
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэн оролцох эсэх асуудлыг хэлэлцэн, хамтрахаар тогтсон байна.
Үүний дараа хоёр намын төлөөлөл цахимаар холбогдон уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын хувьд 100 жилийн босгон дээр нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх түүхэн боломжийг олгож байгааг онцолсон.
МАН-ын Бага хурал тавдугаар сарын 2-ны өдөр хуралдаж, нэр дэвшигчээ тодруулах юм.
Энэ асуудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо "Ардын нам гэж нэг хэсэг нь нэрлэе гэсэн байгаа юм. Нөгөө хэсэг нь оросын нөлөөгөөр Хувьсгалт нам гэж нэрлэе гэсэн. Ингээд маргалдаж маргалдаж 1921 оны гуравдугаар сард хуралдахдаа дотооддоо Ардын нам, гадаадад Хувьсгалт нам байя гээд хоёр нэрийг зэрэг хэрэглэхээр тогтсон. Тийм учраас энэ хоёр нэр хоюулаа 100 жилийн настай. Бид нэг угшилтай.
Ардын намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд, Хувьсгалт намын анхан шатны байгууллага болох зуутын дарга гишүүдтэй хуралдаад шийдэх хэрэгтэй. Тэр битгий хэл ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Хоёр намын гишүүдийн олонх, ард түмний олонх энэ хоёр намыг нэгдэх хэрэгтэй, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын өмч биш, том зорилтын төлөө нэгд гэх юм бол би ямар ч том царайлж, юу ч яриад нэмэргүй шүү дээ.
Хоёр намын нэгдэх асуудлыг Ардын намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд, Хувьсгалт намын анхан шатны байгууллага болох зуутын дарга, гишүүд хуралдаад шийдэх хэрэгтэй" хэмээж байсан нь ийнхүү биелэлээ олжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.