Цар тахлын үед дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө 2 дахин өсч, ядуусын тоо хэдэн арван саяаар нэмэгджээ

Twitter Print
2022 оны 01-р сар 17-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Ядуурал, эрх тэгш бус байдалтай тэмцэх олон улсын Оксфам байгууллагаас хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө коронавирусын цар тахал эхэлснээс хойш хоёр дахин буюу нийт 1.5 их наяд ам. доллараар өсчээ.

Цар тахлын үеэр технологийн компаниудын хувьцааны үнэ болон үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн ч энэ нь баян ядуугийн ялгааг улам нэмэгдүүлжээ.

Оксфам байгууллага улс орнуудын засгийн газруудад цар тахлын үед олсон их хэмжээний орлогод тусгай татвар ноогдуулахыг уриалахаас гадна Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар улс орнуудын эдийн засгаа сэргээхэд зориулж гаргасан тусламж дэмжлэгийн ачаар дэлхийн баячуудын хөрөнгө улам нэмэгдэж, харин ядуусын тоо дахин 163 сая хүнээр өссөн гэдгийг онцолжээ.

Оксфам байгууллагын судалгаагаар 2030 он гэхэд 3.3 тэрбум хүн өдөрт 5.5 ам. доллар хүрэхгүй мөнгөөр амь зууж амьдрах аж.

2020 оны 3-р сараас 2021 оны 10-р сарын хооронд дэлхийн нийт хүн амын 99 хувийнх нь орлого буурсан бол Илон Маск тэргүүтэй дэлхийн хамгийн баян 10 хүний орлого өдөртөө 1.3 тэрбум ам. доллараар өсч байжээ. Форбс сэтгүүлийг судалгаагаар коронавирусын цар тахал эхэлснээс хойш Тесла компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн хөрөнгө 20 сарын дотор 10 дахин өсч, 294 тэрбум ам. долларт хүрч, хөрөнгийн хэмжээгээрээ Амазон компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Жефф Безосын ардаа орхижээ.

Цар тахлын үеэр технологийн компаниудын хувьцааны үнэ өссөн үед Жефф Безосын хөрөнгө 67 хувиар, Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн хөрөнгө хоёр дахин, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгө 31 хувиар тус тус өсчээ.

Оксфам байгууллагаас улс орнуудын эрх баригчдаас цар тахлын үеэр дэлхийн хамгийн баян 10 тэрбумтнуудын олсон орлогоос нэг удаадаа 99 хувийн татвар авснаар дэлхийн бүх хүмүүсийг коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамруулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хөрөнгө босгож, дэлхий даяар эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарыг сайжруулж, хүйсийн эрх тэгш бус байдлаас үүсэх хүчирхийллийг бууруулах хэмжээний мөнгө цугларах аж.

Оксфам байгууллагын мэргэжилтэн Дэнни Срискандаражагийн онцолсноор ядуурлын түвшин нэмэгдэж байх үед тэрбумтнуудын хөрөнгө огцом нэмэгдэж байгаа нь улс орнуудын эдийн засгийн үндэс суурь алдаа дутагдалтай байгааг харуулж байгаа аж.

Баян ядуугийн ялгаа нэмэгдэж байгаа нь ямар аюул дагуулж болох талаар Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс, "Хөгжиж буй орнуудад коронавирусын эсрэг вакцин хүртээмжгүй байна, дээр нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал болон гадаад дотоодын өрнөөс болж дарамтанд орж байна. Өндөр хөгжилтэй орнууд болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт тэнгэр газар шиг байна. Энэ нь иргэдийн дундаж орлогоос илт харагдаж байна. Ядуурал, хүнс тэжээл болон эрүүл мэндийн тал дээр асар ноцтой өөрчлөлтүүд гарч байгааг бид харж байна." хэмээн онцолжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.