
Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо.
Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй.
Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм.
Сангийн сайд Б.Жавхлан "3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна. Мөнгийг бэлэн платформуудаар буюу хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1,072 авдаг хувьцааны гэх дансаар банкуудаар дамжуулан олгох ажил өнөөдрөөс эхэлнэ. Аль болох хурдан хугацаанд нийт иргэддээ түгээхээр ажиллана" гэв.
Засгийн газар ээлжит бусаар өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын хил нээхтэй холбоотой асуудалд мэдээлэл өглөө.
"Тавдугаар сарын 1-нд Монгол Улс агаарын хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна. Энэ нь дараах хоёр шалтгаантай.
- Эдийн засагт хэрэгтэй
- Агаарын хил нээснээс хойш хоёр сарын дараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орно гэсэн гэрээтэй байгаа юм.
Дээрээс нь бид маскгүй зун гэж хэлээгүй, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан зун болохыг хичээнэ гэдгээ хэлж байгаа юм” гэв.
Засгийн газраас хөл хорио тогтоох шийдвэрээ танилцуулах үеэр Эрүү мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар Pfizer вакцины хүрэлцээ, дараагийн татан авалтуудын талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Pfizer вакцинаас 25,740 тун ирсэн. Энэ вакцин нь хариу урвал маш багатай тул олон улсад хавдартай, дархлаа дарангуйлах эм уудаг болон бөөр орлуулах эмчилгээнд ордог гэх мэтчилэн зайлшгүй заалттай хүмүүст хэрэглэж байгаа вакцин тул 12,870 хүнийг нэрсээр нь жагсааж хийж байна" гэдгийг хэлсэн юм.
Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан "Pfizer вакциныг нэмж татаж авахаар гэрээ байгуулсан бөгөөд тавдугаар сард ирнэ. Орж ирэх тунгийн тоо нь хийлгэх ёстой зорилтот бүлгийнхээ тооноос хэд дахин давсан хэмжээнийх байх юм. Иймд тоо хэмжээнд санаа зоволтгүй" гэлээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.