

Юу болсон

Хэдэн хүн бэртэж гэмтсэн

Амьсгалахгүй хүн байгаа эсэх

Цус алдаж буй хүн байгаа эсэх

Тэдний асуусан бусад асуултад хариулах

Хамгийн гол нь тэвдэж сандралгүй, тайван байж, оюун ухаанаа төвлөрүүлж чадвал зам тээврийн осолд орсон эрдэнэт хүний амь насыг аврах боломж танд бий гэдгийг санах хэрэгтэй.

www.chemn.moh.gov.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.