Вашингтон Өмнөд Солонгост цэргээ байршуулсаныхаа төлбөрт 4.7 тэрбум ам.доллар нэхэмжилжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 15-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн пүрэв гарагт БНСУ-д айлчилж, Хойд Солонгосоос ирж буй аюул заналхийлэл нэмэгдэж буй талаар болон Өмнөд Солонгосчуудын бухимдлыг төрүүлээд байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэрийг хэлэлцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн цэргүүдийг Солонгосын хойгт байршуулсаны зардалд БНСУ-аас 4.7 тэрбум ам. доллар нэхэмжилсэн болохыг албаны хүмүүс дурдсан талаар СиЭнЭн агентлаг мэдээлж байсан билээ. Ерөнхийлөгч Доналд Трампын энэхүү шийдвэрт Пентагоны удирдлагууд, Америкийн Бүгд Найрамдах болон Ардчилсан намын улс төрчид ихэд санаа зовж байгаа бол уг шийдвэр Өмнөд Солонгосын эрх баригчдын бухимдлыг төрүүлж, Вашингтоны түншлэлд эргэлзэхэд хүргээд байгаа аж.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Америкийн Ерөнхийлөгч Д. Трампын 4.7 тэрбум ам. долларын нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй гэнэ. БНСУ-ын эрх баригчид АНУ-ын уг шийдвэрийг "хүлээн зөвшөөрөх боломжгүй, урам хугалсан" шийдвэр хэмээн тодорхойлсон бол зарим нэг улс төрийн бүлэглэлүүд хоёр улсын 70 жилийн дипломат харилцаанд томоохон өөрчлөлт хийж, Америкийн цэргүүдийг хэсэгчлэн эсвэл бүрэн гаргахыг санал болгоцгоож байгаа аж.

Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн институтээс хийсэн судалгаагаар Солонгосчуудын 96 хувь нь Америкийн цэргүүдийг байршуулсаны зардалд илүү мөнгө төлөхийг эсэргүүцэж байгаа гэж хариулжээ. Нөгөө талаас Хойд Солонгосын тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг зөрчин, 2019 он гарсанаас хойш нийт 24 пуужин хөөргөөд байгаа нь БНСУ болон Японы эрх баригчдын санааг зовоож байгаа юм. ХБНГУ, Франц, Их Британи зэрэг улс орнууд Хойд Солонгосыг бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн буруушааж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Trump hikes price tag for US forces in Korea зурган илэрцүүд

Солонгосын хойг дээр байрлах Америкийн цэргүүдийн зардлыг хуваан төлөх тухай хоёр орны зөвшилцөл хэдэн 10 жилийн турш хэрэгжиж байгаа ба тус зөвшилцлийн гэрээг АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдохоос өмнө 5 жил тутам хэлэлцдэг байсан аж. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Доналд Трамп Солонгосын хойгт Америкийн цэргүүдийг байршуулсантай холбоотой бүх зардлыг Сөүлээс нөхөн авна эс бөгөөс цэргүүдээ буцаан татна хэмээн мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Д. Трамп Солонгосын хойгт цэргүүдээ байршуулсаныхаа төлөө Сөүлээс 50 хувийн нэмэгдэл шаардсан ч талууд ярилцан уг нэмэгдлийг 8 хувь дээр тогтсон билээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.