Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн амьдралын талаар чөлөөтэй ярилцаж чаддаг уу?

Twitter Print
2017 оны 12-р сар 10-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд амьдралаас бүхнийг  сурдаг. 

- Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг.

Зөнгөөрөө өссөн хүүхэд бие дааж сурдаг.

Шүүмжлэлд өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг.

Ичгүүртэй амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж сурдаг.

Урмаар дүүрэн амьдралд хүүхэд итгэж сурдаг.

Хүндэтгэл нөхөрлөл дүүрэн амьдралд хүүхэд энэрэл хайрыг олж сурдаг.

Үнэн шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг.

Орчин үед мэдээллийн эрин зуун болж эцэг эхчүүд бид нар хүүхдүүдээсээ мэдээллээр хоцорч байна. Сургуулийн хөтөлбөрт заагдаж байгаа хичээлүүд, уншиж байгаа ном сэтгүүл, үзэж байгаа кино, телевизийн нэвтрүүлгүүд, сонсож байгаа FM, радио, интернет, веб хуудаснуудаас гадна найз нөхөд, хүрээлэн байгаа орчин хүүхдүүдийн маань хүмүүжилд асар ихээр нөлөөлж байна.

Иймд эцэг эхчүүд бид өсвөр насны хүүхдийнхээ хамгийн найдвартай, итгэл хүлээсэн мэдээллийн эх үүсвэр болж тэдэнд бэлгийн амьдралын талаар зөв мэдлэг боловсрол олгохын тулд олон зүйлүүдтэй тулгарч байна. Хүүхэддээ эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаархи мэдээллийг насанд нь тохирсон байдлаар аль болох эрт өгч байх нь илүү үр дүнтэй. Тийм ч учраас бид энэ удаад эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бэлгийн амьдралын талаар хэрхэн ярилцах зөвлөмжийг хүргэе.

1. Тайван байж, хүүхдээ анхааралтай сонс

Аав ээж бид амьдралын олон асуудалд анхаарал тавьж шийдэх шаардлага гардаг болохоор тэр болгон хүүхдүүдтэйгээ хамт ярих боломж муу байдаг. Гэхдээ хүүхдийнхээ яриаг сонсох зав гаргаснаар бид хүүхэддээ хайртайгаа, бас ярьж байгаа зүйлд ач холбогдол өгч үнэлж, ойлгож байгаагаа харуулж, хүүхэд юуг хүсэж, юунд сэтгэл зовиурлаад байгаа, тухайн тэр сэдвээр хир ойлголттой байгааг танин мэдэх боломжтой байдаг.

Зарим өсвөр насны хүүхдүүд эцэг эхчүүдийн бэлгийн амьдралын талаарх ярьж байгаа зүйлийг сөрөг талаас нь хүлээж авах хандлага их байдаг. Жишээ нь ”За за мэдэж байна, юун олон удаа нуршаад яриад байгаа юм бэ”, “Би тэгээд тааралдсан / хөвгүүн, охин/ болгонтойгоо унтаад байдаг юм шиг харагдаад байна уу” гэх мэт эцэг эхийн өмнөөс ярих яриаг та нар сонссон байх.. Тэгэхээр ийм буруу мэдрэмжийг хүүхдэд өгч болохгүй. Хамгийн гол нь аав ээж нь хүү, охиндоо итгэж байгаа, ямар ч үед хайртай хэвээр байна, хамгаална гэдгээ байнга сануулах нь тэд нарт  болон өөрсөддөө итгэх итгэлийг төрүүлж байдаг.

2. Хүүхдийнхээ насанд тохирсон, үнэн зөв мэдээлэл олго

Хүүхдийнхэээ нас, хөгжлийн онцлогт тохируулан мэдлэгийг олгох ялангуяа бага насны хүүхдүүд бэлгийн амьдралын сэдвээр аав ээжээсээ “Хүн яагаад тэгдэг вэ ингэдэг вэ” гэж их асуудаг. Яг энэ мөчийг ашиглан бид үнэн зөв мэдээлэл өгч, бий болсон ташаа ойлголтыг залруулах, итгэл үнэмшил, үнэ цэнийг тайлбарлах хэрэгтэй. Бага наснаас нь эхэлж зөв мэдээллийг олгох нь хамгийн чухал болоод байна. Хүүхэд багадаа авсан боловсролдоо үндэслээд цаашид том болоход илүү мэдээлэл авах нөхцөл бүрддэг.

3. Та өөрийнхөө хандлагыг судалж танин мэд

Та өөрийгөө хир их таньж мэднэ, төдий чинээ та энэ сэдвээр нээлттэй, өөртөө итгэлтэй ярих болно. Хүүхэддээ үнэн зөв мэдээлэл өгч бэлгийн амьдрал болон сексийн талаар ямар хандлагатай байгаа, юуг яаж үнэлж хайрлаж байгаагаа ойлгуулах нь бидний хариуцлага юм. Хэрвээ та энэ сэдвээр яриа өрнүүлэхэд тааламжтай биш ямар нэг өөр мэдрэмжтэй байвал өөрийгөө боловсруул, ном унш, итгэсэн найз нөхөд мэргэжлийн хүмүүстэй ярилцаж өөрийн мэдрэмжийн талаар санал солилцох нь зөв юм.

4. Санаачлага гарга

Аливаа нэг тулгамдсан асуудлаар хүүхэд юу ч ярихгүй байгаа нь энэ талаар сонирхоогүй, сонсоогүй гэсэн үг биш. Жишээ нь бэлгийн амьдралын талаар юм ярихаар бол ширээний ард биш энэ талаархи үзсэн кино, ТВ-ийн нэвтрүүлгийн дараа “Чи энэ нэвтрүүлгийн талаар юу бодож байна” гэж өдөөж санаачлага гарган дотно яриа өрнүүлж  эхлэх нь хамгийн зөв алхам юм.

5. Ямар нэг сэдвээр өгсөн мэдээллээ дахин шалгаж ярилц

Аливаа мэдээллийг өгөөд хүүхдээсээ зөв ойлгосон эсэхийг нь тодруулж асууж ярилцах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд буруу ташаа ойлголтыг засах мөн мэдэхгүй байсан мэдээллийг илрүүлж мэдэж авах сайн талтай байдаг. Ялангуяа бага насны хүүхэд нэг асууснаа дахин дахин асуух явдал байдаг. Энэ тохиолдолд төвөгшөөж уцаарлахгүй байхыг хичээгээрэй. Бага насны хүүхдүүд насандаа тохирсон бидний адил бэлгийн амьдралын талаар сонирхдог гэдгийг тэдний тоглож байгаа тоглоомноос харж болно. Хүүхэд аав ээжтэйгээ бэлгийн амьдралын сэдвээр ярилцахыг хүсдэг боловч бидний хүүхэдтэйгээ хэрхэн нээлттэй байдлаас хамаарч асуултаа асууж ярилцдаг. Жишээ нь бэлгийн амьдралын талаар өөрийн чинь мэдэхгүй зүйлийг асууж болно. Энэ үед “Би мэдэхгүй ээ, ер нь чамд энэ ямар хамаатай юм” гэж хариулахын оронд “ээж нь /аав нь/ сайн мэдэхгүй байна, лавлаж уншиж мэдэж байгаад хэлж өгье” гээд заасан хугацаанд заавал хариултыг хэлж өгөхөө бүү мартаарай.

Та өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

Хүүхдийнхээ давуу сайн талыг мэдэрч,  дэмжин магтаж бай.

Тэдний өдрөөс өдөрт бие дааж байгааг хүлээн зөвшөөрч бие даах боломжийг олгож байх.

Хүүхдийнхээ маш сайн сонсогч нь бай.

Тэдний итгэлтэй дотны найз нь мэт байдлаар харилцаж байхыг эрмэлз.

Хүүхдээ аль болох загнахгүй ярилцаж, тухайн зүйлийн учир шалтгааныг өөрөөр нь тайлбарлуулах боломж олгохыг хичээ.

Итгэж ярьсан нууж болох нууц–ыг нь чанд хадгал.

Хүүхдийнхээ сэтгэлзүйн хэрэгцээг мэдэрч дотоод сэтгэл рүү нь харж байхыг эрмэлз.

Өөрийнхөө хувийн бодлыг хэзээ ч бүү тулга, өөрөө шийдвэр гаргахад нь тусал.

Эрүүл зан үйлийг төлөвшүүлэн дэмжиж бай.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.