Харийн хорлолыг дарсан Хорло тоглоом

Twitter Print
2017 оны 02-р сар 09-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Нэгэн цагийг бодвол өнөөдөр бидний сэтгэлгээний цар хүрээ улам л хумигдаад байгаа юм биш биз? Байшингаас байшинд дамжсаар өнгөрөх өдөр хоногуудын уртад эцэг өвгөдийн холч мэргэн ухааны тэнгээр сэтгэх сэхээ, сортоо улам бүр үгүйлэгдсээр… Үр хүүхдүүд хүртэл телевиз, компьютер, интернэт, гар утас гээд техник, технологийн хувьд илүү их боловсорч хөгжөөд байгаа мэт боловч тоглож наадаж, сэтгэж сэхээрч байгааг нь ажиглаваас бид өвгөдийн тэртээ алсаас өвлүүлэн үлдээсэн билэг сургаалийг огтоос умартсанаа ухаарна.

Монголчууд бид хүний хөгжлийг бие, оюун, сэтгэл хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэ ч үндсэн дээр арга, билиг, үрийн харилцан шүтэлцээний гурвалсан зүй тогтолд тулгуурладаг санааг үндэс болгон хүүхдийн хөгжилд анхаардаг байв. Бие бялдар сайтай хүмүүн нь билэг болох хурц оюун ухаантай хослон сайн сэтгэлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, бие бялдар сайтай, ухаан саруул хүмүүнээс төрсөн үрийн сэтгэл зөв байна гэж үздэг. Чухам үүнд чиглэсэн тодорхой арга барил, арвин туршлагатай ард түмэн байж, Монголчууд.

Хүүхдийг эхлээд хаан мэт өргөмжил, дараа нь сүүдэр мэт дагуул гэсэн эртний нэгэн үг бий. Бага балчир үед нь дураар нь эрхлүүлж, наадуул, харин нас биеэнд хүрсэн хойно нь амьдралын мөн чанарыг өөрийн бие, үйл хөдлөлөөрөө үлгэрлэн зааж сурга гэсэн санаа л даа. Гэхдээ балчир ахуй цагт нь сэтгэлгээг хөгжүүлэх ур ухаан шингэсэн олон арга хэлбэрийн тоглоом наадгайгаар ухааныг нь задалдаг байж. Монгол тоглоомд ямар их ухаан сэтгэлгээ нуугдмал байгааг бид харин уламжлалаа сэргээж нэг үзсэнээр бэлхнээ олж харж болох юм.

Судлаачдын тогтоогоод байгаагаар 2500 гаруй төрлийн Монгол тоглоом байна. Харин хүн олны мэддэг, тоглож байгаа 150-аад төрлийн тоглоом байдаг. Цагийн хүрд, Оюун түлхүүр, Оньсон тоглоомууд, Алаг мэлхий, Морь уралдуулах, Үйчүүр, Хорол, Чамабалын хүрд гэх зэрэг эдгээр олон тоглоомууд дотроос “Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” шагайн тоглоомыг харин урин дулаан цагт "тэнгэр задрана" хэмээн цээрлэж, өвөл, хавар, намартаа тоглодог уламжлалтай байжээ.  

Эцэг өвгөдөөсөө бид уламжлал ёсоор цагаан сарын үед ямар байхаас тэр жилийн бүхий л амьдрал шалтгаална гэж үзэж өрх гэрүүд аль болох элбэг дэлбэг, хөгжөөн наргиантай байхыг эрмэлздэг учраас цагаан сарын ёслолын янз бүрийн тоглоом наадам тоглон наргин цэнгэдэг. Цагаан сарын өргөн олны баяр ёслолын үеэр дөрвөн бэрх, арван хоёр жил, малын заяа бодох, сүүлийн ясаар шодох, өлзий, хорол, үйчүүр зэрэг аз сорих тоглоом, төвхүү бөмбөг намнах, бөх барилдуулах, шагай харвах, сээр хуга шаах, хүзүү тойгны яс мулт дарах зэрэг хүч чадал, авхаалж самбаа сорьсон тоглоом өргөн дэлгэрсэн байлаа.

Нутаг нугын түмэн олныг зөвхөн цэнгүүлэх төдий биш хүмүүжил, зан үйлийн учир холбогдолтой эдгээр тоглоомууд дотроос "Жил" буюу "Хорло-Амарбаясгалан" тоглоом Монгол үндэстний мандал буурлын амаргүй цаг үеүдэд оюун сэтгэлгээний түшиг тулгуур байгаад зогсоогүй, нүүдэлчдийн соёлын онцгой үнэт зүйл, бэлгэдэл зүйн сонгодог жишээ, сурган хүмүүжлийн давтагдашгүй түүхэн үүргийг гүйцэтгэж иржээ. “Хорло” нь “Жил” хэмээх эртний тоглоомын улирч хувьссан хэлбэр бөгөөд Монголын олон ястны дунд “Хорло”, “Амарбаясгалан”, “Чандмань”, “Зэндмэнэ” гэх мэт янз бүрээр нэрлэгдэж эдүгээ цагтай золгосон аж.

Хорол буюу хорло тоглоомын үүсэл гарлын тухай сөхвөл Манжийн дарлалын үе буюу Монгол түмний хэдэн зуун жилийн туршиж бүтээж ирсэн соёлын гайхамшигт дархлаа харь гүрний улс төрийн бодлогоор суларч асан он цагийн ороо бусгаа үетэй холбогдоно. Тэр үед Монгол нутаг даяар даалуу дэлгэрч мөрийтэй тоглоомонд нийтээрээ донтох хандлагатай болсон тул өвөг дээдэс минь буян хишигт харш, хувхай ясан тоглоомоор гар сэтгэлээ сэвтээхгүй хэмээн урьд эртийн уламжлалт наадгайг бодлогоор сэргээсэн түүхтэй. Монголчуудын хувьд даалууг эдийн буянд харш, хувхайруулах тоглоом хэмээн цээрлэж байсан нь мөрийтэй тоглоомыг эсэргүүцэх хандлага төдий биш, харийн нөлөөллөөс зайлсхийсэн гүн санаатай байсан юм.

Мөн тэр үеийн хошуу ноёд энэ тоглоомонд толгой мэдүүлж хошууныхаа ард иргэдийн өмч хөрөнгийг даалууны мөрийнд тавиад туучих аюул нүүрлэсэн тул өөрсдийн гэсэн оюуны тоглоом бүтээх шаардлага урган гарсан байна. Ийнхүү Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд аюул занал учруулах болсон даалууны эсрэг Монголчууд үндэснийхээ Хорло тоглоомыг бүтээсэн түүхтэй. Тодруулж хэлбэл, “Хорло” тоглоом нь хэрээг аюулгагч хангарьдын дүрт эхнэр хувцасны домгийн нэгэн адил улс үндэстнээ харийн нөлөөнөөс хамгаалах гэсэн бэлгэдлийн дайны гэрч байсан билээ.

Хорол тоглоомын хамгийн гол билэгдэлт чанар нь хамтач ёсыг эрхэмлэн дээдлэж, бие биенээ хүндэтгэн харилцан эв найртай, аж төрөхийн ухааныг илэрхийлдэгт оршино. Мөн алиа бяцхан үрсийнхээ ухааныг тэлж, хэл ярианы баялагийг нь сайжруулах зорилгоор "Арван хоёр жил" харилцан дуулдаг байсан аж.

Зурхайн 12 жилээс гадна наран тэнгэрийн бэлгэдэл онги, тэнгэр, газар, хүмүүн гурвын шүтэн барилдахуйн бэлгэдэл чандмань, орчлон ертөнцийн мөнхийн орчил хөдөлгөөний бэлгэдэл хас, тэнгэрийн хүчтэний бэлгэдэл нэвс тэргүүтнийг оруулан 60 модоор тоглодог хуучин уламжлалт жил тоглоомоо тухайн үед Монгол орон даяар хүчтэй түрэн дэлгэрч байсан шарын шашны гол бэлгэдэлт дүрсүүд болох гэгээрлийн бэлгэдэл хорло, хүслийг биелүүлэгч бэлгэдэл норов, танин мэдэхүйн бэлгэдэл өлзий, тэнгэрийн хүчтэний бэлгэдэл хангарьд, газрын хүчтэний бэлгэдэл арслан зэргээр баяжуулаад хорло нэртэйгээр өмнө зүгээс гаралтай ясан даалууны эсрэг гаргаж тавьсан байна. Ингэхэд даалуунд ийм сайн сайхны бэлгэдэл бий билүү?

Уг тоглоомонд арван хоёр жил, эрхэм шударгын билгэдэл болсон Хорол, эрдэнэсийн билэгдэл болсон Чандмань, амар жаргалын билэгдэл болсон Өлзий хээ гэсэн гурван толгой мод байна. Зарим нутагт Хас очир, Цэцгийн дүрсийг оруулдаг.
Хорлыг тоглохдоо моднуудыг доош харуулан тарааж 4,5,6 /хүний тооноос шалтгаалан/-аар өрнө.

Ингээд тойрч суусан хүмүүсээс ахмад настай нь эсвэл шодож таарсан хүн тараадаг. Зарим нутагт жин хэлж дараагийн хүн сөхөх байдлаар янз бүрээр тоглодог. /даалуугаар "цай хураах" гэж тоглоом байдаг. зарчмын хувьд адилхан/. Эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гаргаж дараагийн хүн дагуулж өгөх буюу ахлуулж идэх байдлаар үргэлжилнэ. Ийм байдлаар хамгийн олон гэр барьсан хүн нь хождог.

Хорло тоглоом айл гэрт байх нь гарзын үүдийг хааж, буяны үүдийг нээж байдаг гэж үздэг. Шинээр айл өрх болж буй залууст гэр орон бэлдэж өгөхдөө айл өрхийн ноён нуруу бат, эд агуурс элбэг дэлбэг байхыг бэлгэдэж хорло тоглоомыг гарцаагүй бэлдэн өгч байжээ. Гэр, авдар, ор бэлдэж өгдгийн л адил. Одоо энэ уламжлал таг мартагджээ. Хуучин цагт монголчууд сар шинийн өдрүүдээр алаг мэлхий, үйчүүр тоглохын нэгэн адил хорло тоглоомоо хүндэтгэн дэлгэж тоглодог байжээ.

Хорло тоглоомыг сар шинийн өдрүүдээр дэлгэн тоглохдоо наадан цэнгэхийн хажуугаар өрх гэрийн ноён нурууг засах, наадан тоглогчдын зам мөрийг засах, буян хишгийг дуудах дом заслийг давхар гүйцэтгэдэг байна. Үүнийг бид анзаарч харахаа больжээ. Хорло тоглоомын дүрс, мод бүр нь ямагт сайн сайхныг бэлгэдэж байдаг учир даалууны адил өглөө оройгүй нүдэж, мөрий, бооцоо тавьж тоглох боломж хэзээ ч байдаггүй байна. Даалууг монголчууд хувхай ясан тоглоом гартаа барьж наадах нь хоосрохын ёр хэмээн үзэж, бурхан шүтээнтэй гэрт энэ тоглоомыг гаргахыг цээрлэж иржээ.

Хорло тоглоом нь дүрсээс эхлээд нэршил, тоглоомын дүрэм бүхэн нь сайн сайхан, танин мэдэх, гэгээрэл ухаарлыг бэлгэдэж байдаг. Тухайлбал,

Алс газар гүйдэлтэй

Атар хээр нутагтай,

Аян замд түшигтэй

Аугаа хүчит морин жилээ гэх мэтээр хорло тоглоомын гуншин нь зурхайн 12 жил, мод бүрээ магтан дуудах, үүгээр дамжуулаад бүхий л сав шим ертөнцийг, бүхий л оршихуйг дээдлэн эрхэмлэх учир ямагт сайныг ерөөж, урин дуудаж байдаг байна.

Өнөөдөр монголчууд сэргэн мандъя гэж буй бол олон зүйлийг, түүний дотор уламжлалт бэлгэ утга төгс сайхан тоглоом наадгайгаа жижиг зүйл гэлтгүй сэргээмээр байна. Төр төдийгүй айл өрх бүр анхаармаар...

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Б. Сүрэн

      (124.158.74.119) 2017-03-06 09:19
      • 0
      • 0

      Монголын уламжлалт тоглоом наадгайгаа оруулж дэлгэрэнгүй тайлбар хийж өгсөнд баярллаа. Тэр болгон Хорло тоглоомыг монголчууд маань мэдээд байдаггүй гэхдээ миний хувьд өөр орны тоглоомыг хэт их доогуур үзэж шууд үнэлэлт дүгнэлт өгж байгаа нь буруу байх гэж бодож байна. үндэстэн бүр өөрийн гэсэн тоглоом наадгайтай ёс зангилтай шүү дээ

      Хариулах