АН-ын хуралдаанаар тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагын төслийг хэлэлцжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 22-нд 18:31 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын 4:11 ээлжит мэдээллийн цаг өнөөдөр болж дэд дарга Ц.Оюундарь, Ч.Отгочулуу, ҮБХ-ны гишүүн О.Магнай нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаар гурван чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Энэ тухай дэд дарга Ц.Оюундарь мэдээлэхдээ, хэдийгээр улс төрийн маш олон үйл явдлууд өдөр бүр өрнөж байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Ардчилсан нам парламентад суудалтай намын хувьд оролцоно. Хуулийн хугацаа маш шахуу байгаа учраас нарийн зохион байгуулалттай бэлтгэл ажлыг биднээс шаардаж байна. Юуны өмнө Ардчилсан намаас ямар ч хүн нэр дэвшсэн байлаа тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь хуулийн шаардлагыг хангасан, судалгаа тооцоон дээр үндэслэсэн, мөн Ардчилсан намын үзэл санаа, үзэл баримтлалыг шингээсэн байх ёстой гэж үзэж, өчигдөр болсон ҮБХ-ны хуралдаанаас мөрийн хөтөлбөрийн үндсийг боловсруулах ажлын хэсгийг дэд дарга Ч.Отгочулуугаар ахлуулан байгуулсныг мэдээлээ.

Мөн хуралдаанаар АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагын төслийг хэлэлцжээ. ҮБХ-ны гишүүн О.Магнайгийн санаачилгаар хийгдсэн уг шалгуурын төсөл дээр ҮБХ-ны гишүүд нухацтай ярилцаж, олон гишүүд санал шүүмжлэл хэлсний эцэст төслийг концевцийнх нь хувьд дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган өөрчлөн найруулах үүргийг ажлын хэсэгт даалгасан байна.

Дараагийн нэг чухал асуудал бол “Цахим шилжилтийг идэвхжүүлэх ажлын хэсэг” байгуулах санаачилгыг ҮБХ-ны өчигдрийн хуралдаанд оролцогчид 100 хувийн саналтайгаар дэмжжээ. Ардчилсан нам цар тахлын хорио цээрийн дэглэмийн нөхцөлд тааруулан бүх шатны хурлууд болон дотоод сонгуулиудаа цахим болгосон. Өнгөрсөн 3 сарын 17-нд нийслэлийн намын дарга, үндэсний бодлогын хорооны зарим гишүүд, зарим дунд шатны намын дарга нарын сонгуулийг цахимаар хийж, улмаар 3 сарын 28-нд намын даргын сонгуулийг мөн цахимаар амжилттай зохион байгуулсныг та бүхэн мэдэж байгаа.

Ийнхүү цахим сонгууль, цахим хурлуудын туршлагыг хуримтлуулах явцад энэ бол зөвхөн техник технологийн шилжилт биш юм байна, үүнийг дагаад байгууллагын бүтэц, дотоод соёл, ажлын урсгал, гишүүдийн хандлага өөрчлөгдөж, оролцооны шинэ шинэ боломжууд нээгдэж байгаа юм байна. Тус ажлын хэсэг энэ бүхнийг бүх талаар тусгасан шинэ концевци боловсруулж, цахим шилжилтийг ул суурьтай хийх бэлтгэл ажлыг хангах даалгавар авчээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.