Асашёорюү Дагвадорж нэг жилийн зургаан башёд бүгдэд түрүүлсэн цорын ганц сумоч

Twitter Print
2015 оны 06-р сар 29-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөх манай Монголчуудад танил болоод 20 гаруй жил боллоо. Анх зургаан хүүхэд очиж байснаас гурав нь тэндээ үлдсэн. Монголын бөхчүүдийн алтан хараацай болсон Кёкүтэнхо Цэвэгням, Кёкүшюзан Батбаяр, Кёкүтэнзан Энхбат нарын араас олон хөвгүүд арлын оронд очиж барилджээ. Бөхийн орон гэдгээ батлан харуулсан гайхалтай ялалтуудыг нь өнөөдөр ч мэргэжлийн сумод батлан харуулсаар байна.

Анх Японоос өөр орны бөх аварга болоход төдийлөн таатай хүлээж аваагүй. Гэхдээ АНУ-ын Хавайн арлын Акэбона, Мусашимару нар сумогийн ёс заншил, дүрмийг чанд баримтлан барилдаж, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан. Үүний дараахан Асашёорюү Дагвадорж цахиур хагалан гарч ирж, хоёр башё дараалан түрүүлэв. Тухайн үед сумогийн холбоо ёкозүна цол олгох талаар маш хурц шүүмжлэл өрнүүлж Асашёорюүд их аварга цол олгохгүй хэд хоносон гэдэг.

Харин эцсийн дүндээ Монгол бөхөд ёкозүна цолыг нь өгсөн юм. 2003 оны гуравдугаар сарын Хару башёгоос ёкозүна цолтой барилдах болсон Д.Дагвадорж маш олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 25 удаа түрүүлсэн. Тэр бүгдээс цор ганцыг нь эзэмшиж буй нэг содон амжилт нь нэг жилийн зургаан башёд бүгдэд түрүүлсэн аж.

Монгол бөхийг 800 орчим жилийн түүхтэй гэдэг. Ардын хувьсгалаас өмнө арван засгийн наадам гэж нэрлэдэг байсан. Үүнтэй адил сумо бөхийн орчин үеийн түүхийг 1909 оны зургаадугаар сараас хойш тэмдэглэн хөтөлж байна.

Анх нэг жилд 2-5 башё зохиодог байсан бол 1958 оноос эхлэн зургаан башёг жилд явуулдаг болжээ. Түүнээс хойш 57 жилийн хугацаанд нэг жилийн зургаан башёд бүгдэд түрүүлсэн ганцхан бөх нь Асашёорюү Дагвадорж юм. Хэний ч хүүгийн хүрч үл чадах энэ амжилтаа 2005 онд гаргасан аж.

Одоогоос арван жилийн өмнө 68 дахь ёкозүна маань нэгдүгээр сард 15 даваатай 10 дахь түрүү, гуравдугаар сард 14 даваатай 11 дэх түрүү, тавдугаар сард 15 даваатай 12 дахь түрүү, долоодугаар сард 13 даваатай 13 дахь түрүү, есдүгээр сард 13 даваатай 14 дэх түрүү, арваннэгдүгээр сард 14 даваатай 15 дахь эзэн хааны цомоо хүртсэн байна.

Дагвадоржоос өмнө алдарт их аварга Тайхо зургаан башё дараалан түрүүлсэн ч энэ нь он дамжиж гаргасан амжилт юм. Мөн их аварга Китаноуми 1978 оны нэгдүгээр сараас есөн сарын хооронд тав дараалан түрүүлсэн бол Чиёнофүжи он дамжин тав дараалан түрүүлсэн тоо мэдээ үлджээ. Үүнээс гадна долоон башё дараалан түрүүлсэн цорын ганц их аварга юм.

69 дэх ёкозүна Хакухо долоон башё дараалан түрүүлсэн ч дунд нь завсартай байдаг. Учир нь 2011 онд сумогийн бөхчүүд даваа наймаалцсан хэрэгт холбогдож, олон бөх мэргэжлийн сумогоос хөөгдсөн. Улмаар тус оны гуравдугаар сарын башё зохиогдоогүй. Хэрэв тэмцээн болсон бол хэн ч түрүүлж болох байсан тул Хакухогийн долоон башё дараалан түрүүлсэн нь маргаантай гэж үздэг.

Өөрийн хурц дайчин барилдаанаараа Япон, Монгол төдийгүй дэлхийн олон орны үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Асашёорюү Дагвадорж сумогийн холбооны дүрмийг өөрчлөхөд нөлөөлж байв. Өмнө нь хоёр бөхийн барилдааны өмнө гардаг ивээн тэтгэгчдийн далбаанд тооны хязгаар тогтоодоггүй байсан.

Харин ёкозүна Асашёорюү озэки Чиёотайкай нарын башёгийн түрүү бөхийг тодруулах шийдвэрлэх барилдааны өмнө 60 гаруй гионше далбаа гарч байлаа. Тэр барилдааны дараа сумогийн холбоо хуралдаж, ивээн тэтгэгчдийн туганд тооны хязгаар тогтоохоор болжээ. Одоо хоёр бөхийн барилдааны өмнө дээд тал нь 51 ивээн тэтгэгчдийн далбаа гарч байгаа юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.